УИХ-ын дарга М.Энхболд “КАЛ” компани хоёр орны харилцааны эхэн үеэс Монгол Улсын иргэний агаарын тээврийн салбарыг орчин үеийн хэрэгцээ шаардлагад нийцүүлэн хөгжүүлэхэд чухал хувь нэмэр оруулсныг Монголын ард түмэн сайн мэддэг гээд тус компанийн толгой групп болох “Ханжин” групп Монголын боловсролын салбарт оюуны томоохон хөрөнгө оруулалт хийж, монгол оюутнуудыг БНСУ-д суралцахад дэмжлэг үзүүлсээр байгаад талархаж байгаагаа илэрхийлэв.
“КАЛ” компанийн захирал Чи Чан Хүн “Ханжин” групп, Монгол Улс олон жилийн сайхан харилцаатай бөгөөд энэ онд “КАЛ” компани Монгол Улсад нислэг үйлдэж эхэлсний 25 жилийн ой тохиож байна гэв. “КАЛ” болон МИАТ компанийн хооронд хамтарсан нислэг үйлдэх, Монголын иргэний агаарын тээврийн инженер техникийн болон үйлчилгээний ажилтнуудын дунд сургалт зохион байгуулах зэрэг чиглэлээр олон жил, үр дүнтэй хамтран ажиллаж байгааг ноён Чи Чан Хүн онцлов.
Уулзалтын төгсгөлд УИХ-ын дарга М.Энхболд нэгэнт тогтсон уламжлалт харилцаагаа цаашид илүү үр ашигтай өргөжүүлэхийг хүсэн ерөөгөөд, гадаад хамтын ажиллагааг өргөжүүлэх, гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжих хууль эрх зүйн орчныг сайжруулах чиглэлээр УИХ анхаарал тавьж, дэмжин ажиллах болно гэдгээ илэрхийллээ .