Ойрын хэдэн жилийн хугацаанд засвар үйлчилгээ хийгээгүй байсан “Нарантуул” олон улсын худалдааны төвийн хүнсний зах энэ сарын 23-нд бүрэн шатаж 53 настай О гэгч эмэгтэй амиа алдаж, 300 гаруй түрээслэгч хохироод буй. Түймэр гарсан өдөр захад жижүүрт гарсан нэг манаач, хоёр цахилгаанчныг “бусдын эд хөрөнгөд болгоомжгүйгээр хохирол учруулсан” хэмээн буруутгаж, сэжигтнээр татаад байсан бол “Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа сахиулах үүргээ биелүүлээгүй” гэсэн үндэслэлээр Нарантуул захын менежер, зохион байгуулагч гээд нийт 10 хүнд эрүүгийн хэрэг үүсгэлээ. Цагдаагийн байгууллагаас хэд хэдэн хүнийг оргон зайлж болзошгүй хэмээн үзэж 14 хоногийн хугацаатай ШШГЕГ-ын харъяа Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулаад буй.
Харин зах шатсан объектын гал түймэртэй холбогдуулан Баянзүрх дүүргийн Цагдаагийн хэлтсийн Эрүүгийн тасаг УИХ-ын гишүүн асан Ш.Сайхансамбуугийн эхнэр болох Г.Оюунсогоо-д Эрүүгийн хуулийн 138.2 дэхь хэсэгт заасанчлан эрүүгийн хэрэг үүсгээд байна. Одоогоор Г.Оюунсогоог БЗД-ийн цагдаагийн хэлтсээс шалгаж байгаа бөгөөд түүнийг хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа сахиулах үүргээ биелүүлээгүйгээс хүний бие амь нас, эд хөрөнгөд хохирол учруулсан хэмээн буруутгаж, сэжигтнээр татжээ.
Одоогоор галын шалтгаан нөхцөл бүрэн тогтоогдоогүй байгаа бөгөөд зарим эх сурвалжууд хүнсний зах дотор үйл ажиллагаа явуулж байсан олон тооны цайны газруудын хэрэглэж байсан “газ”-наас болсон байж болзошгүй хэмээн таамаглаж байна. Уг нь захын аюулгүй ажиллагааг сахиулах үүднээс 2008 оноос эхлэн Нарантуулын цайны газруудыг баллонтой газ ашиглахыг хориглосон байгаа юм. Гэвч хэргийн газрын үзлэгээр шатсан хүнсний захад үйл ажиллагаа явуулж байсан 28 цайны газрын 24 нь 5 литрийн баллонтой газ ашиглаж байсан нь тогтоогджээ. Нөгөөтэйгүүр зарим эх сурвалжууд гал доороос биш, таазнаасаа эхлэн гарсан хэмээн мэдэгдэж байсан юм.
эх сурвалж: аравт.мн