Л.Энх-Амгалан Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөлөгчдийг хүлээн авч уулзав

Улсын Их Хурлын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Л.Энх-Амгалан, Улсын Их Хурлын гишүүн С.Чинзориг нар өнөөдөр /2016.10.28/ Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

enhamgalan5

Уулзалтын эхэнд Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар хөдөлмөр, нийгмийн хамгааллын хууль тогтоомжийг боловсронгуй болгох, хэрэгжилтийг хангах, Олон улсын хөдөлмөрийн байгууллагын холбогдох конвенциудад нэгдэн орох зэрэг асуудлаар байр сууриа илэрхийлж, тус Байнгын хороо болон Үйлдвэрчний эвлэлийн холбооны цаашдын хамтын ажиллагааны талаар ярилцаж, санал солилцохоор ирснээ уламжлав.

enhamgalan3

Хэдийгээр улс орны эдийн засаг хүндрэлтэй байгаа боловч иргэдийн цалингийн орлогыг нэмэгдүүлэх шаардлагатай байна. Салбар бүрт цалин, хөлсийг нэмэгдүүлэх боломж бий. Тухайлбал, соёл урлаг, боловсрол, эрүүл мэндийн салбар төсвөөс гадна өөрсдийн явуулж буй үйл ажиллагаанаас орлого олдог. Үүнээс олсон мөнгөний тодорхой хувийг ажилтанд урамшуулал хэлбэрээр бус, үндсэн цалин болгож олгох бололцоотой бөгөөд үүнийг хууль эрх зүйн хүрээнд шийдвэрлэх шаардлагатай байна хэмээн Монголын эрүүл мэндийн ажилтны ҮЭ-ийн холбооны дарга Б.Мягмар, Монголын ажилтан, албан хаагчдын ҮЭ-ийн холбооны дарга М.Алтанцэцэг нар хэлж байсан юм.

enhamgalan2

Түүнчлэн тус холбооноос Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт хэлэлцээрийн биелэлтийг хянаж, уг хэлэлцээрийг үр дүнтэй болгох тал дээр Байнгын хорооноос анхаарч ажиллахыг хүсэв.

Улсын Их Хурлын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Л.Энх-Амгалан Улсын Их Хурлын зүгээс хөдөлмөр, нийгмийн хамгааллын өмнө хүрсэн бодлого, үйл ажиллагааны үр дүнгээ дордуулахгүй байхыг зорьж буйгаа онцлоод Байнгын хорооны зүгээс хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлэв. Тэрбээр “Засгийн газрын мөрийн хөтөлбөрт дундаж давхаргыг дэмжих бодлого түлхүү туссан. Хөдөлмөрийн үнэлэмжийн асуудал чухал. Цалин хөлсийг нэмэгдүүлэхдээ дан ганц инфляцтай уялдуулах биш, хөдөлмөрийн бүтээмжтэй холбох хэрэгтэй. Та бүхний дэвшүүлсэн салбар бүрийн онцлогт тохируулан цалин хөлсийг нэмэх эрх мэдлийг салбарын сайд нарт олгох саналыг зөв гэж үзэж байна. Энэ тал дээр Байнгын хороо анхаарч ажиллана” хэмээв.

Улсын Их Хурлын гишүүн С.Чинзориг төрийн албан хаагчдын 36 сарын тэтгэмжийг өмнөх зохицуулалтын дагуу олгох асуудал Байнгын хороогоор дэмжигдсэн талаар мэдээлэв.

Уулзалтын үеэр талууд хамтын ажиллагааны бусад асуудлаар ярилцаж, санал солилцлоо гэж Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

14408768_1075659032554287_872381660_n-8-36-22

Санал болгох мэдээ

“Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ” олон улсын чуулга уулзалт эхэллээ

НҮБ-ын Ерөнхий Асамблейн 70 дугаар чуулганаар 2015 онд баталж, 2016 оны нэгдүгээр сарын 1-нээс албан …