Байгальд халгүй техник, тоног төхөөрөмжийг Аж ахуйн нэгжийн орлогын албан татвараас чөлөөлнө
Ногоон хөгжлийг хангахад чухал ач холбогдол бүхий Байгалийн нөөцийг хэмнэлттэй ашиглах, орчны бохирдол, хаягдлыг багасгах, байгальд халгүй 41 нэр төрлийн техник, тоног төхөөрөмжийг худалдан борлуулсан аж ахуйн нэгжийг орлогын албан татвараас чөлөөлж байхаар Засгийн газрын 08 дугаар сарын 23-ны өдрийн хуралдаанаас шийдвэрлэлээ.
Энэхүү тоног төхөөрөмжийн жагсаалтад сэргээгдэх эрчим хүчний /нар, салхи, усан/ цахилгаан станцын тоног төхөөрөмж, газрын гүний дулааны насос, ногоон байгууламж, ойг тарьж ургуулах дуслын усалгааны систем, модны үртэс, зоргодос, целлюлозон ширхэглэлийг шахаж зоргодсон, эслэг хавтан хийх төхөөрөмж, бохир ус цэвэрлэх, озоны давхаргад ээлтэй бодис бүхий хөргөлтийн тоног төхөөрөмж зэрэг тусгагджээ. Мөн манай улсад өргөн хэрэглээнд нэвтэрч буй эрчим хүчний хэмнэлттэй LED /light-emitting diode/ гэрлийн шилээс гадна сүүлийн үеийн технологи бүхий дараагийн загвар болох CCF /cold cathode fluorescent/ гэрлийн шил, агаарын бохирдлыг бууруулах Европын холбооны EN 13240 стандартыг хангасан гэрийн зуух, автомашины түлш, утаа бууруулах устөрөгчийн генератор багтсан байна. Түүнчлэн жагсаалтын төсөлд тусгагдсан усны хэмнэлттэй дуслын усалгааны систем нь манай орны хуурай гандуу цөл хээрийн бүсэд ихээхэн тохиромжтой, усыг ургамлын үндсэнд дуслаар шингээж өгдөг, ууршилт багатай систем бөгөөд ногоон байгууламж, ойжуулалт, уул уурхайн нөхөн сэргээлтийн ажлыг үр дүнтэй болгоход ихээхэн ач холбогдолтой юм.
эх сурвалж: ньюс.мн