Нийслэлийн Ардчилсан намын дарга Э.Бат-Үүлтэй ярилцлаа.
-АН их хурлаа хийж, үндсэн дүрмээ өөрчлөх зэргээр сүүлийн үед нэлээд их өөрчлөлтүүдийг хийж буй. Таны хувьд эдгээр өөрчлөлтүүдийг хэрхэн хүлээн авч байгаа вэ?
-АН шинэчлэл хийх үйл ажиллагаагаа эхлүүлж байна. Өөрөөр хэлбэл, шинэчлэл хийхээр хичээж байна. Харин шинэчлэгдчихлээ гэдэг асуудлыг бол хийж буй өөрчлөлтүүдийн үр дүнг харж байж л ярих асуудал юм. Ер нь АН-ыг бүрэн шинэчлэхийн тулд зөвхөн Ардчилсан намын үйл ажиллагааны хүрээгээр хязгаарлагдахгүй гэж бодож байна.
Угтаа бол төрийн тогтолцоог өөрчилж байж, намууд жинхэнэ утгаараа шинэчлэгдэх чиглэл рүүгээ явна. Хэрвээ төрийн тогтолцоо одоогийнх шиг олигархын тогтолцоогоороо байгаад л байвал нам олигархынх хэвээрээ байна. Тиймээс шинэчлэлийг утгаар нь хийхийг хүсэж байгаа бол цаана нь төрийн тогтолцоог өөрчилж байж намууд бүрэн шинэчлэгдэх боломжтой.
-Ирэх ням гарагт АН-ын дотоод сонгууль болох гэж байна. Та нэр дэвшиж байгаа хүний хувьд сүүлийн үед зөв, буруу гэж яригдаад байгаа дэнчингийн асуудал дээр ямар байр суурьтай байгаа вэ?
-Дэнчингийн асуудал нэг талдаа сонгогдох эрхийг гарцаагүй зөрчөөд байгаа юм. Өөрөөр хэлбэл, дэнчингийн мөнгийг тушааж чадахгүй бол сонгогдох эрхгүй гэсэн үг. Тэгэхдээ нөгөө талдаа нэр дэвшин өрсөлдөж байгаа хүмүүсийн сонгуулийн ажлыг зохион байгуулахад нэлээд их хэмжээний зардал гарна. Тэгвэл тэр зардлын тодорхой хувийг тухайн нэр дэвшигч хариуцах ёстой. Тиймээс ч арга байхгүй дэнчин тавьсан. Зүгээр л гишүүдийн татварын мөнгөөр хэн нэгний сонгуулийн ажлыг хийгээд байж болохгүй.
Ер нь өнөөгийн төрийн тогтолцоотой уялдсан дэнчингийн сонгууль хийж байгаа гэж хэлж болно. Хэрвээ энэ залуусын хүсээд байгаа шиг Ардын их хурал /АИХ/ гэдэг танхим байгуулагдчихвал тухайн АИХ-ын тойрог дээр мөнгөний сонгууль болохгүй. Учир нь нэг сум буюу хороо АИХ-ын тойрог болно. Тэгвэл сум гэдэг нь үндсэндээ танилын холбоо шүү дээ. Тиймээс тухайн суманд нэр дэвшигч морь унаж тойроод ч болов иргэдтэйгээ уулзчих боломжтой учраас их хэмжээний мөнгө шаардагдахгүй.
Гэхдээ огт зардал гарахгүй байна гэж байхгүй. Тодорхой хэмжээний зардал гарна. Тухайлбал, сонгуулийн сурталчилгааны тараах материал хэвлэхээс эхлээд зардал гарна. Түүнийгээ ах, дүү, хамаатан садан, найз, нөхдөөсөө цуглуулчихаж болно. Гэтэл том тойрогтой УИХ-ын сонгуульд ийм боломж хэнд ч байхгүй. Тухайлбал, зарим газар УИХ-ын нэг тойрог нь нэг аймаг байгаа. Тиймээс нэр дэвшигч тухайн аймгаар бүтэн тойрч, сонгогчидтойгоо уулзана. Зардал нь бараг 100 сая төгрөг болно.
Тэгвэл ийм хэмжээний мөнгө төлж чадахгүй л бол тухайн хүн нэр дэвшээд ч сонгогчидтойгоо уулзаж чадахгүй. Тиймээс томорсон тойрог дандаа мөнгөний босготой болчихоод байгаа. Том үйл ажиллагаа явагдаж байгаа учир дэнчин тавихаас өөр арга байхгүй. Ер нь ийм том тойргоос бүрддэг төрийн тогтолцоо байгаа тохиолдолд мөнгөтэй л хүн төрд орно. Харин АИХ шиг жижиг тойрогтой болоод тэндээс төр бүрддэг байх юм бол мөнгөний сонгууль гэж байхгүй болно.
-АИХ гэснээс “Ардын их хурал хөдөлгөөн”-өөс санаачлан зохион байгуулж буй зөвлөлдөх уулзалт хэр үр дүнтэй болж байна вэ?
-Энэ зөвлөгөөн их үр дүнтэй болж байна. Бүр миний бодож байснаас ч илүүтэйгээр хүчээ авч байна. Уг нь төрийн эрх мэдлийг хөрөнгө мөнгөтэй цөөнхөд алдаад дууслаа. Тиймээс үүнийг таслан зогсоож, жинхэнэ ард түмэнд засгийн эрх мэдлийг олгохын тулд сум, хороо бүрээс депутат нь сонгогддог АИХ гэсэн танхимтай болох тухай бараг 10-аад жилийн өмнөөс яриад байгаа. Үүнийг хуучин депутат байсан хүмүүс, би ч, бусад хүмүүс ч ярьсан.
Тухайн үедээ нийгэм огт хүлээж авахгүй байсан. Гэтэл одоо нийгэм хүлээж авахаар барахгүй залуучууд илүү сонирхож байна. Залуучууд сонирхох нь ойлгомжтой. Өнөөдөр УИХ шиг их мөнгө нэхдэг төр байгуулах гэж байгаа бол энэ залуучуудад төрийн эрх мэдэлд оролцох боломж байхгүй. Харин АИХ бол залуучуудад төр болоод төрийн эрх мэдэлд оролцох, нийгмээ удирдах бололцоог олгоно. Тиймээс ч залуучууд үүнийг сонирхоод байгаа байх гэж харлаа. Үнэхээр хүчээ авч байна шүү дээ.
-Ерөнхийлөгчийн сонгууль болох дөхөж байна. Цаг хугацаа ойртох тусам нэр дэвшигчдийн асуудлаар шуугьж буй. Таны хувьд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших бодол бий юу?
-Би Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших сонирхолтой байгаа. Гэхдээ хэнийгээ нэр дэвшүүлэх эсэх нь манай намын сунгаагаар шийдэгдэх асуудал. Улмаар намын гишүүдийн олонх нь дэмжсэн хүнийг Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэх юм. Тиймээс ч би сунгаагаар гишүүдийнхээ дэмжлэгийг авч чадвал Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших болно. Ийнхүү нэр дэвших гэж байгаа маань шалтгаантай.
Тэр нь улс төрийн өнөөгийн тогтолцоог өөрчлөх юм. Ер нь энэ улс төрийн тогтолцоог өөрчлөхгүй бол үнэхээр болохгүй байна. Тиймээс АИХ гэх танхимыг бий болгох, Үндсэн хуулийн өөрчлөлтийг хийх, энэ үзэл санаагаа нийгэмд хүргэж, дэмжлэг авах шаардлагатай байна гэсэн үндсэн дээр би Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихийг хүсэж байгаа юм. Түүнээс биш Ерөнхийлөгчийн албан тушаал гэх мэт энгийн зүйлийг сонирхох төдийхнөөр оролцох бол надад үнэхээр сонин биш.
Би өнгөрсөн намар “Цензургүй яриа” нэвтрүүлэгт орохдоо ч хэлж байсан. Ер нь Ерөнхийлөгчийн болон намын даргын сонгууль бол улс төрийн тогтолцоог өөрчлөх хувьсгалын хажууд 10 дахин жижиг асуудал. Өнөөдөр нийгмээ эрүүл, зөв зүйтэй болгоё гэвэл тогтолцоог л өөрчлөх ёстой. Тогтолцоог өөрчлөхдөө бага хурал, АИХ гэсэн хоёр танхимтай болгох хэрэгтэй гэдэг зүйлийг хэлж байлаа. Одоо ч би үүнийгээ л хэлнэ.
Тэгэхээр миний Ерөнхийлөгчид нэр дэвших гэж байгаа зорилго бол энэ улс төрийн зорилтоо хэрэгжүүлэхэд л оршиж байгаа. Өөрөөр хэлбэл, төрийн тогтолцоог өөрчлөхийн тулд Ерөнхийлөгчийн сонгуулийг ашиглах гэж байгаа юм.
-АН-ын гишүүд таныг хэр дэмжих бол. Одоо фракцууд нь намын даргаа хүлээн зөвшөөрөхгүй байх зэргээр дотооддоо зөрчилтэй л байгаад байх шиг?
-Намын даргыг хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ одоогоор ямар ч фракц албан ёсоор мэдэгдээгүй байна. Зүгээр фракцын гэх нэр бүхий гишүүд намын даргын явуулж байгаа үйл ажиллагааг шүүмжилж байгаа явдал бий. Түүнээс “С.Эрдэнэ намын дарга биш шүү, бид хүлээн зөвшөөрөхгүй байна” гэж хэн ч хэлээгүй. Гэхдээ өнөөдөр нам бол зүгээр л эрх мэдлийн төлөө зүтгээд байна. Гэтэл тэдгээр хүмүүс яах гэж, юуны төлөө эрх мэдэлтэй болох гээд байгаа юм. Юуны төлөө Засгийн эрхийг авах гээд байгаа юм бэ. Нийгмээ л өөрчилж, ард түмнийхээ амьдралыг сайн сайхан болгохын төлөө зүтгэх ёстой биз дээ.
Үр хүүхдээ бохир биш эрүүл саруул нийгэмд амьдруулахыг хүссэн зорилготой байх ёстой. Гэтэл энэхүү зорилгоо хойш нь, эрх мэдлээ урд нь тавиад байгаа явдал нь намуудын доторх ёс суртахууны уналтаас авахуулаад, зах замбараагүй байдлын шалтгаан болоод байгаа юм.
-АН-ын дотоод асуудал нь ихдээд сөрөг хүчний ажлаа муу хийгээд байна гэх шүүмжлэл гарах боллоо. Нийслэлийн Ардчилсан намын даргын хувьд энэ бүхнийг та юу гэж харж байгаа вэ?
-Үнэхээр АН сул сөрөг хүчин үү гэвэл тийм. Үүнийг өнгөрсөн намраас хойш бид намынхаа дотоод шинэчлэл рүү хэт их анхаарчихсантай холбоотой гэж харж байгаа. Намаа хамарсан өргөн хүрээний шинэчлэлийн үйл ажиллагаа хийж байгаа учир тэр асуудал руугаа анхаарчихсан учир сул байсан гэж харж байгаа юм. Тиймээс энэ шинэчлэлийн үйл ажиллагаа өрнөөд өнгөрсний дараа бол асуудал өөр болно гэж бодож байна.
-Эрх баригчид эдийн засгийг эрчимжүүлэх асуудлын хүрээнд нэлээн л юм болж байна. Одоо ОУВС-ийн хөтөлбөрт хамрагдахаар төсвийн тодотголоо өргөн бариад байгаа. Та МАН-ынхан удаа дараа хариуцлагагүй мэдэгдэл хийж, Монгол Улсын эдийн засгийг хоёр хоногийн дотор “үгүй” хийсэн гэж шүүмжилж байсан?
-Одоо ОУВС-ийн хөтөлбөрт хамрагдах гэж байгаа нь нааштай сайн зүйл. Учир нь Монгол Улсын эдийн засгийн байдал өнөөдөр ямар байгаа вэ гэдэгт ОУВС баталгаа нь болж байна. Хэрвээ ОУВС-гийнхан “Эдний эдийн засаг болохоо байлаа” гэчихвэл бидэнтэй хэн ч тоож харьцахгүй болно. Хэн ч манай улсад хөрөнгө оруулалт хийхгүй. Гэтэл ОУВС-гийнхан манай улстай гэрээ хэлцэл хийгээд байгаа гэдэг нь Монгол Улсын эдийн засаг бүр ч “тавиад туучихаагүй” юм байна гэдэг ойлголтыг олон улсад өгч байгаа юм. Тиймээс товчхондоо хүссэн ч, эс хүссэн ч ОУВС манай эдийн засгийн баталгаа болчихоод байна.
Яг үнэндээ энэ Засгийн газар анх гарч ирээд маш ноцтой хариуцлагагүй мэдэгдлийг удаа дараа хийсэн. АН-ыг муулах гэж байгаа нь энэ гээд Монгол Улсын эдийн засгийг дампуурчихсан гээд зарлачихсан. Сангийн сайд, Ерөнхий сайд хоёр нь нийлээд илт гүтгэн гуйвуулах замаар Монгол Улсын эдийн засгийг хоёр хоногийн дотор үгүй хийсэн. Тэр даруйдаа Монгол Улсын зээлжих зэрэглэл навсайтал унасан. Ардчилсан намыг муу ажилласан гэж гүтгэхийн тулд улс орноо золиосонд гаргасан. Монголбанкны Ерөнхийлөгч нь дэлхий дахинд валютын нөөцийг хасах руу оруулж зарлаж байдаг.
Гэтэл валютын нөөц хасах болно гэж байдаггүй юм. Дээр нь Сангийн сайд 25.6 тэрбум ам.долларын өртэй байна гэлээ. Тэгвэл төр засагт тийм өр байхгүй. Ярих гэж байгаа л бол Засгийн газрынхаа л өрийг ярихгүй, хувийн хэвшлийнхээ өрийг нийлүүлж байгаад яриад байдаг нь яаж байгаа юм.
Гэтэл үүнийг нь гадныхан орчуулж ойлгохдоо Монгол Улс 100 жил ч төлж барахгүй өрөнд орчихсон улс байна гээд ойлгочихсон. 2016 оны гуравдугаар улирлын эдийн засгийн дүн мэдээг харвал тийм байгаагүй. Тэгж ярих юм бол 60-аад сая долларын гадаад худалдааны ашигтай, инфляц нь гуравхан хувьтай гээд макро эдийн засгийн үзүүлэлтүүд нь хэвийн байгаад байгаа. Харин Засгийн газар нь “Монгол Улсын эдийн засгийг дампуурчихсан” гэж зарлаад байсан.
Ингэж эдийн засгаа улстөржүүлсэн. Тухайн үед гадны мэргэжилтнүүд “Танай статистик мэдээлэл чинь зүгээр байна. Гэтэл Засгийн газар чинь бид дампуурчихсан гээд байна. Юу болоод байгаа юм бэ” гээд гайхаад байсан. Одоо харин эрх баригчдын аминд ОУВС л орох гэж байх шиг байна.
Өөрсдөө “бид дампуурчихсан” гэж зарлаад байсныг нь залруулаад, “үгүй энэ улстай ярьж, хэлэлцэж болох юм” гэдгийг олон улсад ойлгуулж өгч байна. Ийм хортой зүйл хийж болохгүй. Улс орон удирдаж байгаа гэдгээ бүрэн ухамсарлах хэрэгтэй.
-Таныг Хотын дарга байхад АСЕМ-ын ихэнх бэлтгэл ажил хийгдсэн. Улстөрч хүний хувьд их хүч гаргаж, бүтээн байгуулсан зүйлийг нь сөрөг хүчин чинь тууз хайчлахад ямар мэдрэмж төрж байсан бэ?
-Өнгөрсөн 2016 онд болсон сонгуулийн дараа АСЕМ хийсэн явдал бол маш мундаг зүйл байсан. Монгол шиг ийм шилжилтийн үе дээрээ явж байгаа ямар ч улс орон сонгуультайгаа зэрэгцүүлээд АСЕМ хийж зүрхлэхгүй байсан. Харин бид хийж чадсан. Учир нь АСЕМ-ын дээд төвшний уулзалтыг зохион байгуулахын тулд сонгуулийнхаа үеэр улс төрийн тогтвортой байдлын баталгааг гаргаж өгч хэн ч чадахгүй. Хэрвээ сонгуулийнхаа дараа муудалцаад унасан бол яах юм.
Гэтэл Монгол Улс сонгуулиа хийчихээд араас нь АСЕМ-аа хийчихсэн. Тиймээс АСЕМ-ын үеэр Ази, Европын төрийн тэргүүнүүд “Танай улсын ардчилал мундаг болсон байна. Хамгийн өндөр хөгжилтэй ардчилсан улс шиг тогтвортой болчихсон байна” гэж дуу алдаж байсан. Учир нь сонгууль нь болчихоод байхад юу ч болоогүй юм шиг л байсан. Тухайн үед төр барьж байсан улсууд нь АСЕМ-ынхаа бэлтгэл ажлыг хийчихээд, сонгуулийн дараа дараагийнхаа Ерөнхий сайд, Хотын даргадаа ажлаа хүлээлгэж өгчихөөд яваад өгсөн.
Биднийг ёстой биширсэн шүү дээ. Тиймээс ч бид олон улсад ийм гоё том оноо авчихсан байсан. Гэтэл АСЕМ-ын дараа шинэ Засаг нь Монгол Улсын эдийн засаг нь “бид дампуурчихсан” гэж зарлаад шоконд оруулаад хаячихсан даа.
-Таныг Хотын дарга байхдаа их хэмжээний мөнгө “идсэн, уусан” гэх үндэслэлээр АТГ-аас шалгаж байгаа гэх мэдээлэл цацагдаад байсан. Үнэхээр таныг шалгаж байгаа юм уу?
-Яг үнэндээ АТГ-аас энэ асуудлаар шалгаж байгаа зүйл байхгүй. Зүгээр л ийм гүтгэлэг яваад байна.
-Яагаад гүтгээд байгаа юм бол… Танд ямар нэгэн таамаг байна уу?
-Намайг Ерөнхийлөгч болчихож магадгүй гээд сандраад байгаа юм байлгүй дээ. Тэгээд л сандрахдаа гүтгээд байх шиг байна. Би гүтгээд байгаа хүмүүсийг шүүхэд өгчихсөн. Гэтэл тэр хүмүүс нь хөөрхий “Тохиролцсон гэрээ хийе” гэсэн. Өөрөөр хэлбэл, буруугаа хүлээе л гэсэн үг шүү дээ. Сүүлийн үед энэ гүтгэлэг гэдэг зүйл их системтэй болоод байна.
Нэг гүтгэлгийг няцаахад л цаанаас нь дахиад таван гүтгэлэг гарч ирээд байна. Гурван гүтгэлэг няцаахад л цаанаас нь ес гарч ирээд, хэцүү юм. Одоо бүр миний цагны зургийг тавиад л “15 мянган долларын үнэтэй”, “хослол нь 60 сая” гэчихсэн байх жишээтэй. Би чинь тийм үнэтэй цаг зүүж, 60 саяын хослол өмсөөд явах тэнэг хүн биш. Яах вэ, тийм модархуу хүмүүс байдаг л юм. Тэглээ гээд тэдний мангар надад ямар хамаатай юм бэ. Тэдний мангарыг би хариуцахгүй.
Ер нь тун удахгүй Э.Бат-Үүл эвэртэй давхиж явна гэвэл нэг их гайхаад байхааргүй болоод байна. Би бодоод байгаа юм. Сүүлийн үед ижил хүйстэн гэж их ярих болж. Тиймээс Э.Бат-Үүл ижил хүйстэн гээд гүтгээд унавал яана аа гэж бодож сууна. Нээрээ энэ гүтгэлэг гэдэг асуудлыг би бүр дийлэхээ байгаад байна.
-Төр нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зоригийн амийг хөнөөсөн гэх хүмүүсийг хоёр ч шатны шүүхээс яллачихлаа. Үүнтэй холбоотойгоор алуурчин мөн, биш гэж талцах хүн олширч байна. Энэ хэрэгтэй холбоотойгоор олон жил шалгагдаж байсан хүний хувьд та шүүх хурлыг юу гэж харж байгаа вэ?
-С.Зоригийн хэргийн алуурчин олдлоо гэдэг бол маш сайн мэдээ. Би маш их баяртай байгаа. Яагаад гэвэл бид нөхрийг минь алсан алуурчныг олох асуудал дээр нэхэл хатуутай байна гэдгээ удаа дараа хэлж байсан. Өөрөөр хэлбэл, уг хэргийн алуурчныг заавал олно гэдгээ Ц.Элбэгдорж ч, би ч хэлж байсан. Тэгвэл бидний энэ зорилт хэрэгжиж, алуурчид ил боллоо. Энэ хэрэгт ардчилсан хүчний лидерүүд маш их гүтгэгдэж байсан.
С.Зоригийн амийг зэрлэгээр хөнөөсөн хэрэг гарсны дараагаас л ардчилсан хүчний лидерүүдийн нэрсийг жагсааж байгаад гүтгэж эхэлсэн. Тухайлбал, Баабар, Ц.Элбэгдорж, Да.Ганболд, Э.Бат-Үүл гээд бүгд л нөхрөө хөнөөсөн хэрэгт гүтгэгдсэн. Прокурор ярихдаа энэ хэрэг захиалагчтай хэрэг байна гэж хэлсэн. Тэгэхээр би хувьдаа захиалагч нь олон түмнийг төөрөгдүүлэхийн тулд биднийг гүтгэсэн юм байна гэж бодож байгаа. Тиймээс гүжирдсэн хүмүүсийг нэг бүрчлэн шалгах хэрэгтэй. Яагаад хэрэг тогтоогдоогүй, шалгагдаж байхад гүжирдсэн юм.
Тухайн үед энэ хэргийг МАХН-ынхан хийсэн гээд дайрч байхад нь би “битгий ингэж бие биеэ гүжирдээрэй” гэж хэлээд гүйж явсан. Улмаар арай гэж МАХН-ын гүжирдлэг намжиж байтал Н.Багабанди гуайг алсан гээд л дайраад унасан. Мөн л би тухайн үед нь хэвлэлийн бага хурал хийгээд “Бие биеэ битгий гүжирдээрэй. Жинхэнэ алуурчин нь олдохгүй болчихно” гэж учирлаж байсан. Ингээд явж байгаад эргээд биднийг нөхрөө алчихсан гээд гүжирдээд унасан.
Энэ олон гүжирдлэг, гүтгэлэг дунд хамгийн томоор гүтгэгдэж 18 жил зовсон хүн бол би. Үнэхээр сэтгэл, санаа, нэр төрөөрөө маш их хохирсон. Ямар сайндаа л “Э.Бат-Үүл, Б.Булган хоёр секс хийгээд байж байсан чинь С.Зориг ороод ирэхээр нь алчихсан гэнэ” гэдэг зүйлийг сонин дээр бичсэн байх вэ дээ. Тэгээд нөгөө сониныг нь шүүхэд өгсөн чинь сонины эзэн гээд шартанги үнэртүүлсэн нөхөр ирсэн.
Тэгээд шүүхээс “Та яагаад сонин дээрээ ийм юм бичсэн бэ. Та энэ бичсэн зүйлээ нотлох хэрэгтэй” гээд асуусан. Гэтэл нөгөө хүн чинь “Автобусанд л хүмүүс тэгж яриад байсан шүү дээ” гэж хэлсэн. Энэ чинь одоо юу гэсэн үг юм бэ. Мөн Б.Галсансүх гээд нэг өвчтэй нөхөр нэг сонин дээр “Э.Бат- Үүл, Б.Булгантай садар самуун хийгээд байж байсан чинь С.Зориг орж ирсэн. Улмаар алуурчид нь орж ирээд С.Зоригийг алж байхад нь Э.Бат-Үүл айгаад, харж сууж байгаад алуулчихсан” гэж бичсэн.
Би садар самуун хүн биш. Намайг ийм бузар муухайгаар гүжирддэг байсан. Тэгээд би “яаж байгаа юм бэ” гээд шүүхэд хандсан. Гэтэл өнөөх чинь “Харин сонин борлогдож өгөхгүй байсан юм” гэдэг зүйлийг хэлсэн. Тэр хүний сонин борлогдохгүй байлаа гээд намайг ингэж гүжирдэж болохгүй биз дээ, би чинь хүн шүү дээ.
-Одоо энэ их гүжирдлэг, гүтгэлэг зогсох байлгүй дээ?
-Би зориуд хэлж байгаа. “Одоо бол хохино шүү. Намайг гүжирдсэн бүхнийг би олно шүү. Чи коментын ард нуугдаад ч нэмэргүй. Заавал олно. Заавал хуулийн байгууллагад өгнө” гэдгийг хэлж байгаа. 18 жил хангалттай гүтгүүлсэн. Одоо болсон. Шүүх, прокуроруудын хэлж буйгаар алуурчид нь олдчихсон. Тиймээс захиалагч нь олдож л таарна шүү дээ. Би тэр шүүх, прокурорын үйл ажиллагаанд хөндлөнгөөс оролцох гэж байгаа юм биш.
Гэхдээ дотроо бол шүүх хурлыг нь болж өгвөл ил тод, нээлттэй хийгээсэй гэж хүсэж байсан. Магадгүй тэр хууль энэ тэрд нь шалтгаан байгаа л байх. Би мэдэхгүй юм. Гэхдээ шүүх хурлыг ямар нэгэн шалтгаанаар хаалттай хийсэн байлаа ч энэ хэрэг цаг хугацааны эрхээр нээлттэй болно. Өөрөөр хэлбэл, захиалагч нь олдоод ирэхээр бүх зүйл нээлттэй болно гэдэгт би эргэлзэхгүй байна.