Шадар сайд У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Польш Улсын Элчин сайд Михайль Лабэндатаг хүлээн авч уулзлаа. Хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа сүүлийн жилүүдэд эрчимтэй хөгжиж байгаад сэтгэл хангалуун байгаагаа Шадар сайд илэрхийллээ.
Засгийн газар хоорондын эдийн засгийн хамтын ажиллагааны комисс харилцааг улам өргөжүүлэн хөгжүүлэхэд чухал үүрэгтэй гээд Польш Улс ойрын хугацаанд Улаанбаатар хотноо Элчин сайдын яамаа нээнэ гэдэгт найдаж байна гэлээ.
Талууд нүүрс, зэсийн олборлолт, боловсруулалтын туршлагатай Польштой хамтрах, онцгой байдлын албан хаагчдын эрэн хайх, аврах хамтарсан дадлага, сургууль хийх, мэргэжил дээшлүүлэх сургалтад хамруулах, нийгмийн хамгаалал, боловсролын салбарт хамтран ажиллах талаар санал солилцлоо гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.