Монгол Улсын Ерөнхий сайд асан, МАН-ын дарга асан С.Баяр Англи улсад суух Элчин сайдаар томилогдсон. Түүнийг Хатан Хаан II Элизабетад итгэмжлэх жуухаа барьсантай зэрэгцэн Лондон хот дахь Монголын ЭСЯ-ны байрны гадаа тэнд амьдардаг монголчуудын эсэргүүцлийн тайван жагсаал эхэлсэн. Энэ жагсаал эхлээд 20 гаруй хонож байна.
Жагсагчид энэ сарын 27-нд Элчин сайд С.Баярыг эгүүлэн татахыг шаардсан Шаардах бичгийг 1000 хүний гарын үсгийг цуглуулсан баримтын хамт ЭСЯ-ны Консул Л.Отгонбаярт гардуулан өгсөн байна. Шаардах бичиг нь Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, УИХ-ын дарга М.Энхболд, Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат, Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил нарт хаяглагджээ. Консул Л.Отгонбаяр уг Шаардах бичгийг Төрийн өндөрлөгүүдэд дамжуулах юм. Жагсагчид хариугаа дөрөвдүгээр сарын 27-ны дотор өгөхийг шаардаж буй юм байна.
Түүнчлэн жагсаж буй хүмүүс Элчин сайд С.Баяртай хийсэн уулзалтын талаар байр сууриа илэрхийлэхдээ “…Саяхан болсон уулзалтад С.Баярын дэмжигчдийг голдуу оролцуулсан. Дараагийн удаад ийм уулзалт зохион байгуулахдаа эсэргүүцэж буй хүмүүсийг ч ижил тэгш оролцуулахыг хүсч байна” гэсэн юм.
Жагсагчид эсэргүүцлээ ингээд зогсоохгүй. Тун удахгүй Английн парламент, НҮБ-д энэ асуудлаар хандана. Мөн С.Баярыг эсэргүүцэж буй 100 мянган хүний гарын үсгийг цуглуулах ажлыг эхлүүлж байгаа гэдгээ мэдэгдсэн байна.
Эндээс үзвэл, Монгол Улсын Төрийн өндөрлөгүүдэд Элчин сайд С.Баярыг эгүүлэн татахыг шаардсан Шаардах бичиг иржээ. Үндсэн хууль хийгээд Дипломат албаны тухай хуульд зааснаар Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж УИХ-тай зөвшилцөн Элчин сайдыг томилох буюу эгүүлэн татна гэжээ.
Намын харьяалал, үзэл санааны зарчмын үүднээс нь харвал Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Элчин сайд С.Баярыг эгүүлэн татах саналыг УИХ-д гаргах магадлал бий. Үгүй ч байж болно. Харин УИХ уг саналыг хүлээн авах эсэх нь эргэлзээтэй юм. Тодруулж хэлбэл, өнөөдрийн УИХ-ыг МАН дангаараа шахам бүрдүүлж байна. Энэ нам УИХ-д 65 суудалтай. Тиймээс УИХ-аас ямар шийдвэр гарах нь эхлээд МАН-ын Тусгаар тогтнолын ордонд гардаг болсныг хэлэх хэрэгтэй. Энэ асуудал дээр ч ялгаагүй. Хэрэвзээ МАН-ын Удирдах зөвлөл С.Баярыг эгүүлэн татъя гэсэн шийд гаргах л юм бол УИХ-аас ийм шийдвэр гарна гэсэн үг. Тиймээс одоо С.Баярыг хэрхэхийг МАН шийднэ.
Эх сурвалж: Зууны мэдээ