Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо тогтоолын төслийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өнөөдрийн /2016.11.09/ хуралдаан 14 цаг 32 минутад 52.6 хувийн ирцтэй эхэлж, “Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Хуралдаанд тус байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд хамаарагддаг төрийн байгууллагуудын удирдлагууд болон Сангийн яамны ажлын хэсгийн гишүүд оролцов.

_etu0484

Тогтоолын төслийн талаархи танилцуулгыг Засгийн газрын гишүүн, Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил хийсэн юм.

“Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэл”-ийн төсөлд Макро эдийн засгийн бодлого, Эдийн засгийн өсөлтийг дэмжих салбаруудын бодлого, Бүс нутаг, хөдөөгийн хөгжил, байгаль орчны бодлого, Хүний хөгжлийг дэмжих нийгмийн салбарын бодлого, Засаглал, эрх зүйн шинэчлэл, гадаад бодлого, батлан хамгаалах салбарын бодлого гэсэн нийт 5 бүлэг, 17 зорилт, 104 бодлогын арга хэмжээг тусгажээ. Түүнчлэн эдгээр зорилт, арга хэмжээ тус бүрийн шалгуур үзүүлэлт, хүрэх түвшин, шаардагдах санхүүжилт, хөрөнгийн эх үүсвэр, урт болон дунд хугацааны хөтөлбөр, бодлогын баримт бичгүүдтэй уялдсан байдал, хариуцан хэрэгжүүлэх байгууллагыг тодорхой зааж өгсөн. Үндсэн чиглэлийн төслийг боловсруулахдаа Улсын Их Хурлын 2016 оны 19 дүгээр тогтоолоор батлагдсан “Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030”, 2016 оны 45 дугаар тогтоолоор батлагдсан Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан зорилт, арга хэмжээ болон салбарын хөгжлийн бодлогын баримт бичгүүд, яамд, агентлагаас ирүүлсэн саналд үндэслэн, улсын төсвийн хөрөнгө оруулалт болон бусад хөрөнгийн эх үүсвэртэй уялдуулсан гэдгийг сайд танилцуулгадаа онцоллоо._etu0470

Үндсэн чиглэлийн төсөлд Макро эдийн засгийн бодлогын хүрээнд 2017 онд эдийн засгийн хүндрэлийг даван туулах, үйлдвэрлэл, дэд бүтцийн томоохон төслүүдийг эрчимжүүлж, эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлэх; инфляцийг зорилтот түвшинд байлгах; ажлын байрыг нэмэгдүүлэх замаар ажилгүйдлийн түвшинг бууруулах; нэгдсэн төсвийн тэнцлийн алдагдлыг өмнөх оны түвшнээс бууруулах замаар дунд хугацаанд төсвийн үндсэн тэнцлийг эерэг болгох нөхцөлийг бүрдүүлэх; Засгийн газар, Хөгжлийн банкны гадаад бондыг эргүүлэн төлөх эх үүсвэрийг шийдвэрлэж, дунд хугацаанд өрийн дарамтыг бууруулах бодлого хэрэгжүүлэх; валютын орох урсгал түр зуур нэмэгдэх үед төгрөгийн нийлүүлэлтийг огцом нэмэгдүүлэхгүй, валютын нөөцийг хамгаалах зарчим баримтлах зэрэг арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэхээр төлөвлөжээ. Харин Засаглал, эрх зүйн шинэчлэл, гадаад бодлого, батлан хамгаалах салбарын бодлогын хүрээнд хууль сахиулах байгууллагуудын эрх зүйн орчныг сайжруулж, төрийн үйлчилгээг түргэн шуурхай болгох; энхийг эрхэмлэсэн, нээлттэй, олон тулгуурт гадаад бодлого явуулж, хилийн чанадад амьдарч буй монгол иргэдийн эрх ашгийг хамгаалах тогтолцоог сайжруулан, хөрш орнуудад хийх худалдааг өргөжүүлэх бодлого баримтлах; батлан хамгаалах салбарын эрх зүйн орчныг сайжруулж, улс орныг батлан хамгаалах чадавхийг бэхжүүлэх чиглэлээр тодорхой зорилт тусгасныг Гадаад харилцааны сайд танилцуулгадаа дурдлаа.

Мөн салбарын яамд, агентлагуудаас ирүүлсэн арга хэмжээний саналуудыг үндсэн чиглэлийн төсөлд тусгахдаа бодлогын зорилт, арга хэмжээг улсын төсөв болон бусад хөрөнгийн эх үүсвэрийн боломжтой уялдуулан 104 арга хэмжээний хүрээнд нийтдээ 5.3 их наяд төгрөгийг санхүүжүүлэхээс улсын төсвийн хөрөнгөөр 327.6 тэрбум төгрөг, гадаад эх үүсвэрээс 825.2 тэрбум төгрөг, төр, хувийн хэвшлийн түншлэл болон хувийн хөрөнгө оруулалтаар 4.1 их наяд төгрөг, бусад эх үүсвэрээс 104 тэрбум төгрөгөөр тус тус санхүүжүүлэхээр төлөвлөн тусгасан болохыг танилцуулсан юм.

_etu0478

Сайдын танилцуулгатай холбогдуулан УИХ-ын гишүүн Л.Болд, Б.Энх-Амгалан, С.Батболд, Ж.Энхбаяр нар ажлын хэсгээс асуулт асууж тодруулсны дараа байнгын хорооны гишүүдээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хураалт явуулав.

Тогтоолын төслийн анхны хэлэлцүүлэгтэй холбогдуулан тус байнгын хорооны гишүүдээс зарчмын зөрүүтэй 6 санал гаргаснаас 4 нь олонхийн дэмжлэг авч, хоёр санал дэмжигдсэнгүй. Тухайлбал, УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан тогтоолын төслийн хавсралтын 4 дүгээр зорилтын 2 дахь хэсэгт “хөнгөн үйлдвэрийн техникийн парк байгуулах”, хавсралтын 16 дугаар зорилтын 3 дахь хэсэгт “гадаад худалдааг хөгжүүлэх зорилгоор чөлөөт бүс байгуулах ажлыг эрчимжүүлэх” гэж нэмэх санал гаргасныг байнгын хорооны гишүүд дэмжив. Мөн УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр тогтоолын төслийн хавсралтын 12 дугаар зорилтын 4 дэх хэсэгт “программ хангамжийн үйлдвэрлэлийг хөгжүүлэх”, хавсралтын 17 дугаар зорилтын 2 дахь хэсэгт “кибер аюулгүй байдлыг хангах тогтолцоог сайжруулах, чадавхийг нэмэгдүүлэх” гэж тус тус нэмэх санал гаргаж олонхийн дэмжлэг авсан юм.

Ингээд тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи нь дэмжиж, энэ талаархи санал, дүгнэлтээ Эдийн засгийн байнгын хороонд хүргүүлэхээр тогтлоо гэж Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

14408768_1075659032554287_872381660_n-8-36-22

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Шинэ хоршоо” хөтөлбөрийн хүрээнд малчдын сарын орлогыг 5 сая төгрөгт хүргэх боломжийг бүрдүүлнэ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл өглөө. ЗГХЭГ-ын …