Улсын Их Хурлын дарга Миеэгомбын Энхболд өнөөдөр /2016.10.03/ Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Т.Шимизүг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын эхэнд ноён Элчин сайд Т.Шимизү Улсын Их Хурлын даргыг цаг гарган хүлээн авч уулзаж байгаад талархал илэрхийлээд Улсын Их Хурлын сонгуульд ялалт байгуулж, парламентын тэргүүнээр сонгогдсонд нь баяр хүргэв. Тэрбээр Улсын Их Хурлын даргыг хоёр орны парламент хоорондын хамтын ажиллагааг улам хөгжүүлэхэд анхаарч ажиллана гэдэгт найдаж байгаагаа дурдаад зарим асуудлын талаар санал солилцохоор ирснээ уламжлав.
Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Т.Шимизү, “Миний бие Монгол Улсад Элчин сайдаар 5 жил ажиллаж байна. Өнгөрсөн хугацаанд хоёр орны хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө багагүй ажлыг хийсэн гэж бодож байна. Тухайлбал, Хөшигийн хөндийн Олон Улсын нисэх онгоцны буудал, Анагаахын шинжлэх ухааны их сургуулийн харьяа эмнэлгийн барилга, 1000 инженерийг Япон Улсад сургах зэрэг олон төсөл хөтөлбөр амжилттай хэрэгжиж байгааг хэлэхэд таатай байна” хэмээгээд хоёр улсын стратегийн түншлэлийг 2017-2021 онд хөгжүүлэх дунд хугацааны хөтөлбөр болон ирэх онд тохиох хоёр орны дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ойн хүрээнд хийж, хэрэгжүүлэх ажлын талаар санал солилцов.
Улсын Их Хурлын дарга М.Энхболд ноён Элчид сайд Т.Шимизүтэй уулзсандаа баяртай байгаагаа илэрхийлээд Монгол, Японы харилцаа Стратегийн түншлэлийн зарчимд тулгуурлан эрчимтэй хөгжиж, хамтын ажиллагаа улам гүнзгийрч, итгэлцэл бэхжиж, хоёр талын төдийгүй бүс нутаг, олон улсын тавцанд идэвхтэй хамтран ажиллаж байгаад сэтгэл ханамжтай байдгаа онцлов. Мөн хоёр орны харилцааг хөгжүүлэхэд Элчин сайд нарын үүрэг оролцоо хамгийн чухал болохыг хэлсэн үгэндээ тэмдэглэсэн юм.
Улсын Их Хурлын дарга М.Энхболд, “Монгол, Японы харилцаа эрчимтэй хөгжиж байна. Хоёр улсын хооронд өндөр дээд хэмжээний харилцан айлчлал тогтмолжиж байна. Япон Улсын Ерөнхий сайд Ш.Абэ манай улсад өнгөрөгч 7 дугаар сард айлчилсан. 09 дүгээр сарын 27-28-ны өрүүдэд манай Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил Япон Улсад айлчиллаа. Удахгүй Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Япон Улсад айлчилна. Монгол Улсын Засгийн газрын тэргүүн гадаад улс оронд хийх анхны айлчлалаа Япон Улсаас эхлэхээр шийдвэрлэсэн нь Монгол Улс, Япон Улстай харилцах асуудалд өндөр ач холбогдол өгч байгаагийн илрэл юм” гээд Монгол, Японы Стратегийн түншлэлийг 2017-2021 онд хөгжүүлэх дараагийн Дунд хугацааны хөтөлбөрийг хоёр тал тохирч байгуулах асуудалд Улсын Их Хурал анхаарал тавьж, бүхий л талаар дэмжиж ажиллана гэв.
Уулзалтын үеэр талууд Монгол Улсын Засгийн газар, Олон Улсын Валютын Сангийн хамтын ажиллагаа, “Дулааны цахилгаан станц 5” төслийн талаар болон цаг үеийн бусад асуудлаар ярилцаж, санал солилцлоо гэж Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.