УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Н.Энхболд өнөөдөр /2016.11.11/ Ханнс Зайделийн сангийн Монгол дахь төлөөлөгчийн газрын тэргүүн Ц.Сарантуяаг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын эхэнд Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Н.Энхболд Улсын Их Хурал шинээр бүрэлдэж, олон шинэ, залуу гишүүд орж ирсэн. Үүнийг дагаад шинэ туслах, зөвлөхүүд олноороо ажиллаж байна. Эдгээр хүмүүсийг дадлагажуулж, сургаж өгөх тал дээр танай сангийн хөтөлбөрийн хүрээнд туслалцаа үзүүлж, хамтран ажиллах хүсэлт тавих гэсэн юм хэмээн онцлов.
ХБНГУ-ын Ханнс Зайделийн сангийн Монгол дахь төлөөлөгчийн газрын тэргүүн Ц.Сарантуяа Байнгын хорооны даргыг хүлээн авч уулзсанд талархал илэрхийллээ. Тэрбээр Ханнс Зайделийн сан 1993 оноос хойш Монголд үйл ажиллагаагаа явуулж байна. Гурван жил тутам үе шаттайгаар үйл ажиллагаа явуулсаар ирсэн. Монголын хуулийг боловсронгуй болгоход маш их дэмжлэг, туслалцаа, зөвлөгөө үзүүлж ирсэн гэлээ.
Түүнчлэн “Төрийн албаны хууль болоод эрэлт хэрэгцээтэй хуулийг цаашид боловсруулахад, бидний зүгээс олон улсын туршлага судлах, зөв хувилбаруудыг сонгоход дэмжин ажиллахад бэлэн байна. Ирэх дөрвөн жилийн хугацаанд өөрчилбөл зохилтой, хийдэлтэй ямар хууль, эрх зүйн зохицуулалт байна, тэдгээрийг засч залруулахад ч хамтын ажиллагааг өрнүүлж болох юм” гэж тэрээ тодотголоо.
Уулзалтын үеэр талууд хамтын ажиллагааг өргөжүүлэх бусад асуудлаар санал солилцлоо гэж УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.