Б.Амарсайхан: Би дүрдээ үнэн амьдаръя л гэж боддог

527-1476250755img_98141

Жүжигчин Балжиннямын Амарсайхан бол монголын шинэ цагийн кино урлагт кино жүжигчний хувиар дагнан замнаж амжилтад хүрсэн цөөн хүний нэг. Нетфликсийн “Марко Поло” цувралын 12 гол дүрд нийт 1500 гаруй жүжигчин өрсөлдсөн дүрийн сонгон шалгаруултанд хувиараа оролцон тэнцэж монгол жүжигчин Холливуд руу гарах анхны шанг татсан, “Азийн олон улсын кино наадам”-ын хүндэт таван гишүүний нэгээр сонгогдсон гээд Б.Амарсайханы бүтээсэн дүрээс гадна хувь хүний  өрнүүн замналыг нь илтгэх баримт олон.

Киноны энгийн үзэгч надад Б.Амарсайханы ярианаас кинонд хайртай чин сэтгэл нь мэдрэгдэж, “Би Дөлгөөн Дон романд дуртай” гэх хариултаас нь Григорий Мелеховын гүжир, зоримог, эрч хүчтэй зан түүнээс харагдах шиг болж байв.

Хувь жүжигчний карьераараас илүү монголын кино урлагийн нөхцөл байдлыг сайжруулахад хувь нэмэр оруулах гэсэн түүний зорилго, “би”-гээсээ хальсан давхар ачааг сэтгэлдээ тээж явааг нь сонсож суухад, Б.Амарсайхан шиг хүмүүс ажиллаж буй болохоор монголын кино урлаг хэдий жижиг зах зээлтэй, тоочих шалтаг олон боловч хэчнээн том болох нь мэдрэгдэж, ирээдүйд нь итгэх итгэл улам бүр гүн бат болсныг нуух юун.

“…Киноныхоо юунд ч хамаагүй тоглуулаач гэж Бадрууган гуайгаас хадаг бариад гуйя гэж бодож явлаа…”

-Та одоо үеийг бодвол нийгмийн байдал илүү ороо бусгаа 1990-ээд оны сүүлээр СУИС-ийн жүжигчний ангийг төгсөөд амьдралд хөл тавьж байсан. Тэр үед кино урлагаар замнах хүсэл сонирхолтой шинэхэн төгсөгчдийг ямар нөхцөл байдал угтаж байсан бол? Мөн таны анхны уран бүтээлийн талаар ярилцлагаа эхлэе.

-1999 онд намайг СУИС төгсөж байхад монголын телевиз, кино, театр, драмын урлаг, хошин шогийн продакшны хувьд шинэ нийгэмд дөнгөж л хөлөө олж ядаж байсан цоо шинэ үе байсан. Одоотой харьцуулвал ганц хоёрхон телевиз, кино театртай, хошин урлагийн продашкн ч хоёр гурваас хэтрэхгүй байсан үе. Тиймээс манай сургуулийг төгссөн залуусын мөрөөдлийн ажлын байр нь драмын театрын жүжигчин болох, өөр нэг боломж нь телевизэд диктер хийх. Ялангуяа манай багшийн ангийг төгссөн оюутнууд телевизэд их орж ажилладаг, манай ангиас л гэхэд Баярхүү, Болорчимэг, Гантигмаа, Жаргалсайхан гээд телевизээс ажлын гараагаа эхэлсэн нь олон, Эрдэнэбилэг, Болд-Эрдэнэ, Ялалт гээд драмын театрт орсон нь ч цөөнгүй. Миний хувьд сөөнгө хоолойноосоо болж багш нартаа гологддог, “Чи жүжигчин болохгүй, ийм сөөнгө хоолойтой жүжигчин гэж байхгүй” гэж хэлүүлдэг байлаа. Сугар багш маань харин намайг анхнаасаа сайхнаар хүлээж авч жүжигчин болгосон хүн. Надад хатуу үг хэлж байсан багш нарын хувьд бүтэхгүй юманд цаг хугацаагаа дэмий бүү үрээсэй гэсэндээ анхааруулж байсан хэрэг. Жүжигчин болно гэсэн гал халуун хүслээр тэмүүлж байсан залуу хүүхдэд тийм үг, хандлага урам, хүсэл зоригийг нь мохоож хортой туссан тал бий. Тухайн үед Баатар найруулагч намайг драмын театрт ор гэж байхад, өөрийнхөө хоолойноос санаа зовж, драмд очвол мулуулж, адлуулна гэж бодохдоо тийшээ зүглээгүй. Цээжинд агуу хүсэл мөрөөдөл оволзож байвч нөгөө талаар өөрийгөө дефекттэй гэж дотуур шаналдаг тийм хүүхэд сургуулиа төгсөөд юу хийх вэ, яах вэ гэж их бодсон. Тухайн үед Бадрууганаас өөр кино найруулагч төдийлөн сайн мэдэхгүй болохоор намайг киноныхоо юунд ч хамаагүй тоглуулаач гэж Бадрууган гуайгаас хадаг бариад гуйя гэж бодож явлаа. Гэтэл азаар дөрөвдүгээр курст байхад Бадрууган гуай манай сургууль дээр ирж проб авахад нь сургуулийнхаа эрэгтэй хүүхдүүдээс ганцаараа тэнцэж, “Уулын хөх сүүдэр” кинонд тоглох боломж гарч, оюутан байхдаа анхныхаа дүрийг бүтээсэн дээ.

-Таны үе тэнгийн уран бүтээлчдийн ихэнх нь мэргэжлийн карьераараа драмын жүжигчнээс эхэлсэн, ингэхийг ч илүүд үздэг хандлага ажиглагддаг. Та бол зөвхөн кино жүжигчний карьераараа дагнаж амжилтанд хүрсэн цөөн хүний нэг. Энэ зам хэр бэрхшээлтэй байв?

Драмын жүжигчин бол улсын төсвөөр санхүүждэг том байгууллагын тогтолцоонд орж өмнөх үеийн ахмад, мундаг жүжигчидтэй нэг дор ажиллаад, суралцаад ирэхээр давуу тал олонтой, телевизэд орж ажиллахад орой бүр айлын хойморт гарч, яваандаа олны танил болдог, хошин урлагийн продакшнд бол үзэгчдийн эрэлт ихтэй салбарын том маркетинг ажиллана, хүссэн хүсээгүй олонд танигдаж, бие даах чадвартай болоод гараад ирнэ.

-Тухайн ондоо “Уулын хөх сүүдэр” кинонд хамт ажилласан залуучууд хамтран нэг баг болж “Тавилан” киног хийсэн юм. Одоо СУИС-д багшилж байгаа Л.Энхбаяр ахын “Тавилан” кинонд мөн дүрийн сонгон шалгаруулалтаар тэнцээд гол дүр бүтээх болсон нь намайг кино урлаг рүү эрчимтэй дүрж, хөтөлсөн эхлэл болсон. Гэвч тэр үед зөвхөн киногоор амьдрах боломж байгаагүй болохоор тэгсгээд 2002 онд Ирланд явж гурван жил ажиллаж байгаад ирсэн. Ирээд реклам, сурталчилгаа, маркетинг, PR-ийн чиглэлээр компани байгуулж ажилласан. Тэр нь миний үндсэн, кино жүжигчин нь туслах чанартай ажил байгаад гурав, дөрвөн жилийн өмнөөс л кино продюсер, жүжигчин гээд киногоороо дагнаж амьдарч байна. Ямар нэг байгууллага, продакшнд харьяалагддаггүй чөлөөт уран бүтээлч, жүжигчин байна гэдэг манай нөхцөлд харьцангуй ярвигтай. Драмын жүжигчин бол улсын төсвөөр санхүүждэг том байгууллагын тогтолцоонд орж өмнөх үеийн ахмад, мундаг жүжигчидтэй нэг дор ажиллаад, суралцаад ирэхээр давуу тал олонтой, телевизэд орж ажиллахад орой бүр айлын хойморт гарч, яваандаа олны танил болдог, хошин урлагийн продакшнд бол үзэгчдийн эрэлт ихтэй салбарын том маркетинг ажиллана, хүссэн хүсээгүй олонд танигдаж, бие даах чадвартай болоод гараад ирнэ. Киноны жүжигчин бол бүхнийг өөрийн хүчээр хийж, карьераараа улаан гараараа барьж босгохоос өөр аргагүй. Одоо манай кино урлаг харьцангуй сэргэж гурван сая хүнтэй жижиг зах зээлтэй орон гэхэд жилд 30-40 кино гарч байна. Ийм үед кино болгонд тоглоод явбал мөнгөөр гачигдахгүй амьдрах боломж байна. Гэтэл нөгөө талаар уран бүтээлийн чанар, мэргэжлийн нэр хүнд, өөрийгөө хуурахгүй байх, өөртөө үнэнч байх, мэргэжлээсээ авах таашаал зэргээ жижиг зах зээлд хадгалж явах амар биш. Монголд үнэндээ мэргэжил бүхэн л ийм байгаа, бүгд ямар нэг нөхцөл байдлыг даван туулж байж л хийж бүтээж байгаа, тэгэхээр би хүнд хэцүү зам туулж байна гэж хэлэхгүй, үүнийг жүжигчин хүн туулаад л гарах ёстой. Гэхдээ хэцүү бэрх нөхцөл байдал түргэн сайжирч, аль болох хөгжиж дэвжих тусмаа л кино гэдэг том зах зээл, урлаг учраас ямар олон хүн ажилтай болох вэ, ямар олон боломж нээгдэх вэ, ямар хэмжээгээр улс орон маань сурталчлагдан танигдах билээ гэж боддогддог юм.

-1990-ээд оноос хойш Монголын кино урлагт сэргэлт авчирсан, түүчээ болсон бүтээлүүд хэд хэд бий. Тэднээс “Боолын гэрээ”, “Бодлын хулгайч”, “Үргээлэг” гээд цөөнгүй кинонд нь та гол дүр бүтээж, оролцож ажилласан байна. Эдгээр бүтээлүүдийн бусад киноноос ялгарч амжилттай болсон шалтгаан юу байсан бол?

-Би юуны өмнө энэ бүтээлүүд дээр ажилласан С.Батболд, Ж.Сэнгэдорж гээд найруулагчдыг магтмаар байна. Кино явж явж эцэстээ найруулагчийн л ажил болдог. Найруулагчийн тавьж байгаа сцен, зураглаачийн камерныхаа лүүкээр харсныг л үзэгчид үздэг. Тэр чөлөөнд жүжигчин хүн өөрийн хийхийг хийж үүргээ гүйцэтгэх учиртай.

Энэ кинонууд ахиц гаргасан гэж үзвэл тэр нь техникийн ахиц дэвшил огт биш. Кино нэг талаас техникийн урлаг. Гэхдээ манай өнөөгийн кино урлагийн байдлыг харахад техникийн хоцрогдол асуудал биш. “Боолын гэрээ”-нээс өмнө мундаг камераар хийсэн кино цөөнгүй байсан, гэтэл Отгонзориг гэж зураглаач тэр киног Sony PD 190 камераар авсан. Бид монголынхоо кино урлагт ертөнцийг үзэх үзэл, агуулга, санаа гээд тархин доторхоо сайтар олборлож байж л дэвшлийг авчирна, түүнээс олон хүний ярьдагчлан камерын үзүүлэлт, техник технологид гол асуудал байгаа юм биш.

“Авьяасыг би мэдрэмж гэж боддог”

Б.Амарсайхан: Би дүрдээ үнэн амьдаръя л гэж боддог

-Таны дүрээ өөриймшүүлж ажиллах арга барил юу вэ?

-Миний багш надад “Амраа чи сайн жүжиглэе гэж битгий бодож байгаарай, үнэн жүжиглэе, үнэн амьдаръя л гэж зорьж байгаарай” гэдэг байсан. Миний хувьд дүр бүтээхдээ киноны өгөгдсөн нөхцөл дотор үнэн амьдрахыг л хичээдэг.

Тайзан дээр чухам яахаа мэдэхгүй юм. Харин кино жүжигчний хувиар бол өөрийгөө бэдэрч, суралцаж яваа хүн. Зарим жүжигчид уйлъя гэсэн цагтаа уйлдаг, инээе гэсэн цагтаа инээж чаддаг техниктэй болсон байдаг, ялангуяа драмын жүжигчид нэг жүжгийг сар тоглоход өдөр болгон үнэн уйлж өдөр болгон зүрхээ өвтгөж, өдөр болгон дүрдээ үнэн амьдарна гэдэг хэцүү, тэгэхээр дадал зуршил, техник эзэмшсэн байх нь чухал. Драмын жүжигт тод, хүчтэй будалт, хувцас хэрэглэл гээд нэмэлт элементүүдээр тухайн тайзан дээр зохиомлоор жүжигчнийг хувиргах боломжтой. Кинонд бол тэгж болдоггүй, жүжигчин кинон дотор бодитой, үнэн л байхгүй бол болдоггүй. Миний хувьд дүрийнхээ мөн чанарыг сайн ойлгож, киноны өгөгдсөн нөхцөл, уур амьсгалыг хурдан мэдэрч, тэр дотор жүжиглэхгүйгээр үнэн амьдаръя л гэж боддог.

-Монголын театр, урлагийн сургуулиуд жүжигчдээ Станилавскийн арга барилын дагуу бэлтгэдэг. Станилавскийн арга барил жүжигчнийг дүр үзүүлж жүжиглэх биш тухайн дүрдээ хувирч, дүрдээ амилж амьдрахыг шаарддаг. Зарим тохиолдолд жүжигчин дүрдээ хэт автаж, дүрээсээ гарч бодит амьдралд шилжихэд бэрхшээл учрах, зарим нь дүрийнхээ сэтгэл зүйг даалгүй амиа хорлох зэрэг эмгэнэлт явдлууд гардаг гэдэг. Таны бүтээсэн дүр Амарсайхан гэдэг хувь хүнд хүчтэй нөлөөлж, эзэмдэх гээд байсан тохиолдол бий юу? Ер нь жүжигчин хүн хэцүү дүрээс өөрт ирдэг сэтгэл зүйн дарамтуудыг яаж даван туулдаг юм бол?

Жүжигчид ногоон ханан дээр тоглодог болчихсон, удаан хугацаанд үргэлжилдэг телевизийн олон ангит кинонууд ихтэй болсон үед жүжигчин үнэн байхаас илүү хурдтай ажиллах шаардлага тулгарч байна.

-Монголд төдийгүй Холливудад ч Станиславскийн системийн нэртэй төлөөлөгчид олон бий. Тухайлбал жүжигчин Ал Пачино Станиславскийн арга барилаар ажилладаг, энэ системийг Америкт авч явж, үргэлжлүүлж буй гол хүн. Станиславскийн систем Америкт хоцрогдож эхэлж байгаа гэдэг. Жүжигчид ногоон ханан дээр тоглодог болчихсон, удаан хугацаанд үргэлжилдэг телевизийн олон ангит кинонууд ихтэй болсон үед жүжигчин үнэн байхаас илүү хурдтай ажиллах шаардлага тулгарч байна. Энэ мэтээр Америкт бол Станиславскийн арга барил учир дутагдалтай болж байгаа ч Ал Пачино гэж хүн энэ системийг авч явах гэж хичээж байгаа юм билээ. Ноднин намайг Америкт явж байхад дэлхийн 25 орноос 25 жүжигчин сонгоод жүжигчин Ал Пачино Станисклавскийн системийн ямар арга барилаар тоглож, яаж ажилладаг талаар баримтат кино хийгдэхэд нэг жүжигчнээр нь би сонгогдож орсон юм. Ал Пачино Станиславскийн арга барилын талаарх лекцийнхээ удирдамжид яг энэ тухай ярьсан байдаг. Уг арга барилын нэг сул талын талаар та асуулаа л даа, жүжигчин хүн тухайлбал мэдрэлийн согогтой ч юм уу ужиг өвчтэй ч юм уу хүнд дүрд тоглолоо гэхэд сэтгэл зүйн хувьд өнөөх дүрийнхээ нөлөөнөөс гарч чадахгүй бол, улмаар тэр нь жүжигчинд сөргөөр нөлөөлбөл яах вэ гэсэн асуудал. Монголын нэг жүжигчин астаматай хүний дүрд тоглоод тийм өвчингүй байсан хэр нь астамаар өнгөрсөн гэдэг яриа байдаг. Надад бас дүрийнхээ дарамтнаас гарч чадахгүй тохиолдол гарч байсан. “Бодлын хулгайч” кинонд эхлээд шоронтой хэсгийн зураг авалт явчихаад дараа нь хөнгөн хэсгээ авах гэсэн ерөөсөө болж өгөөгүй. Найруулагч намайг зориуд долоо хоног амралтанд явуулж амрааж, мартуулж байгаад дараагийн зураг авалтанд оруулж байсан. Миний хувьд тийм дарамт, ачааллыг авах, дүрийнхээ нөлөөнөөс гарч чадахгүй байгаа нь, дүрдээ тэгтэл автаж, үнэн байснаа мэдрэх нэг бодлын сайхан байдаг. Мотор явмагц киноныхоо хэсэгт орж, дүрдээ амьдраад амьдраад л бүх юм дууссаны дараа дүрийн маань мэдрэмж дотроос бүрэн арилаагүй, яг биеэс уур гарч байгаа юм шиг бага багаар зугуухан савсан гадагшилж байгаа нь мэдрэгддэг. Энэ л миний мэргэжил, хийх ёстой зүйл, энийг л мэдэрч чадахгүй бол жүжигчний мэргэжлийг эзэмшээд яах юм. Тамирчид ч ялгаагүй хамар, амаа хугалуулж, бэртэж гэмтсэн ч зүтгэсээр л байдагтай адил. Бидний дурлаж, тэмүүлж эзэмшсэн мэргэжлийн маань золиос гэх юм уу даа. Дүр бүтээхэд ийм золиос, ийм мэдрэмж байхгүй хөндий хоосон болчихвол надад маш харамсалтай байна. Авьяасыг би мэдрэмж гэж боддог. Аливаад мэдрэмтгий байх. Хүмүүс намайг заримдаа хөнгөн, түргэн зантай гэдэг. Гэхдээ би өөрөөсөө өөр байж, буурьтай ч юм уу болж өөрчлөгдөхийг хүсдэггүй. Дүр бүтээнэ, жүжиглэнэ гэдэг бусдад хувирч буй үйл явц юм шиг боловч өөрөөрөө хуурмаггүй үнэн байдаг хүн л өөр хүний дүрийг үнэн бүтээдэг юм. Тэгэхээр үнэн байна, өөрийнхөөрөө байна, мэдрэмжээ танадаж, ажиглаж байна гэдэг нийгэмд биеэ авч явах аяг төрх, бусдад ямар харагдахаас хавьгүй илүү зүйл.

“…Бидэнд өөр илүү том боломж, бүр илүү таатай үе ирэхгүй ч байж магад…”

Б.Амарсайхан: Би дүрдээ үнэн амьдаръя л гэж боддог

Мотор явмагц киноныхоо хэсэгт орж, дүрдээ амьдраад амьдраад л бүх юм дууссаны дараа дүрийн маань мэдрэмж дотроос бүрэн арилаагүй, яг биеэс уур гарч байгаа юм шиг бага багаар зугуухан савсан гадагшилж байгаа нь мэдрэгддэг.

-Хүн ам цөөтэй, жижиг зах зээлийн зовлон аль ч салбарт байдаг шиг санагддаг. Орчуулгын салбарт л гэхэд яг адилхан орчуулагчийн хөдөлмөр гаргаж буй мөртлөө 3 сая хэрэглэгчидтэй монгол хэл рүү бүтээл орчуулах, дэлхий нийтийн хамгийн түгээмэл хэл болсон англи хэл рүү орчуулах хоёрт уншигчдийн хүртээмж, орчуулагчийн олж буй ашгийн хувьд тэнгэр газар шиг ялгаатай. Кино гэх мэргэшсэн баг, санхүүгээс нэлээд хувь нь шалтгаалдаг хамтын, нийлмэл урлагт энэ асуудал бүр хүнд тусдаг байх. Тэгэхээр манайх шиг ийм жижиг зах зээлийн хувьд кино урлаг ямар байдлаар хөгжвөл бидэнд ашигтай вэ, дотор нь ид ажиллаж буйн хувьд танд юу гэж боддогддог вэ?

Өнөөгийн манай кино урлагийг социализмын үетэй харьцуулж, монголын кино урлаг сайн байснаа муудсан гэж их ярьдаг. Манайд 1935 оноос хойш 1990 он хүртэл 260 гаруй кино хийгдсэн байдаг, тэгэхээр энэ 260 киноноос одоо хүртэл бид үсрээд 30-ыг нь л үзэж байгаа. Бусад нь хаачсан бэ?  Төр бүхий л санхүүжилтийг гаргаж, бодлоготойгоор боловсон хүчнээ сургаж байсан цаг үед тийм олон киноноос хүний сэтгэлд үлдэх цөөхөн л бүтээл үлдсэн байна. Гэтэл нийгмийн шилжилтээр монголын кино урлагт бүрэлдэж байсан тогтолцоо бүхэлдээ нурж, залгамж халаа, уламжлал ч таслагдаж алга болсон. Ардчилсан нийгэмд шилжсэнээс хойш Монголд киноноос бусад урлагийн ихэнх томоохон салбарыг төр институцийн хувьд өөрийн санхүүжилтээр авч яваа. Хүүхдийн театр, драм, дуурь бүжгийн театр, морин хуурын чуулгыг бидний төлсөн татварын мөнгөөр санхүүжүүлж дэмждэг хэрнээ кино урлагийг бол хөсөр хаясан. Тийм байхад монголын киночид бор зүрхээрээ зүтгэсээр, зарим нь кино хийнэ гэж байраа барьцаанд тавьж, зарим нь шатаж, шоронд орж, элдэв болж байсан ч монголын киноны амь голыг тасалчихалгүй авч явсаар, кинонуудаа хийсээр, тэр хооронд манайд хүч түрж орж ирсэн холливудын кинонуудтай зах зээлээ хувааж өрсөлдсөөр, одоо жилд 30-40 кино гардаг болтлоо сэргэж, өндийсөн байна. Өдий болтол өөрийн хүчээр боссон монголын кино урлагийг төр яг энэ сэргэлтийнх нь үед ядаж оюуны өмчийн хамгаалалтыг боловсронгуй болгож, “Киноны тухай хууль” гаргаж, бодлого зохицуулалтыг нь тодорхой болгож дэмжмээр байна. Сергей Бодровын “Монгол”, “Марко Поло” цуврал, сүүлд Чаки Чаны кино гээд дэлхий бид нарыг ид сонирхож, манай үүх түүх, соёлоор кино хийгээд байгаа энэ үед бид бушуухан л эрх зүйн орчноо бүрдүүлээд, киноны том компаниудыг урьж оруулж ирээд хамтарсан студи байгуулж, гадныхантай хамтарч хүний мориор газар дөхөөд авбал бидэнд л ашигтай байна.

“Марко Поло”-гийн эхний бүлгийн зураг авалтыг Казакстанд хийж, тэдний зах зээлд 26 сая доллар оруулсан. Би продюсеруудаас яагаад манай Монголд хийж болохгүй байгаа юм бэ гэж асууж байсан. Манай эрх зүйн зохицуулалт тодорхойгүй, дээрээс нь татварын буцаалт байхгүй байна. Дэлхийн ихэнх улс оронд гадны баг тухайн зэх зээлд зураг авч кино хийвэл оруулсан хөрөнгийнх нь 40 орчим хувийг буцааж олгодог. Дотооддоо ч ялгаагүй, кинонд хөрөнгө оруулж дэмжсэн компаниудын татварын тодорхой хувиас чөлөөлдөг ч юм уу тийм бодлого, дэмжлэгийг төрөөс одоо л өгөх хэрэгтэй байна. Киноны салбар улс орны аялал жуулчлал, эдийн засагт ч нөлөөлөхүйц том бизнес, далайцтай урлаг. Шинэ-Зеландчууд өөрийн үндэстний брендээ байгалийн аялал жуулчлал гэж тодорхойлоод, Питер Жексоныг урьж “Бөгжний эзэн” киноных нь зургийг өөрийн гайхамшигт байгалдаа авхуулсан байдаг. “Бөгжний эзэн” цуврал дэлхийг бараг зургаан жил байлдан дагуулсны дараа тэр орныг зорих жуулчид яаж нэмэгдсэн нь ойлгомжтой. Кино бол нэгэнт хийгээд авчихсан байхад тээврийн зардал гэж байдаггүй, хил хязгааргүй урлаг, тэр хэрээр урлагийн бусад төрөлтэй харьцуулахад дэлхийд улс орон, соёл, ахуйгаа маш далайцтайгаар сурталчлан таниулах боломжтой. Тэгэхээр кино урлагаа төрөөс дэмжих нь дан ганц манай кино урлагт бус улс оронд маань ашигтай.

-Таны бүтээж байсан дүрүүдээс тантай хувь хүнтэй хамгийн төстэй болон төсгүй дүр юу вэ?

Хүн өөрөөсөө өөр дүр бүтээнэ гэж бараг байдаггүй. Театрын тайзан дээр бол хүн өөрөөсөө өөр царайтай, бүр өөр дуу хоолойтой ч дүр бүтээж болдог. Ал Пачино бидэнтэй адил Станиславскийн арга барилаар ажилладаг жүжигчин болохоор би түүний тоглолтуудыг зориуд нарийн анзаарч үздэг юм. Кинонууд дээр Ал Пачино ер нь Ал Пачино хэвээрээ л байдаг, гагцхүү тухайн өгөгдсөн нөхцөлдөө амьдарч буй уран чадвар нь л өөр өөр байдаг. Тэгэхээр цаг хугацаа, орон зай, өгөгдсөн нөхцөл өөрчлөгдөж байж жүжигчин дагаж хувьсдаг. Жүжигчний хувьд энэ өгөгдсөн нөхцөлийг кино зохиол бий болгодог, тэгэхээр зохиолоос их зүйл хамаараад байгаа юм. Зохиол сайн байвал жүжигчний уран чадварыг шавхдаг, мөлжүүртэй байдаг. Өгөгдсөн нөхцөл сул, тодорхойгүй, дулихан зохиолд жүжигчин өөрөөрөө л тоглоно. Архичны дүрд гурав тоглолоо гэхэд хоёр өөр архичны дүр гаргана, гурав дахь дээр нь өөрөө яаж архи уудгаараа л тоглоно. Уухаараа нэг их дуулдаг хүн байдаг ч гэдэг юм уу дүрд чимэг болох ганц хоёр үйлдэл л нэмэгдэх байх. “Бодлын хулгайч”-аас хойш надад 12 киноны санал ирж байсан, кино зохиолыг ухаад юм гарч ирэхгүй, дүрийн хувьд ажиллах юмаар хомс болохоор тэр болгонд татгалзаж байсан.

-Тэгвэл сайн зохиолтой триллер киноны алуурчны дүрд тоглуулъя гэвэл тийм эрс шилжилтүүдийг та хүлээж авах уу?

-Авалгүй яах вэ. Би тийм л юм хүлээж байна. Сайн комеди кинонд ч тогломоор байна. Марко Пологийн “Хубилай” хаанд тоглодог Бенни бид хоёр киноны үеэр ах дүү шиг л дотно найзууд боллоо, Бенни комеди жүжигчин юм билээ. Нэг удаа Бенни “Амраа хоёулаа комеди кино хийе” гэж байсан, би ч “миний тоглодог дүрүүд ер нь нухацтай, эсвэл зодолдож, нүдэлдсэн адал явдалтай байдаг” гэсэн нөгөөх чинь “Үгүй ээ, чиний яс чинь комеди” гэж байсан. Би найз нөхдийнхөө дунд чөлөөтэй байхдаа хамгийн их марзганадаг, инээж хөхөрдөг, онигоо ярьдаг, найз нөхдөө хөгжөөж байдаг болохоор тэгсэн байж магад.

Би гонсойдог. Энэ хэмжээгээрээ би Америкт байсан бол хэн байх байсан бол, ямар байх байсан бол гэж боддог. Мөн ялгаагүй өнөөдөр манайд шинжлэх ухааны нээлт хийсэн энэ олон эрдэмтэд өндөр хөгжилтэй өөр оронд байсан бол яах байсан бол гэж боддог.

-Том зах зээл дээр жүжигчид олон төрөл жанрын уран бүтээл дээр ажиллаж өөрийгөө сорих, хөгжүүлэх талбар өргөн. Манайд ийм боломж хумигдмал байдагт та гонсойдог уу?

-Би гонсойдог. Энэ хэмжээгээрээ би Америкт байсан бол хэн байх байсан бол, ямар байх байсан бол гэж боддог. Мөн ялгаагүй өнөөдөр манайд шинжлэх ухааны нээлт хийсэн энэ олон эрдэмтэд өндөр хөгжилтэй өөр оронд байсан бол яах байсан бол гэж боддог. Гэхдээ өнөөдрийн байдлаар манай хүн ам энэ газар шороон дээр хэзээ ч байгаагүй их тоонд хүрч байна, гурван сая. Олон асуудал байгаа ч хувь хүнд хөгжих боломж харьцангуй нээлттэй ардчилсан нийгэмтэй байна. Шинэ залуу үе түрж гарч ирж байна, монголын кино урлаг ардчилсан нийгэмд шилжснээс хойш одоо хамгийн оргил сэргэлт дээрээ ирж, дэлхийн кино урлагийн чиг хандлага, хөгжлийн гольдрил руу орж байна, мөн бидэнд газар доорх баялгаас ч илүү үнэт зүйл байж мэдэх баялаг үүх түүх байна, өвөрмөц ахуй соёл байна, тэгэхээр нөхцөл байдлаа голж гонсойж байснаас байгаа боломжоо ухаалаг ашиглах хэрэгтэй, үгүй бол бидэнд өөр илүү том боломж, бүр илүү таатай үе ирэхгүй ч байж магад.

“…Үзэгчдээ дагаж биш дагуулж уран бүтээл туурвих хэрэгцээ байгаа”

Б.Амарсайхан: Би дүрдээ үнэн амьдаръя л гэж боддог

-Жүжигчин хүн “од” болж, нэр хүндтэй болохоор өөртөө хэт эрдэж, бүтээж буй дүрдээ муугаар нөлөөлөх явдал байдаг уу? Нэг найруулагч жүжигчин Клинт Иствүүдийн хөдөлгөөн бүрээс “би од” гэсэн аяглал мэдрэгддэг гэсэн байсан. Эсвэл нэр хүндтэй болох тусмаа илүү хүнд хариуцлага мэдэрч уран бүтээлдээ улам чармайдаг уу? Таны хувьд энэ тэнцвэрийг яаж олдог вэ?

Манайд “Од” гэдэг ойлголт дэлхийд хэрэглэгддэг утгаараа бол байхгүй. Жүжигчний хувьд би энэ салбарт зүтгэж байгаа бусад уран бүтээлчидтэй л адил. Мэргэжлийнхээ хувьд цор ганц унтаршгүй хүсэл байдаг нь урьд хийснээ давж хийхийг л хүсдэг. Би цэнгээнт нэвтрүүлэгт ордоггүй, бүтээгдэхүүн үйлчилгээний сурталчилгаанд тоглодоггүй нь хүмүүс намайг нэг бол кино дэлгэцнээс бүтээсэн дүрээр минь хараасай, үгүй бол амьдралд байгаагаар минь, гэр бүл, найз нөхөд дунд маань, тэдэндээ яаж ханддагийг, нийгэмд яаж ханддагийг маань элдэв хачиргүй үнэнээр нь хараасай л гэж хүсдэгийнх. Өөртөө эрдэх байдлыг уран бүтээл дээрээ л гаргахыг хүсдэг, энийг би тултал нь хийнэ, энийг чадахгүй бол би хэний хүү болох бол ч гэдэг юм уу өөрийгөө хурцлах явдал бол байна.

Би цэнгээнт нэвтрүүлэгт ордоггүй, бүтээгдэхүүн үйлчилгээний сурталчилгаанд тоглодоггүй нь хүмүүс намайг нэг бол кино дэлгэцнээс бүтээсэн дүрээр минь хараасай, үгүй бол амьдралд байгаагаар минь, гэр бүл, найз нөхөд дунд маань, тэдэндээ яаж ханддагийг, нийгэмд яаж ханддагийг маань элдэв хачиргүй үнэнээр нь хараасай л гэж хүсдэгийнх.

-Гадаад уран бүтээлчидтэй хамтран ажиллаж байхад жүжигчний хувиар дэлхийн бусад орны жүжигчдээс бид үүгээрээ дутуу байна, эсвэл илүү байна гэсэн зүйл анзаарагдсан уу?

-Ямар ч орны бай хувь уран бүтээлчийн тухайн нөхцөлд хэрхэн ажиллаж, өөрийгөө дайчилж, ялан дийлэх чадвараас их зүйл хамаарна. “Марко Поло” цувралд ажиллаж байхад өөрийн унаган хэлээр биш харь хэлээр тоглоно гэдэг хэлд орж байгаа хүүхдээс ялгаагүй байгаа юм.Дүрийнхээ хэлж буй үгийн өргөлт, агуулгыг өөриймшүүлж ойлгохын тулд хамт тоглож буй дүрийнхээ текстийг ойлгох хэрэгтэй болно, дүрийн текст, агуулга, өгөгдсөн нөхцөлийг ойлгохын тулд зузаан зохиолыг бүхэлд нь орчуулж ойлгох шаардлага гарна. Энэ мэтчилэн хувь уран бүтээлчээс гаргах хүчин чармайлт их. Энэ бүхнийг болгочихсон байхад монгол уран бүтээлчид жүжигчний уран чадварын хувьд бол дутахгүй. “Марко Поло”-гийн найруулагч, зохиолч бүгдээрээ Хубилай хаан, Аригбөх ах дүү хоёр гэрт шагайгаар морь уралдуулж тоглонгоо ярилцдаг хэсэгт л чамайг яаж тоглохыг үзмээр байна гэж онцлоод байсан. Би түүнд хоёр сар бэлдсэн. Тэгээд тэр хэсгийг тоглоод дуусахад зохиолч Жон Фуско уйлчихсан байсан, найруулагч нар хүрч ирж тэвэрч баяр хүргэж байсан. Ийм мөч бол жүжигчин хүний мэргэжлээсээ авах сайхан сэтгэл ханамж.

Монголоос анх удаа олон улсын кино багт орж ажиллаж байгаа бол чамайг жүжигчин Амарсайхан байна гэж харахгүй, монгол жүжигчин л гэж харна, тэгэхээр монголоо нэр төртэй төлөөлөх гэсэн бас нэг том шалгуур тулгарна.

Түүхэн кино байлаа гэхэд бид чинь хагас нүүдэлчин улс учир нум сум харвах, морь унах гээд биеийн хүчний үйлдэлд гүжир, ачаалал даах чадвар өндөр, өлсөж даарахыг тэр бүр тоохгүй өлчир, тэсвэр хатуужилтай, илүү дутуу юм шаарддаггүй, тухайн орчноо мэдэрч хариу үйлдэл үзүүлэх ойлгоц нь хурдан гээд монгол жүжигчид давуу тал ихтэй. Мөн Монголоос анх удаа олон улсын кино багт орж ажиллаж байгаа бол чамайг жүжигчин Амарсайхан байна гэж харахгүй, монгол жүжигчин л гэж харна, тэгэхээр монголоо нэр төртэй төлөөлөх гэсэн бас нэг том шалгуур тулгарна. Алдаа гаргах юм бол Амраа алдлаа гэхгүй, монгол жүжигчин, монголчууд л ийм гэж дүгнэнэ. “Марко Поло” цувралын хувьд гол дүрүүд нь цөм монгол хүний дүрд тоглож, Монголыг харуулж байгаа болохоор кино багаараа “Монголын нэг өдөр” гэж хийдэг, тэрэн дээр өөрийнхөө соёл, заншлыг тайлбарлаж таниулахаас эхлээд зарим зүйл дээр тэдний өмнө сөхрөөд уначихгүй, өөрийнхөө соёлыг харуулж, хамгаалж байх хэрэгтэй болсон, тэр хувь нэмэр маань ч кино багт хэрэгтэй байсан байх. Ер нь улс орныг мөхөөе гэвэл хэл соёлыг нь үгүй хийхэд хангалттай гэдэг дээ. Өнөөдөр Хятадад 10 сая манж хүн байна, гэтэл манж хэл, соёл гэж байхгүй. Гэтэл Өвөрмонголчууд яаж байна, тэд монгол бичгээ, хэлээ авч үлдсэн болохоор дуу хуур, харилцаа, ахуй соёл нь ч гэсэн байна, тэр үй түмэн хятадууд дунд бүрэн уусаад алга болчихоогүй торойж үлдсэн л байна.

-Үзэгчийн хувьд дэлхийн кино урлагтай дөмөгхөн танилцаж, сайн боловсорсон үзэгчид нь монгол кинонд мөнгө төлж үзэхгүй, цаг мөнгөний гарз гэсэн “ихэрхүү” маягийн хандлагатай байдаг. Нөгөө талаар кино театруудад инээдмийн төрлийн кино хамгийн эрэлттэй байдаг нь хошин шогийг “кино дэлгэцэнд” хувиргасныг л үзэх хүсэлтэй үзэгч олон байх шиг. Үзэгчдийн энэ эрс ялгаатай хандлага, мөн монголынхоо өнөөгийн байдлыг мэдэж байж кино урлаг өндөр хөгжсөн орнуудын кинотой харьцуулж монгол киногоо голдог, эсвэл хэт хөнгөн хялбар зүйл хүлээгээд байдаг үзэгчдийн хандлага шударга бус санагддаг уу?

Нийгмийн шилжилтээр манай кино урлагийн хөгжил, уламжлал, залгамж чанар таслагдаж, хэрчигдээд дөнгөж амь голтой төдийгөөс өдий болтол сэргэж ирэх тэр эзгүй шахуу хугацаанд үзэгчид хошин шог, холливудын кино, солонгос олон ангитуудад бөмбөгдүүлчихсэн.

-Үүнд кино уран бүтээлчид бидний өөрсдийн ч буруу бий. Нийгмийн шилжилтээр манай кино урлагийн хөгжил, уламжлал, залгамж чанар таслагдаж, хэрчигдээд дөнгөж амь голтой төдийгөөс өдий болтол сэргэж ирэх тэр эзгүй шахуу хугацаанд үзэгчид хошин шог, холливудын кино, солонгос олон ангитуудад бөмбөгдүүлчихсэн. Тэгэхээр нэг талаар үзэгчдээ дагаж биш дагуулж уран бүтээл туурвих хэрэгцээ байгаа. Хүн үзэхгүй, долоо хоног болоод дэлгэцнээс бууж байгаа кино хийсэн хүмүүсийг ч би хайрладаг. Тэр хүмүүс кино хийсэн байна, кинонд зүрх сэтгэлээ өгсөн байна. Гэхдээ ашиг олох гэж кино хийж байна уу, кино хийх гэж кино хийж байна уу гэдэг өөр асуудал. Манай дуурь, балетынхан олон улсад гарч, шагнал авч үзэгчдээ дуудаж авчирсан шиг монголын кино бүтээгчид ч гэсэн монгол кино үзэхгүй гээд зай барьчихсан алдуурсан үзэгчдээ дуудаж авчрах цаг мөд ирнэ. Сүүлийн үед гэхдээ үзэгчид ч дотоодын киногоо харьцангуй сайн үздэг болж байна, кино гаргаж, түгээх сувгууд, кино театрууд ч арвижиж байгаа нь чамлах юм биш.

-Арилжааны киногоор бид хэзээ ч дэлхийд танигдаж, үнэлэгдэхгүй.  Манайх шиг жижиг зах зээлтэй орон байтугай дэлхийн бусад орнууд ч энэ тал дээр Холливуд гэсэн нүсэр тогтолцоог давж гарч чадахгүй байна. Тэгэхээр монголын кино урлагийг дэлхийд таниулах боломж бол өөрсдийн онцлог, ахуй соёлыг тусгасан арт кино гэж зарим хүмүүс үздэг. Энэ талаар таны бодол?

Бид монгол үзэгчиддээ зориулж дотоодын кино контентууд үйлдвэрлэх ёстой, дотоодын кино урлаг маань амьд халуун байж урагшилж байх учиртай, нөгөө талаар бид өөрсдийн ахуй, соёлыг сурталчилж таниулсан арт кинонууд хийж чадвал дэлхийн кино урлагт гарах боломж бий.

-Бид Америкийн жирийн нэг арилжааны кинонд орж хамтарч ажиллая, хөрөнгө оруулъя гэхэд зардал нь хамгийн багадаа 1.5 сая доллараас эхэлж байна. Манайд хамгийн өндөр төсөв буюу 1 тэрбум төгрөгийг “Үхэж үл болно, Чингис хаан” кинон дээр гаргасан. Гэтэл манайд өндрөөр үнэлэгдэж буй төсвийг Холливуд бол тоохгүй. Техникийн стандарт гэхээс илүү эдийн засаг, зах зээл, оюун санааны стандарт ярьж байгаа хүмүүс. Арилжааны киногоор өрсөлдөөд, гадны зах зээлд нэвтэрье гэхэд бидний санхүүжилт, далайц жолдоно. Харин олон улсад арт киногоор танигдах боломж байж болох юм. Арт кинонд санхүүжилтийн доод хязгаар тавьдаггүй, жижиг чулуугаар том чулуу цохиж болдог, гол нь санаа, тоглолт, мөн чанар, уран чадварыг чухалчилдаг болохоор бидэнд илүү дөхөмтэй. Мөн бидний өөрсдийн сэтгэхүй, аж байдал, ахуй соёл, монгол киночдын сурсан чиглэл, Станиславскийн систем, манай найруулагч, зураглаачдын арга барил ер нь арт талдаа илүү ойрхон. Манай тэр “Говийн зэрэглээ”, “Гарын таван хуруу”, “Мартагдсан дууль” гээд кинонуудыг үз, хүний сэтгэл, хүн хоорондын эмзэг харилцааг яаж гаргасныг, найруулагчийн тавилтуудыг хар. Бид монгол үзэгчиддээ зориулж дотоодын кино контентууд үйлдвэрлэх ёстой, дотоодын кино урлаг маань амьд халуун байж урагшилж байх учиртай, нөгөө талаар бид өөрсдийн ахуй, соёлыг сурталчилж таниулсан арт кинонууд хийж чадвал дэлхийн кино урлагт гарах боломж бий. Би энэ чиглэлээр гадны уран бүтээлчидтэй хамтраад хоёр ч кино хийх гэж бэлдэж байгаа.

“…Улс орныхоо сайн сайхны төлөө хэнээс ч айхгүй үгээ хэлнэ”

-Олон жүжигчин, урлагийнхан сонгуулийн сурталчилгаанд тоглосон боловч ганцхан таны л тухай шүдэнз зураад төр эргүүлсэн гэж шуугисан. Мөн үзэл бодлоосоо урвасан гэж шүүмжлэх хүн ч гарсан. Таны үг, үйлдэл нийгэмд нөлөөлж байгаа нь харагдаад байна. Тэгэхээр танд илтгэх, бусдад нөлөөлөх онцгой авьяас байх шиг?

-Би угаасаа ардчилалын төлөө л дуугардаг. Би аль нэг намын гишүүн биш, болох ч үгүй. Ардчилсан гэдэг үгийг намынхаа нэрэнд багтаасан нь ардчилсан нийгмийн төлөө яваад, бусад нь өөр нийгмийн төлөө яваад байгаа юм шиг ярих юм. Ардчилал бол намын биш ард түмний өмч. Хамгийн шилдэг засаглал ардчилал биш байж болно, гэхдээ хүн төрөлхтөн үүнээс илүү нийгмийг одоогоор олоогүй байна гэдэг байх аа. Өнөөдөр дэлхийн 150 гаруй орон ардчилалын замаар замнаж байна, Монгол улс мөн адил. Би ардчилсан нийгмийн иргэн хүний хувьд ардчилалын хөгжлийн төлөө ард түмнээ өмөөрч дуугарсан. Ардчилсан нам нь муу, ардын нам нь сайн гэж би огт хэлээгүй. Ардчилсан намын өнөөгийн удирдлагууд төр улсаа удирдаж чадахгүй байгааг хэлсэн. Өнгөрсөн дөрвөн жил ард түмний амьдрал ямар болсныг хүн бүхэн мэднэ. Ингээд харахад хэн нь хэлсэн амлалт, үзэл бодлоосоо урвасан байна даа. Аль ч нам улс орноо зөв удирдаад явбал би иргэн хүний хувьд ялгаагүй дэмжинэ. Үр хүүхдүүд минь үлдэх нийгэмд улс орон минь доройтоод байвал хэнээс ч айхгүй үгээ хэлнэ.

-Шүүмжлэлд хэрхэн ханддаг вэ? Хамгийн хүнд буюу оновчтой шүүмжлэлийг танд хэн өгч байсан бэ?

-Хамгийн үнэн, ончтой шүүмжлэлийг манай эхнэр, гэр бүл, найз нөхөд өгдөг. Хөндлөнгийн хүмүүсийн шүүмжлэлийг магадгүй би хор шартай хүлээж авдаг, 70 хувьд нь биеэ өмөөрдөг ч юм уу, гэхдээ дараа нь заавал зөв, бурууг нь тунгааж үздэг. Шүүмжлэлийг тусгаж хүлээж авахгүй бол би өөрөө хөгжихгүй. Өнгөрсөн 2014, 2015 он миний хувьд жүжигчний карьерарын хувьд өгөөжтэй, сайхан жилүүд байлаа, ихэнхдээ л магтаал, урамшуулал дунд өнгөрлөө. Тэглээ гээд би сагаж хөөрсөн юм алга байна, илүү сайн дүр бүтээх юм сан, илүү холыг харах юм сан гэж бодож байна. Суралцсан жилүүдээ нийлүүлж бодвол кино урлагт 20 орчим жил болсон байна. Тэгэхээр мэргэжлийнхээ хувьд үлдэж буй цаг хугацаагаа үр ашигтай өнгөрөөж, миний дараах кино уран бүтээлчдэд илүү ээлтэй, дэвшилттэй байлгах тал дээр ажилламаар байна.

-Бид өөрсдөө амьдралаа бүтээж, амьдралаас хүссэнээ авах гэж тэмүүлдэг юм шиг мөртлөө амьдрал бидэнд санаандгүй байхад эргээд гайхалтай бэлэг барьдаг юм шиг санагддаг. Таны амьдралд тохиосон хамгийн гайхалтай учрал юу вэ?

-Хүний анхдагч зорилго сайхан амьдрах байдаг байх. Хүн хүний сайхан амьдрал өөр. Миний хувьд сэтгэл амар тайван, өрнүүн бүтээмжтэй амьдрал сайхан. Хүн өөрийгөө таньж мэдээд нийгмийн эргэлтэнд орж амьдралаа авч явахын тулгуур нь мэргэжил болж таардаг. Хүний сэтгэлийг хамгийн амар тайван, тав тухтай байлгадаг зүйл нь бол гэр бүл, хүний хань. Би ажилдаа дуртай, кино хийх мөнгө олдохгүй өнөөхөө цуцалтгүй хайж явахдаа ч жаргалтай байдаг, тэрийг гэр бүл маань ойлгодог, хүүхдүүдээ хараад тайвширдаг, тэднийхээ төлөө амьдралаа зориулж, зүтгэж байгаа нь л миний сайхан амьдрал, би энэнээс илүүг хүсдэггүй.

Өнөөдөр бид хүн амынхаа тоотой харьцуулахад олон их сургуультай байна. Хүсэл мөрөөдлөө дагаж мэргэжилээ сонгохоос илүүтэй их сургуульд орох л хэрэгтэй гэсэн хандлага нийгэмд түгээмэл байна. Залуу хүн нийгмийн захиалга болж биш өөрөө өөрийнхөө захиалгаар амьдрах учиртай. Ингээд бодохоор азаар би сайхан гэр бүлд төрж, зүрх сэтгэлээ зориулах дуртай мэргэжлээ олж, хайртай хүнтэйгээ ханилаад сайхан гэр бүлтэй болсон нь л амьдралд маань тохиосон гайхамшиг юм даа.

“Чамайг энэ хорвоог орхихын цагт юутай байсныг чинь биш хэн байсныг чинь дурсана”

Б.Амарсайхан: Би дүрдээ үнэн амьдаръя л гэж боддог

“Чамайг энэ хорвоог орхихын цагт юутай байсныг чинь биш хэн байсныг чинь дурсана” гэсэн үг, бодит хүний амьдралаас ургуулан сэдэвлэж зохиолоо анх удаа өөрөө бичиж ажилласан кино юм.

-Сүүлийн үед ямар уран бүтээл дээр ажиллаж байна?

-“Итгэл” гээд уран сайхны кино 10 дугаар сарын 7-нд нээлтээ хийлээ. “Чамайг энэ хорвоог орхихын цагт юутай байсныг чинь биш хэн байсныг чинь дурсана” гэсэн үг, бодит хүний амьдралаас ургуулан сэдэвлэж зохиолоо анх удаа өөрөө бичиж ажилласан кино юм. Хөгжмийн зохиолч Окигоос бусдаар өмнө огт хамтран ажиллаж байгаагүй шинэ залуу уран бүтээлчидтэй ажилласнаараа онцлог. Б.Гарамханд гэж залуу, авьяаслаг найруулагчийг нээж оллоо. Сайн найруулагчийг олж ажиллана гэдэг хэцүү. Найруулагч Б.Гарамханд бол Монголын кино урлагийн өнөө цагийн шилдэг найруулагч гэж би үнэлсэн. “Соёолон групп” ерөнхий продюсераар ажиллаа. Бас нэг сонирхолтой зүйл нь эхнэр маань мөн гүйцэтгэх продюсераар ажилласан явдал. Кино урлагийг хөдөлгөх хамгийн гол цөм нь хөрөнгө оруулалтыг босгох, хөрөнгө оруулагчдыг татах байдаг. Америкт долоон сая долларын төсөвтэй киноны анхны хөрөнгө оруулалт хорин таван мянган доллараас эхлэх ч тохиолдол байна. Манай эхнэр хөрөнгө оруулалтын шинжээч, санхүүгийн зөвлөх учир энэ чиглэлээр бидний мэргэжил холбогдож хамтран ажилласан анхны уран бүтээл боллоо. Бид дараагийн төслүүдэд гадаад дотоодоос хөрөнгө оруулалт, санхүүжилт босгохоор хамтран ажиллаж байгаа. “Итгэл” юуны тухай кино вэ гэвэл өнөөгийн монголын нийгэм, ганц буруу гишгэхэд хүний амьдрал тэр чигтээ буруугаар эргэж болдог эгзэгтэй нөхцөл, нөгөө талаар хүн хувь заяаныхаа эзэн нь байх тухайд, дунд давхаргын сэхээтнүүдийн аж байдал, итгэл, хайр дурлал, үхэл амьдралын дэнс гээд олон зүйлийн тухай гэж болно. Үзэгчид өөрсдөө үзвэл илүү тодорхой мэдэрч, ойлгох байх.

“Итгэл” юуны тухай кино вэ гэвэл өнөөгийн монголын нийгэм, ганц буруу гишгэхэд хүний амьдрал тэр чигтээ буруугаар эргэж болдог эгзэгтэй нөхцөл, нөгөө талаар хүн хувь заяаныхаа эзэн нь байх тухайд, дунд давхаргын сэхээтнүүдийн аж байдал, итгэл, хайр дурлал, үхэл амьдралын дэнс гээд олон зүйлийн тухай гэж болно.

-“Итгэл” киног үзсэн хүн танаас жүжигчний хувьд ямар нэг өөрчлөлт, шилжилт олж харах боломжтой юу?

-Кинонд Итгэл гэж жирийн албан хаагч залуугийн дүрийг бүтээсэн. Зөвхөн гадаад байдлын хувьд ярихад дүрдээ тохируулж нэлээд турах шаардлага гарсан. “Марк Поло” цувралд тоглохын тулд биеийн жингээ 100 кг орчимд дөхүүлж жин нэмэх хэрэгтэй болсон. Тэндээс ирэхэд 92 орчимд жингээ барьж байгаад энэ кинонд тоглохын тулд 77 кг болтол турсан. Энд тэнд надтай таарсан хүмүүс, яасан их турсан юм, бие хаа чинь зүгээр үү гэж байсан. (Инээв). Дүрдээ биеэ тохируулж таргалж, турах шаардлага гардаг нь мэргэжлийн маань нэг онцлог, шаардлага л юм даа. Дүрийн мөн чанар, дотоодыг яаж гаргаж ажилласныг би өөрөө биш үзэгчид л үзээд дүгнэх байх даа.

-Байн байн үздэг, үзэхэд үргэлж таатай байдаг кино, бүтээлүүд гэвэл юуг нэрлэх вэ?

-Таашаал минь их реалист юм шиг байгаа юм. Дүрслэл сайтай уран зохиолын номуудад дуртай, “Дөлгөөн Дон”-ыг унших дуртай, Чехов, Шукшинд дуртай. Монгол зохиолчдоос бол Д.Намдаг гуайг унших дуртай, Т.Бум-Эрдэнийг мөн уншдаг. Сайн зохиолчид энгийн хүний тэр бүр олж анзаардаггүй өнцгийг харуулж, янз бүрийн нөхцөл байдалд орсон хүний нэвтрэн гарах үйлдлүүдийг хэрхэн шийдсэн нь маш сонирхолтой байдаг. Үзэх дуртай кино гэвэл олон. “Ийм нэгэн явдал” гээд кино байдаг даа. Бидний сурсан школ ижил болохоор Оросын тэр үеийн кинонуудыг үзэхэд сэтгэлд ойр, сурах юм их байдаг.

Одоогийн байдлаар бол жүжигчдийн тоглолт нь тухайн өгөгдсөн нөхцөлдөө амьдрахаас илүү сүр хүчтэй, гял цал харагдахыг чухалчилдаг, өвчлөл, өвдөлт, эмзэглэл байхгүй, ер нь хүн огт биш юм шиг тоглолтууд давамгайлсан Америкийн арилжааны кинонуудаас бол аргагүй уйдаж байна. Тэндээс техник технологийн гайхамшигтай хөгжлийг л харна уу гэхээс, жүжигчний гайхалтай уран чадвар бол харагдахгүй. Саяхан Акира Куросавагийн “Дэрсү Узала” гээд киног үзлээ. Би Куросавагийн кинонуудыг сайн үзээгүй, агуу нь юундаа байгааг нь мэдэхгүй. Дэрсү Узалад тоглосон тува жүжигчний амьдралын хэв маяг дүртэйгээ ойрхон байсан байж магад. Гэхдээ, “Тэгж энгийн, үнэн тоглож байгаа нь агуу байна уу, найруулагчийн планаар шийдэж буй шийдэл, жүжигчин тэр том план дотор ганцаараа сууж байгаа, гэтэл найз нь ойд төөрчихсөн, гол дүр өөрөө тэр том иргэншилд төөрчихсөн байгааг ганцхан сценээр тэгж мэдрүүлж, харуулж байгаа нь агуу байна уу?” гэж бодож байлаа.

-Таны хувьд цаг хугацааны хүнд өгдөг олз юу вэ? Танд цаг хугацаа юу өгсөн бэ?

-Цаг хугацааны надад өгсөн хамгийн том олз юу вэ гэж үү? Сайхан асуулт байна. Өөрөө өөрийгөө илүү таньж мэдэж байгаа нь хамгийн том олз юм даа. Хүн өөрийгөө танихгүйгээр бусдыг таньдаггүй, хүн өөрийнхөө мөн чанарыг ойлгохгүйгээр бусдыг ойлгодоггүй. Юмны мөн чанарыг таних, мэдрэх гэж том ухагдахуун байна. Кино урлагийн мөн чанар, хөгжлийн утга учир, амьдралын утга учир, гэр бүл, үр хүүхэд, ирээдүйд хийх ёстой зүйлсийг маань цаг хугацаа л хэлж өгч байна. Дандаа хасах руугаа явж байдаг нь цаг хугацааны нэг том өгөгдсөн нөхцөл….Шидтэн надаас “Буцаад хэдэн насан дээрээ очих вэ?” гэж асуувал би 35 наснаас доош хэлэхгүй. 18, 20 гээд цэл залуу нас сайхан ч өнөөдөр тэр үеэ бодохоор юу ч ойлгоогүй ямар балчир хүүхэд байснаа мэдэрдэг. Одоо л бие хаа, боловсрол, уран бүтээлд хандах хандлага, ухамсар, нийгэмд эзлэх байр суурь, гэр бүл, өөрийгөө таньсан таниа гээд бүгд энэ үед жигдэрч, тэгширч байгаа болохоор насны маань хамгийн сайхан үе гэж хэлж байгаа юм. Ингэхээр хүний мөн чанар, юмсын мөн чанарт цаг хугацаа л биднийг хамгийн их ойртуулдаг, тэр л цаг хугацааны өгдөг хамгийн том олз юм даа.

Ярилцсан Ж.Тэгшзаяа

Санал болгох мэдээ

Mongolia fashion week -2024: “Хувцас загварын салбарын форум” зохион байгуулагдлаа

Монгол Улсын Засгийн газраас Соёлын бүтээлч үйлдвэрлэлийн үндэсний болон салбарын тогтвортой хөгжлийг бэхжүүлэхэд бодитой хувь …