Сүрьеэ – сүрьеэгийн савханцаргэгдэх нянгаар үүсдэг халдварт өвчин. Ихэнх тохиолдолд (70%) уушгийг гэмтээдэг ч бусад аль ч эрхтэнг гэмтээж болно.Энэ өвчнөөр хэн ч өвчилж болно. Учир нь ханиад томуутай ижил амьсгалын замаар халдварладаг юм. Сүрьеэгээр гэмтдэггүй эрхтэн гэж байдаггүй ч өвчилсөн хүмүүсийн ихэнх нь уушигны сүрьеэгээр өвчилдөг байна. Уушигны сүрьеэгээр өвчилсөн, цэрэнд нь сүрьеэгийн нян байгаа хүмүүс энэ өвчний халдварыг тараадаг байна. Тэдний ханиалгах, найтаах, цэрээ хаях, тэр байтугай ярих , дуулахад ч сүрьеэгийн нян агаарт цацагдан бохирдсон энэ агаараар нь амьсгалсан хүмүүс сүрьеэгийн халдвар авдаг. Гэхдээ энэ агаараар амьсгалсан хүн бүр халдвар авахгүй.
Халдвартай сүрьеэтэй хүний гэр бүлийнхэн халдвар авч, биеийн эсэргүүцэл суларсан үедээ өвчлөх аюултай. Харин нийтийн унаа юмуу олон нийтийн газарт сүрьеэтэй хүн ханиалгаж байвал тэр хүнээс халдвар авах нь бага байдаг.
Мөн сүрьеэгийн нян аяга таваг, өмссөн хувцас зэргээр дамжин халдварлахгүй.Сүрьеэ өвчнийг уушгины ба уушгины бус сүрьеэ гэж ангилна. Уушгины сүрьеэ 70%-ийг эзлэх бөгөөд дотор нь түрхэц эерэг, түрхэц сөрөг гэж хуваадаг.
Сүрьеэ – амьсгалын замаар тархдаг халдварт өвчин
халдвар тархах гол эх уурхай – халдвартай сүрьеэгээр өвчилсөн хүн
Сүрьеэгийн халдвар авсан эсэхийг тодорхойлох арга нь сүрьеэгийн сорил юм. Хэрэв хоол унд дутмаг, сэтгэл санаагаар унах, бусад халдварт өвчнөөр өвчлөх, архи тамхи тогтмол хэрэглэх, ядрах нэг үгээр хэлэхэд хүний биеийн эсэргүүцэл сулрахад “унтаа” нянгууд сэрж эд эрхтэнг гэмтээж эхэлнэ. Энэ тохиолдолд сүрьеэгээр өвчилсөн байна гэж хэлдэг. Та ажил амралтаа зөв зохицуулж, тогрмол хооллож, архи тамхи хэрэглэхгүй байвал таны биеийн эсэргүүцэл сулрахгүй, улмаар сүрьеэгээр өвчлөхгүй байж болно.
Сүрьеэ өвчний шинж тэмдэг
Хэрэв хүний биеийн эсэргүүцэл суларвал сүрьеэгийн нян үржиж эхлэнэ. Энэ үед сүрьеэгээр өвчиллөө гэж хэлнэ. Уушигны сүрьеэгийн үед:
• Удаан хугацаагаар (2 долоо хоног ба түнээс дээш) ханиалгах
• Цээжээр өвдөх
• Цустай буюу цэртэй ханиалгах болон доорхи бусад шинж тэмдэгүүд илэрч болно.
• Бие суларч ядрах
• Жин буурах
• Хоолонд дургүй болох
• Халуурах
• Шөнө хөлрөх
Мөн түүнчлэн сүрьеэгийн нян нь цус, тунгалагийн шингэнээр дамжин бусад эрхтэнүүдэд тархан яс, булчирхай, шээс бэлэг эрхтэн, тархи нугасны сүрьеэг үүсгэж болно. Энэ хэлбэрийн сүрьеэг уушигны бус эрхтэний сүрьеэ гэдэг ба өвчилсөн хүмүүс нь бусад хүмүүст халдвар тараах аюулгүй. Танд дээрх зовиур мэдэгдвэл эмчид хурдан үзүүлэхээс гадна таны гэр бүлийнхэн, хамт ажилладаг хүмүүс, ойр дотныхонд ийм шинж тэмдгүүд илэрвэл эмнэлэгт очихыг зөвлөөрөй.