АН-ын гишүүд дэмжигчдийн холбооноос өчигдөр Үндэсний мэдээллийн төвд хэвлэлийн бага хурал хийх үеэр Ардчилсан намын дарга асан Н.Алтанхуягийг намын байр барих 7 тэрбум төгрөгийг хэрхэн зарцуулсан тайлангаа тайлагнахыг шаардлаа.
Анх 180 мянган гишүүний хандиваар “Ардчиллын өргөө” нэртэй намын шинэ байр барихаар 2009 оны арванхоёрдугаар сарын 6-ны өдөр шавыг нь тавьжээ. Төлөвлөгөөнд тусгагдсанаар бол уг барилга 2012 оны сонгуулиас өмнө ашиглалтад орох байсан ч одоог хүртэл “Шинэ дэвшил” холбооны байрыг түрээслэн үйл ажиллагаагаа явуулж байгаа аж.
Тухайн үеийн удирдлагууд Соёлын төв өргөөний хүзүүвчин дэх байр болон 3350 метр.кв газрын гэрчилгээг нэр бүхий арилжааны банкинд 7 тэрбум төгрөгөөр худалдсан. Үүнээс 2.4 тэрбум төгрөгийг намын ажилд зарцуулсан гэх баримтыг гишүүд дэмжигчид нь олсон байна.
Тиймээс Н.Алтанхуяг дээрх барилгад зарцуулах ёстой байсан хөрөнгийг хэрхэн зарцуулсанаа тайлагнахын зэрэгцээ АН-ын 180 мянган гишүүнээс уучлал гуйн, хохирлоо барагдуулах хэрэгтэй гэв.