УИХ-ын Төсвийн зарлагын хяналтын дэд хорооны өнөөдрийн /2016.11.02/ хуралдаан 09.31 цагаас гишүүдийн 55.7 хувийн ирцтэйгээр эхэллээ. Уг хуралдаанаар Үндэсний аудитын газраас Засгийн газрын тусгай сангуудын үйл ажиллагааны талаархи мэдээллийг сонсч, Монгол Улсын 2017 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийсэн юм.
Үндэсний аудитын газрын дарга А.Зангад танилцуулгадаа Монгол Улсын 2017 оны төсвийн төсөлд 21 тусгай сан үйл ажиллагаагаа явуулах бөгөөд нийт 2.4 тэрбум төгрөг тусгасан. Энэ нь төсвийн зарлагын 25 хувийг эзэлж байна. 2015 онд Засгийн газрын тусгай сангийн тоо 15, 2016 онд 18 байсан бол 2017 онд 21 боллоо. Үндэсний аудитын газраас сүүлийн гурван жилийн турш хийсэн шалгалтын дүнгээс харахад Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан, Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих сан зэрэг цөөхөн тусгай сангаас бусад нь орлогын эх үүсвэр тодорхойгүй, улсын төсвөөс санхүүжсээр байна. Үндэсний аудитын газраас жил тутам 4-5 тусгай санд аудитын шалгалт хийдэг. Аудитын дүгнэлтээс харахад зарим тусгай сангуудын өр төлбөрийн үлдэгдэл байнга өсөх, тооцоо нийлж батлагаажаагүй зэрэг томоохон зөрчлүүд гаргасаар байна гэдгийг онцлон дурдаж байлаа.
Тэрбээр Үндэсний аудитын газраас сүүлийн гурван жилийн турш хийсэн шалгалтын дүнгээс харахад тусгай сангуудын хөрөнгийн зарлагын гүйцэтгэлд удирдлага нь шийдвэр гаргадаг бус Удирдах зөвлөлөөр гаргадаг болгох, чиглэсэн зорилготой сангуудыг бий болгож, харьяа салбарын яамтай үйл ажиллагаа нь давхардсан сангийн тоог цөөлөх хэрэгтэй гэдгийг сануулав.
Уг мэдээлэлтэй холбогдуулж УИХ-ын гишүүн Б.Баттөмөр, З.Нарантуяа, Д.Тогтохсүрэн нар асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн юм. Гишүүдийн олонхи нь тусгай сангуудын өр төлбөр хэдэн сая төгрөгт хүрснийг, зөрчил гаргасан сангуудад ямар хариуцлага тооцож байгааг талаар илүүтэй сонирхож байлаа.
Үндэсний адитын газрын дарга А.Зангад хариулахдаа үйл ажиллагаа явуулж байгаа 18 тусгай сангийн өр төлбөрийн хэмжээ 713.4 тэрбум төгрөгт хүрээд байгаа. Дэд хорооны гишүүдэд аль сан хэдий хэрийн өр төлбөртэй байгааг талаар тодорхой мэдээлэл хүргүүлье. Зөрчил гаргасан сангуудад бид дүгнэлт, тайлан, зөвлөмж, зөрчил арилгуулах акт, биелэлтийг нь хангуулах хугацаатай үүрэг өгдөг. Энэ талаархи зөвлөмж дүгнэлтээ тухайн асуудал эрхэлсэн салбарын яамны удирдлага, ноцтой томоохон зөрчил байвал Засгийн газарт мэдэгддэг гэж байв.
Дараа нь УИХ-ын гишүүд саналаа хэлж, байр сууриа илэрхийллээ. Тухайлбал, УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн тусгай сангийн өр төлбөр, авлагыг барагдуулах чиглэлээр Сангийн яам идэвх санаачлагатай ажиллахыг, УИХ-ын гишүүн З.Нарантуяа Сангийн яамнаас тухайн салбарын яамтайгаа давхардан үйл ажиллагаа явуулдаг тусгай сангуудыг цэгцлэх шаардлагатай гэж байв.
Хуралдааны төгсгөлд Монгол Улсын 2017 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийсэн юм. Хэлэлцүүлэгтэй холбогдуулж асуулт асууж, санал хэлэх гишүүн байсангүй. Иймд дэд хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн З.Нарантуяа төсвийн байнгын хороонд хүргүүлэхээр болов гэж УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.