Засгийн газраас 2016 оны есдүгээр сарын 09-ний өдөр өргөн мэдүүлсэн Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүд, анхны хэлэлцүүлгийг хийлээ. Уг хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Ажлын хэсгийн ахлагч, Улсын Их Хурлын гишүүн Н.Оюундарь танилцуулав.
Тус байнгын хороо 2016 оны 12 дугаар сарын 06, 13-ны өдрүүдийн хуралдаанаараа дээрх хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, хуулийн төсөлтэй холбогдуулан Ажлын хэсэг болон Улсын Их Хурлын гишүүн Ш.Раднаасэд, Б.Саранчимэг нараас гаргасан саналуудыг нэг бүрчлэн хэлэлцжээ.
Тухайлбал, төсөлд “гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хамтарсан баг” гэсэн нэр томьёоны тодорхойлолт шинээр нэмж, хүний сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхгүйг гэр бүлийн хүчирхийлэл гэж өөрчлөн тодорхойлж, хохирогч хүүхэд гэсэн нэр томьёог гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн хүүхэд гэж өөрчлөх саналыг хэлэлцжээ. Түүнчлэн
-хохирогч гомдлоосоо татгалзсан, эсхүл хүчирхийлэл үйлдэгчтэй эвлэрсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахыг зогсоох үндэслэл болохгүй гэсэн нь энэ хуулийн зохицуулах хүрээнд хамаарахгүй тус хасах,
-гэр бүлийн хүчирхийллийн талаарх статистик мэдээлэл, тоо бүртгэл хөтөлж, мэдээллийн сан бүрдүүлэх, мэдээлэл солилцох журмыг холбогдох яамд тус тусдаа батлахаар байсныг өөрчилж Улсын ерөнхий прокурортой зөвшилцөн, хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батлах,
-Хүн амын тоо, гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэрэг, зөрчлийн гаралтыг харгалзан орон нутгийн төсвийн хөрөнгөөр нэг цэгийн үйлчилгээний төв, түр хамгаалах байр байгуулах асуудлыг аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал шийдвэрлэх,
-гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэний улмаас хорих ял шийтгүүлсэн этгээдэд шүүхийн гийдвэр гүйцэтгэх байгууллага, баривчлах, албадан сургалтад хамруулах шийтгэл хүлээсэн этгээдэд шүүхийн гийдвэр гүйцэтгэх, цагдаагийн байгууллага зан үйлд нөлөөлөх албадан сургалтыг тус тус зохион байгуулахаар өөрчилсөн байна.
Хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэхдээ нэр томьёо, найруулгыг гүйцээн боловсруулах, мөн Монгол Улсын Их Хурлын чуулганы дэгийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.5 дахь хэсэгт заасны дагуу Эрүүгийн байцаан шийтгэх хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Захиргааны хариуцлагын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Согтуулах, мансуурах донтой өвчтэй этгээдийг захиргааны журмаар албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хүүхэд хамгааллын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулах асуудлыг Байнгын хорооны хуралдаанаар шийдвэрлэсэн байна.
Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан УИХ-ын гишүүн О.Баасанхүү, Д.Сарангэрэл, Д.Тэрбишдагва, А.Сүхбат, Б.Саранчимэг, Б.Ундармаа нар Ажлын хэсгээс асуулт асууж тодруулсны дараа Байнгын хорооноос гаргасан зарчмын зөрүүтэй 103 саналын томьёолол тус бүрээр санал хураалт явуулснаар чуулганы үдээс өмнөх нэгдсэн хуралдаан завсарлалаа хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.