УИХ-ын дарга М.Энхболд 10 дугаар сарын 14-15-ны өдрүүдэд БНХАУ-д ажиллаад ирсэн. Энэ үеэр Хятадын Экзим банкнаас их хэмжээний мөнгө зээлсэн гэх мэдээлэл гараад байсан. Энэ талаар өнөөдөр УИХ-ын дарга М.Энхболд албан ёсоор тайлбар хийлээ.
Тэрбээр “Хоёр жилийн өмнө буюу 2014 оны наймдугаар сард БНХАУ-ын Засгийн газраас нэг тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээл олгох шийдвэр гаргасан. Энэ зээлийнхээ 15 хувьтай тэнцэх хэмжээний хөрөнгийг Монголын тал гаргах ёстой байснаас болоод хоёр жилийн турш энэ хөнгөлөлттэй зээлийг ашиглаж чадаагүй. Манай талаас энэ 15 хувийг хөнгөлөлттэй байлгах тал дээр анхаарч үзэх санал тавьсан байсан. Харин БНХАУ-ын дарга Си Жинпин энэ талаар Экзим банкинд үүрэг өгч энэ зээлийг Монгол ашиглах хугацааг түргэтгэх, Монголын талд ашигтай байдлаар олгоход анхаарал хандуулья гэдэг зүйл яригдсан.
Мөн манай талаас хоёроос доош хувийн хүүтэй 20-оос дээш жилийн хугацаатай, эдийн засгийг дэмжсэн зээл олгох боломж байна уу гэдгийг ярилцсан. Харин Си Жинпин дарга холбогдох банкуудтай ярилцаад хариуг нь өгье гэсэн. Хэрэв ийм нөхцлөөр бидэнд тодорхой хэмжээний зээл олгох юм бол бид өмнө нь авсан 5.2 хувийн хүүтэй, 10.2 хувийн хүүтэй таван жилийн хугацаатай тавьсан өр зээлээ төлөх боломж бүрдэнэ. 60 хоногийн дараагаас төлж эхлэх их хэмжээний өр зээлээ ард иргэдийн амьдралд хүндрэл учруулалгүйгээр төлөхийн тулд Засгийн газар энэ мэт холбогдох бүх арга хэмжээг авч ажиллаж байна.
Одоогоор БНХАУ-аас ямар нэгэн зээл тусламж авахаар гэрээ байгуулаагүй, Хятадын тал судлаж байж хариу өгнө гэсэн. Хэрэв БНХАУ-ын тал зөвшөөрвөл Засгийн газар хэдий хэмжээний зээлийг ямар зориулалтаар авах төслөө боловсруулаад УИХ-аар батлуулна” гэсэн юм.