Оффшорын хуулиар МАН-ын бүлэг 5 хоногийн завсарлага авав

УИХ-ын чуулганы өчигдрийн хуралдаанаар Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон Төрийн албаны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг үргэлжлүүлэн хийсэн юм.
Тус хуулиар хөрөнгө орлогоо мэдүүлдэг албан тушаалтнууд оффшор бүсэд данстай байх, мөнгө байршуулах, улмаар компани байгуулж хөрөнгө оруулалт хийхийг хориглож буй.
УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн, “Оффшор бүсэд мөнгө хадгалах асуудлыг өнөөгийн хүчин төгөлдөр мөрдөгдөж буй авлига болон бусад хуулиар зохицуулах бүрэн боломжтой. Гадаад улсын нутаг дэвсгэрт мөнгө байршуулахгүй гэдэг бол туйлшрал. Шударгаар олсон орлогоороо яагаад гадны санхүүгийн зах зээл дээр тоглолт хийж болохгүй гэж. Хууль ёсны орлогыг хууль бус орлоготой хольж хутгаж болохгүй. Өнөөдөр бүх гишүүд эксперсс карттай. Хууль батлагдвал картаа хураалгах уу” гэсэн байр суурьтай байв.
УИХ-ын гишүүн Х.Нямбаатар үүнд нь, “Оффшор бүс гэдэгт ямар улс орныг оруулах вэ гэсэн асуудлаар Гадаад харилцааны яамнаас санал авсан. Ингэхэд тэр улс муу, энэ улс сайн гэсэн ялгаварлал байж болохгүй гэсэн хариу ирсэн. Түүнчлэн улс орнуудын адил хуулинд тухайн улсын нэрийг заадаггүй жишгийг дагасан. Тиймээс гадаад улсад данстай байхыг хуулиараа хориглож байгаа” гэсэн тайлбарыг хийсэн юм.
УИХ-ын гишүүн Н.Энхболд, “Албан ёсоор олсон орлогоосоо албан ёсны татвараа монголдоо өгөөд гадны улсын дансанд мөнгөө байршуулах, хувьцаа худалдаж авах хувилбар байж болох талтай. Нэг бол гадаадад данстай байгаад төрд ажиллахгүй гэсэн цэвэр улстөрийн агуулгатай шийдэл гаргах уу эсвэл дэлхий даяар барих уу гэдэг дээрээ тогтож ойлголцох хэрэгтэй” гэв.
Харин УИХ-ын гишүүн Б.Ундармаа, “Гурван зуун нэгэн албан тушаалтныг нэр зааж хуулинд тусгасныг дэмжиж байна” гэсэн бол УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ, “Жижиг нэр томьёо том үр дагавар дагуулж мэднэ шүү. Ер нь олон улсын нэр томьёотой хуулиудаа нийцүүлэхэд анхаараарай” хэмээлээ.
Гишүүд асуулт асууж, үг хэлж дууссаны дараа УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа нэгдсэн ойлголцолд хүрэхийн тулд МАН-ын бүлэг 5 хоногийн завсарлага авч байгаагаа мэдэгдсэн юм.

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Шинэ хоршоо” хөтөлбөрийн хүрээнд малчдын сарын орлогыг 5 сая төгрөгт хүргэх боломжийг бүрдүүлнэ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл өглөө. ЗГХЭГ-ын …