Ирц хүрсэнгүй. Үүнээс шалтгаалж нийслэлд 213 сонгуулийн хэсгийн хороонд дахин санал хураалт явагдахаар боллоо. “Залуусын идэвх сул байлаа”, “сонгуулийн хороод ирцээ бүрдүүлж чадсангүй” гээд олон шалтаг тайлбарууд бичигдэж байна. Гэхдээ орсон борооны араас цув нөмрөөд яах ч билээ.
Харин ирэх ням гаригт болох дахин санал хураалтад анхаарлаа хандуулья. Орон нутагт эрх баригч МАН ялалт байгууллаа гэх мэдээлэл байна. Харин нийслэлд дүн мэдээ гаргах гэхээр ирц хүрээгүй гэх шалтгаанаар сонгуулийн хороо тодорхой хариулт өгч чадахгүй байна.
Сонгогчид аль нь гарсан яах вэ гэж залхсан байдалтай хариултыг өгч байх юм. Энэ буруу. Дараа нь хариуцлага тооцох талаасаа, мөн саад хориггүй ажиллах боломж өгөх талаасаа нэг нам дангаараа байвал сайнсан. Бид олон жил холимог засаглалтайгаар явж ирлээ. Үр дүн нь буруудсан асуудалд хариуцлага хүлээх хүнгүй болчихдог асуудалтай.
Сайн нь минийх муу түүнийх. Би ажил хийх гэсэн тэр намайг ажиллуулаагүй гэхчлэнгээр олон жил манай төр засаг хоорондоо хэрэлдлээ шүү дээ. Үүнээс залхсан иргэд санал өгөхөөс төвөгшөөж харагдлаа. Үнэхээр залхмаар… үүнийг маш сайн ойлгож байна. Гэхдээ саналаа өгөхгүй байснаар урьдын хомилог зүйлсийг л давтсаар байгааг мэдрэх хэрэгтэй байна.
Холилдсон, хутгалдсан зүйлс эцэстээ биднийг л залхааж байна. Харин буух эзэнтэй буцах хаягтай байвал дараа час хийтэл хэлээд пал хийтэл нь хариуцлага тооцоход амар санагдах юм.
Та саналаа өгөөгүй байгаа бол үүнийг л анхааралдаа аваарай. Хоёр тийшээ харж суугаад хэрэлдэж буй төр засгаас буруу ч бай, зөв ч бай нэг зүгт алхаж байгаа төр засаг илүү шүү дээ. Хамгийн гол нь хэн ч байсан ялгаагүй гэдэг ойлголтоосоо салж саналаа өг. Энэ бол тэдний төлөө биш та өөрийнхөө төлөө, гэр бүлийнхээ төлөө хийж буй сонголт юм шүү. Монгол Улсын хөгжил таниар дутаж байна.
undesten.mn