УИХ-ын дарга:Эх орон байгаа цагт эр цэргийн тангараг цуурайтсаар байх учиртай

Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд /2017.03.17/ Офицериудын ордонд болсон “Монгол цэргийн өдөр”, Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 96 жилийн ойд зориулсан баярын арга хэмжээнд оролцов.

Энэхүү арга хэмжээнд Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ, Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Ж.Энхбаяр, Батлан хамгаалахын дэд сайд Т.Дуламдорж нар байлцлаа. 

Энэ үеэр Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд баярын мэндчилгээ дэвшүүлж, төрийн дээд шагнал одон, медаль хүртсэн цэргийн албан хаагчдад шагналыг нь гардууллаа.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Цэргийн гавьяаны улаан тугийн одонгоор Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлагч, бригадын генерал Б.Амгаланбаатар, Зэвсэгт хүчний 014 дүгээр ангийн захирагчийн орлогч, хурандаа Т.Жаргалсайхан, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулгын Архив, урын сангийн эрхлэгч Б.Мөнхцэцэг, Цэргийн гавьяаны одонгоор  Зэвсэгт хүчний 089 дүгээр ангийн үйлчилгээний ротын жолооч, ахлах ахлагч Я.Батбаяр, Зэвсэгт хүчний 303 дугаар ангийн Ми-171Е нисдэг тэрэгний их бие, хөдөлгүүрийн үйлчилгээний бүлгийн дарга, ахмад Ж.Цогтдорж, Алтан гадас одонгоор Зэвсэгт хүчний 011 дүгээрангийн нярав Д.Оюунгэрэл, Цэргийн хүндэт медалиар Батлан хамгаалах яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын мэргэжилтэн, дэд хурандаа Г.Ариунболд,  Зэвсэгт хүчний 032 дугаар ангийн ротын захирагч, ахмад Ж.Баярцогт, Хөдөлмөрийн хүндэт медалиар БХЯ, Зэвсэгт хүчний Жанжин штабын Үйлчилгээ аж ахуйн хэлтсийн үйлчлэгч М.Лхагвасүрэн, Зэвсэгт хүчний 015 дугаар ангийн цэргийн галтогооны тогооч У.Батдэлгэр нар шагнуулжээ.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА МИЕЭГОМБЫН ЭНХБОЛДЫН ХЭЛСЭН ҮГ

Хүндэт ахмад дайчид, генерал, офицер, ахлагч, цэргийн алба хаагчид аа,

Та бүхэндээ болон та бүхнээр уламжлуулж цагдаа, тагнуул, онцгой байдлын салбарт алба хааж байгаа нийт бие бүрэлдэхүүнд  “Монгол цэргийн өдөр”-ийн дайчин, цогтой, гал халуун мэндчилгээг өргөн дэвшүүлье.

Өдгөөгөөс 96 жилийн тэртээ 1921 оны гуравдугаар сарын 18-ны өдөр Ардын журамт цэрэг Хиагт хотыг чөлөөлж, улс орныхоо бүрэн эрх, тусгаар тогтнолыг баталгаажуулах анхны түүхэн ялалтаа тунхаглаж байсан түүхтэй билээ. Тиймээс БНМАУ-ын Бага хурлын Тэргүүлэгчдийн тогтоолоор, 1946 оноос эхлэн энэ өдрийг албан ёсоор тэмдэглэж ирсэн юм.

Хожим нь 2003 онд Улсын Их Хурал “Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай” хууль батлан гаргаж, гуравдугаар сарын 18-ныг “Монгол цэргийн өдөр” болгож, нийтээр тэмдэглэж байхаар шийдвэрлэсэн билээ.

Энэ өдөр бол эх орноо батлан хамгаалах нэр хүндтэй, хариуцлагатай, ариун журамт үүргийг биелүүлж яваа цэргийн алба хаагчдын баярын өдөр төдийгүй, бүх монгол түмний бахархалт өдөр юм. Батлан хамгаалах үйл хэрэгт иргэн бүхэн хувь нэмрээ оруулах, хүүхэд залууст цэрэг, эх оронч хүмүүжил олгох, баатарлаг түүхээ танин мэдэж, өвлөн уламжлахад энэ өдөр онцгой ач холбогдолтой.

Гуравдугаар сарын 18-ны өдөр Монгол орон бусад өдрүүдийнхээс илүү өнгөлөг, улам ч жавхаа хийморьтой болох шиг надад санагддаг. Монгол эх орноо дээдлэх, алтан соёмбот төрийн далбаандаа сүслэх, дайчин эрсийн мөр зэрэгцсэн жагсаал дор эх орны хөвгүүдээрээ омогших бахархал чухамхүү энэ өдөр л хамгийн тод илэрдэг билээ.

Эзэн Чингисийн эрэлхэг баатруудаас эхлээд өнөөдөр хилээ манаж, бүтээн байгуулж, энхийн үйлст дэлхийн цэргүүдтэй хөл нийлүүлж яваа алба хаагчид хүртэлх монгол цэргийн түүх бол монголчуудын даян дэлхийд үнэлэгдэх үнэ цэнэ, мартагдашгүй дурсагдах алдар гавьяаны цадиг шастир билээ.

Монгол хүн бүхэн монгол цэрэгтээ хайртай, тэднийгээ хүндлэн дээдэлж ирсэн. Чухам тиймийн учир Монгол Улсын Их Хурал бүрэн эрхээ хэрэгжүүлж эхэлсэн анхны ээлжит чуулганаараа Батлан хамгаалах тухай, Зэвсэгт хүчний тухай, Цэргийн алба хаагчийн эрх зүйн байдлын тухай, Цэргийн албаны тухай гэсэн багц хуулиудыг шинэчилж, батлан гаргасныг та бүхэн мэдэж байгаа.

Эдгээр хууль батлагдсан нь Монгол Улсын өөрийгөө батлан хамгаалах чадварыг бэхжүүлэх, Зэвсэгт хүчний байгуулалтын тогтолцоо, түүний үндэс, зарчмыг шинээр тодорхойлох, нэгдмэл байдлыг хангах, цэргийн алба хаагчийн эрх зүй, нийгмийн баталгааг сайжруулах, Монгол Улсын иргэн эх орноо батлан хамгаалах бэлтгэл эзэмших, цэргийн алба хаахтай холбогдсон харилцааг улам боловсронгуй болгоход томоохон ач холбогдолтой хуулиуд болсон.

Монгол Улсын төрийн цэргийн байгууллын улс төрийн дээд удирдлагыг хэрэгжүүлэгчийнхээ хувьд Монгол Улсын Их Хурал цэргийн алба хаагчдынхаа үүргээ гүйцэтгэх нөхцөл баталгааг хангах, цалин хөлс, тэтгэвэр тэтгэмж, хөнгөлөлт нэмэгдэл, шагнал урамшууллын асуудалд онцгой анхаарал хандуулж байгаа бөгөөд цаашид ч монгол төр Та бүхнийг эрхэмлэн дээдэлсээр байх болно.

Хүндэт дайчид аа,

Монгол төрийн түүхээр аялахад монгол цэргийн түүхийн зам мөр тэнд заавал дурайж байдаг. Энэ бол төр, цэрэг хоёр ямагт хамт оршсоор ирсний гэрч билээ. Цаашид ч энэ уламжлал мөнх үргэлжлэх нь дамжиггүй юм. Төр байгаа цагт цэрэг байна. Эх орон байгаа цагт эр цэргийн тангараг цуурайтсаар байх учиртай.

Тиймээс аминаас ч илүү алтан хил, дархан орныхоо өмөг найдвар, бат түшиг болсон Та бүхний яруу алдар үеийн үед бадарсаар байх болтугай хэмээн ерөөе.

Монгол Улсынхаа төлөө ХАМТДАА ЗҮТГЭЦГЭЭЕ.

Санал болгох мэдээ

Г.Занданшатар: Мал аж ахуйд тулгамдаж буй асуудлыг хоршиж, нэгдэх арга замаар л шийдвэрлэж чадна

“Шинэ хоршоо” хөдөлгөөн арга хэмжээнд хот, хөдөөгийн 3100 гаруй малчид, хоршоологчид хөдөө аж ахуйн салбарт …