Ж.Эрдэнэбат: Ахмадын зөвлөх үйлчилгээ бий болгож, тэдний мэдлэг, туршлагыг залууст өвлүүлэх боломж бүрдүүлнэ

Ерөнхий сайдын ивээл дор “Ахмад настны эрх, хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хамгааллын баталгаа” үндэсний чуулган Төрийн ордонд болж байна. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Монголын ахмадын холбоо хамтран зохион байгуулж буй энэ арга хэмжээнд Монгол Улсын 270 мянга гаруй ахмадын төлөөлөл болсон 500 ахмад оролцож байна.

Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат үндэсний чуулганыг нээж, үг хэллээ.

Өнөөдөр дэлхийн 10 хүн тутмын нэг нь 60-аас дээш насныхан бол манай улсын хувьд 20 хүн тутмын нэг нь 60-аас дээш насныхан байна. Монгол Улсын хүн амын насны бүтцэд өөрчлөлт орж, дундаж наслалт уртасч байгаатай холбоотойгоор ахмад настны тоо ойрын жилүүдэд хоёр дахин өсөхөөр байна.

Манайулсын эдийн засаг хүндрэлтэй байгаа ч бид ахмад настныамьдралын чанар, аж байдлыг сайжруулах, хөгжил, оролцоог дэмжих, үйлчилгээ авах боломжийг нэмэгдүүлэх бодлогод онцгой анхаарч үр дүнг  нь ахмадууд маань хүртэх бодит ажлуудыг 2016-2020 онд хэрэгжүүлэхээр Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөртөө тодорхой зорилтуудыг тусган ажиллаж байна гэж тэрээр тэмдэглэлээ.

Засгийн газрын санаачилгаар Ахмад настны тухай болон Алдар цолтой ахмад настанд төрөөс нэмэгдэл, хөнгөлөлт олгох тухай хуулиудыг Улсын Их Хурлаар хэлэлцүүлэн батлууллаа.

Ахмад настны тухай хуулиар ахмад настны эрхийг баталгаажуулсны дээр тэдэнд чиглэсэн шинэ  төрлийн олон үйлчилгээг бий болгож, “Насны хишиг” олгохоор боллоо. Засгийн газар уг хуулийн хэрэгжилтийг хангах бэлтгэл ажлыг богино хугацаанд хангаж, үйлчилгээг хүндрэл, чирэгдэлгүйгээр хүргэх бололцоог олгоно гэлээ.

Түүнчлэн “Ахмадын өргөө”-г аймаг, сум, хороо  бүрт, асрамж, нөхөн сэргээх сувиллын бүсчилсэн төвүүдийг цогцолбор байдлаар бий болгоход гадаад, дотоодын болон олон улсын хандивлагч байгууллагуудын хөрөнгө оруулалт, ялангуяа хувийн хэвшлийн аж ахуйн нэгж байгууллага, иргэдийн хүч нөөц, оролцоог дэмжиж ажиллах болно.

Өнөөдөр ахмад настны хөдөлмөр эрхлэлтийн асуудал чухлаар тавигдах болсон. Ахмадууд маань нэг талаас төрийн халамж, хамгаалалд байх нь зайлшгүй боловч нөгөө талаас тэд манай улсын хамгийн туршлага, мэдлэг хуримтлуулсан ажиллах хүчний нөөц юм.

Та бүхэнд оюуны хөдөлмөр эрхлэх асар их туршлага, нөөц байна. Хойч үе, үр хүүхдээ зөв хүмүүжүүлэх арга ухаан, амьдралын туршлага байна. Ахмадуудын маань энэхүү үнэт зүйлс хүүхэд, залууст цаашилбал Монгол орны хөгжилд ихээхэн тус нэмэр болох учиртай.

Засгийн Газраас Ахмадын зөвлөх үйлчилгээг бий болгож, ахмадуудаар байгууллага, хүмүүст зөвлөгөө өгөх ажлыг гэрээгээр, түр хугацаагаар хийлгэх, ахмадууд арвин их мэдлэг, туршлагаа залуустайгаа хуваалцах, тэдэнд өвлүүлэх боломж бүрдүүлэн ажиллана гэж Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат онцолж хэллээ.

Цаашид эдийн засгийн өсөлт нэмэгдэж, улсын төсвийн орлого нэмэгдэх нөхцөлд тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг инфляцийн түвшин, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй уялдуулан нэмэгдүүлэх бодлогыг баримтлана.

Ахмадуудад орлогоо нэмэгдүүлэх, хөгжих шинэ шинэ боломжуудыг бий болгож, шинээр тэтгэвэр тогтоолгох иргэдийн тэтгэвэр бодох цалингийн итгэлцүүрийг шинэчлэн тогтоохоор ажиллах байна гэж Засгийн газрын тэргүүн Ж.Эрдэнэбат хэлээд ахмадууддаа урт наслаж, удаан жарган, үр хүүхдүүд, төр улсдаа түшиг болж явахын ерөөлийг өргөн дэвшүүллээ.

УИХ-ын гишүүн, ХНХ-ын сайд Н.Номтойбаяр,

-Засгийн газраас Ахмад настны тухай хуулийг УИХ-аар хэлэлцүүлэн батлууллаа. Хуулийн хүрээнд 65-69 настанд 50, 70-79 настанд 80 мянга, 80-89 настанд 150 мянган төгрөг, 90-ээс дээс настай бол 250 мянган төгрөгийг “Насны хишиг” болгон жилд хоёр удаа олгоно. Тэтгэврийн зээлийн хүү жилийн 18 хувь байсныг 15 болгож буурууллаа. Мөн ахмад настнууд тэтгэвэр авах банкаа өөрөө сонгох тогтолцоог бүрдүүлж, одоогоор 12,8 мянган ахмад настан тэтгэвэр авах банкаа өөрөө сонгоод байна зэрэг мэдээллийг хэлсэн үгэндээ тэмдэглэлээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Шинэ хоршоо” хөтөлбөрийн хүрээнд малчдын сарын орлогыг 5 сая төгрөгт хүргэх боломжийг бүрдүүлнэ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл өглөө. ЗГХЭГ-ын …