Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Ардын их хурал” хөдөлгөөнөөс санаачлан зохион байгуулсан “Улаанбаатар зөвлөлдөх уулзалт”-д оролцогчид Монголын улс төр, нийгэмд үүсээд буй буруу жишгийг өөрчилж, сайжруулах арга зам нь хоёр танхимтай парламент бүхий тогтолцоо гэдэгт санал нэгдэв.
Тус хөдөлгөөнөөс өмнө нь буюу энэ сарын 16-нд зохион байгуулсан зөвлөлдөх уулзалтад олон иргэн санал бодлоо илэрхийлэн, цаашид ийм уулзалт зохион байгуулах хүсэлт гаргасны дагуу энэхүү уулзалтыг өнөөдөр Соёлын төв өргөөнд зохион байгууллаа.
Монгол Улсын хувьд 1990-1992 онд хоёр танхим бүхий парламентын тогтолцоотой байсан бөгөөд 1990 онд АИХ-аар ардчилсан Үндсэн хуулиа шинэчлэн баталсан. Харин өдгөө нэг танхимтай 76 гишүүн бүхий УИХ олон нийтийн итгэлийг хүлээх бус олигархиудын эрх ашгийг хамгаалах байгууллага болон хувирч байгаа учир энэ тогтолцоог халах ёстой. Монгол улсын эдийн засаг хямарч, ард иргэдийн амьдрал ахуй хүнд нөхцөл орсон нь төрийн тогтолцооноос үүдэлтэй гэж тэд үзэж байна.
Зөвлөлдөх уулзалтыг нээж “Ардын их хурал” хөдөлгөөний ерөнхий зохицуулагч Б.Батсүх үг хэлэв.
Тэрбээр хэлэхдээ, “Бидний хэсэг нөхөд АИХ хөдөлгөөнийг байгуулан, төрийн тогтолцоог өөрчилж, засаглалын хямралд цэг тавих санал санаачилга дэвшүүлэн, олон нийтээр хэлэлцүүлэх, түгээн сурталчлах үйл ажиллагааг өрнүүлсээр хагас жилийг үдлээ. Цөөнхийн засаглалтай, олонхийн бухимдалтай одоогийн манай тогтолцоо гадны нөлөөнд автах эрсдлийг дагуулж, үндэсний аюулгүй байдалд заналхийлж байна. Ард түмэн эрхээ хэрэгжүүлдэг АИХ-тай болж, түүгээр хууль бодлогоо тодорхойлдог УИХ-ыг хянаж, ташуурдах тогтолцоог бүрдүүлж, цөөнхийн засаглал, хуйвалдааныг эцэс болгон үндэсний зөвшилцөл хэрэгжсэн жинхэнэ ардчилсан хүнлэг нийгмийг байгуулах шаардлагатай боллоо. Тогтолцоог өөрчлөх хувьсгалд хүч нэмж, ирээдүй хойчдоо авралын гараа сунгахад та бүхнийг уриалан дуудаж байна” хэмээн онцлов.
АИХ-ын депутат, Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэн: Монгол Улсын төрийн тогтолцоог халах цаг болсон. Бидний амьдрал мөнгө хүүлэгчдийн гарт шилжиж байна. Төрийн эрх мэдлийг ард түмний гарт өгөхгүйгээр энэ тогтолцоог өөрчлөх боломжгүй. Тайван замаар Монгол Улс нийгмээ төвхнүүлж хамгийн их эгзэгтэй үед Улсын бага хуралтай байж, давсан. Хоёр танхимтай болгоно гэдэг ганцхан монголд хийх гэж байгаа зүйл биш. Ардчиллын соёлтой бүх оронд байдаг л зүйл. Үүнээс тойрч гарах арга байхгүй.
АИХ-ын депутат асан Б.Лханаасүрэн: Энэ хөдөлгөөнийг 1992 онд Үндсэн хууль батлалцсан 430 депутатын дийлэнх нь дэмжиж байгаа. Тиймээс манай депутатууд идэвхтэй оролцож үгээ хэлж байна. 1990-1992 онд Ардын их хурал, Улсын бага хурал гэсэн хоёр танхимтай байхад төрийн эрх ард түмний мэдэлд байсан. Харамсалтай нь бид АИХ-аа үгүй хийгээд УИХ-д төрийн эрх мэдлийг шилжүүлсэн нь хамгийн том алдаа болсон юм. АИХ-ыг дахин байгуулж, хоёр танхимтай парламентын тогтолцоотой болсон нөхцөлд нам дамжиж, намын нэрээр төрийн зөөлөн суудалд тухлан суусан хөрөнгө мөнгөтэй, эрх мэдэлтнүүд оршин суух бололцоогүй болно. Энэ хүмүүсийн үйл ажиллагаанд АИХ хяналт тавьдаг байх юм.
Уулзалтад оролцогчид 1990-1992 онд монголчууд амжилттай хэрэгжүүлж, үр дүнг нь үзсэн Ардын их хурал болон Улсын бага хурлаас бүрдэх хоёр танхимтай парламентын тогтолцоог эргэн сэргээхийг дэмжиж буйгаа илэрхийлж байв.
Энэ үеэр “Ардын их хурал” хөдөлгөөнөөс ирэх сарын эхээр тайван жагсаал хийхээр болсноо мэдэгдсэн юм.
Энэ удаагийн зөвлөлдөх уулзалтад тус хөдөлгөөнийг дэмжигч нийслэл болон орон нутгийн 500 гаруй төлөөлөл оролцов.
Ж.Болор
Эх сурвалж: Монцамэ