Хууль сахиулах их сургуулийн захирал, цагдаагийн хурандаа Р.Чингисийг ЦЕГ-ын даргаар томилуулахаар зүтгүүлж байгаа сурагтай. Учир нь 2008 онд түүнийг дэд хурандаа цолтой, Эрvvгийн цагдаагийн газрын эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн дарга байхад нь тус ерөнхий газрын даргын суудалд зүтгүүлж байсан.
Гэвч тухайн үеийн Ерөнхий сайд төдий л дэмжлэг үзүүлээгүй учраас уг суудалд тухалж чадаагүй хэмээн яригддаг. Харин энэ удаа Монголын бизнесийн томоохон бүлэглэл болох “МCS”, “АПУ” компаниуд өөрийн төлөөний хүнээ ЦЕГ-ын даргад зүтгүүлэн хүч хаяж байгаа ажээ.
Ингэхдээ дээрх компаниуд Хууль зүйн сайд Х.Тэмүүжингийн шинээр бий болгох гэж буй албатай хамааруулан түүнийг энэ удаад гарцаагүй тус газрын дарга болно гэж үзэж байгаа юм байна. Үндсэндээ Хууль зүйн сайд зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр дагнан ажиллахаар шийдэн, шинээр “Мөрдөх алба” байгуулах шаардлагатай хэмээн үзэн хуулийн төсөл боловсруулж эхэлсэн. Ямартай ч уг хуулийн төслийг ирэх намрын чуулганаар өргөн барихаар болсон байна.
Гэтэл зарим хүн сайдын энэхүү шинэ албыг ЦЕГ-ын дарга Б.Билэгтийг огцоруулах, тушаал бууруулах хуулийн төсөл хэмээн хошигнож байна.
Учир нь дээрх алба шинээр байгуулагдах сургаар ЦЕГ-ын дарга Б.Билэгтийг томилохоор яригдаж эхэлсэн ажээ. Энэ нь ЦЕГ-ыг эзэнгүй болгож Хууль сахиулах их сургуулийн захирал, цагдаагийн хурандаа Р.Чингисийг томилуулах далд санаа болж таарч байгаа юм.
Цагдаагийн хурандаа Р.Чингисийн хувьд өмнө нь Эрүүгийн цагдаа, мөн ЦЕГ-ын тэргүүн дэд даргаар ажиллаж байгаад шинэчлэлийн Засгийн газрын томилгоогоор хууль зүйн салбарт өөрчлөлт хийх нэрээр буюу албан тушаал доошлон Хууль сахиулахын их сургуулийн захирлаар томилогдон ажилласан нэгэн.
Гэсэн ч Ерөнхий сайд томилдог, эрх мэдэлтнvvдийг даган савалдаг энэ байгууллагыг Р.Чингис удирдснаас Б.Билэгтийг удирдсан нь хамаагүй дээр гэж ярилцаж байгаа хүмүүс байна.