Ил захидал. АН-ын журмын андууд, 27 жилийн түүхийг бүтээлцсэн үе үеийн гишүүд, ахмадууд, дүү нартаа
1990 оны Цагаан морин жилийн Ардчилсан хөдөлгөөн далан жил тогтсон үзэл суртал, далан жил ноёрхсон системийг цэрэг, армийн хүчгүйгээр түлхэн унагана гэдэг ой тойнд багтамгүй зүйл байлаа.
Гэсэн хэдий ч нийгмээ өөрчилье, улс орон буруу замаар яваад байна гэсэн залуусын хүсэл тэмүүлэл, эр зориг, уриа дуудлага Монгол орныг бүхэлд нь өөрчилж чадсан билээ. Бидний нөхөд, та бид чадсан. Улс орноо ангал руу, мөхөл рүү, “соц” нийгмийн сүйрэл, иргэний самуунаас аварч чадсан. Тийм мэдрэмжтэй, сонор соргог ард түмэн гэдгээ дэлхийд харуулж чадсан билээ.
Эрхэм журмын нөхөд өө, найзууд аа, Алтан хараацайнууд аа бидэнд дахиад хүнд сорилт, шийдвэрлэх цаг үе ирлээ. Миний бие улс орныг 1990 оных шиг мухардалд орсон гэж харж байна. Асар том хөдөлгүүрийн өчүүхэн хэсэгт саатал гарахад үйлдвэр зогсдог шүү дээ. Засаглал нь ойлгомжгүй, эрх мэдлийн хувиарлалт тодорхой биш, хариуцлага хүлээдэггүй, бие биенээ барьцаалсан байдалтайгаар улс орноо зөв удирдаж чадахгүй байна. Улс орныг нам төвтэй, бүлэглэл фракци удирдаж байгааг та бүхэн мэдэж байгаа. Мэдээлэлд ойрхон байсан бүлэглэл, фракцийн ивээлд багтсан нэг хэсэг тасартлаа баяжлаа, ажилгүй, орлогогүй, намын гишүүн бус, олуулаа нь туйлдан ядуурлаа.
Төр засагтаа итгэл алдсан, нийгмээ хараан зүхсэн бүхэл бүтэн давхарга бий болов. Энэ байдал удаан үргэлжлэх юм бол нийгмийг хамарсан хямрал ойрхон байна. Хамгийн гол аюул нь ард түмэн төрдөө итгэл үгүй болов. Ирээдүй минь сайхан болно, улс орон хөгжинө гэсэн найдлага улам багасав. 1989, 1990 онд бидэнд итгэл байсан юм шүү. Бидэнд дутуу бодсон, алдаа гаргасан зүйл бий. Улс орныг хэн удирдахаа, хариуцлага тооцох тогтолцоогоо сул орхисон. Миний бие ардчилсан намын гишүүд, дэмжигч та нарынхаа хамтаар улс орноо нэгэн зүгт хандуулах, нэгтгэх цаг болсон гэж үзэж байна. Иргэдээсээ сонгогдсон Ерөнхийлөгчтэй, засаглалын босоо тогтолцоотой болно. Намын нөлөөлөл, боловсон хүчнээс хамааралгүй болно. Фракцийн талцал, тэмцлийг үгүй хийж намын эрх мэдлийг хязгаарлана.
Энэ бол хямралаас гарах эхлэл юм. Миний энэ санаачилгыг олон нийт ойлгож дэмжиж байгаад талархаж байна. Гэтэл сөрөг хүчний зүгээс дээрх хүсэл сонирхлыг “дагуулан тонгорч” намын олонхи болох Ерөнхий сайдын багцанд эрх мэдлийг төвлөрүүлэх, давхар дээлээ хуульчлах замаар намынхаа эрх мэдлийг өргөтгөх гэж байна. “Зөвлөлдөх ардчилал” гэсэн нэрийн дор 1500 хүн Монгол Улсын засаглалын хэлбэрийг өөрчилж болохгүй. Намын засаглал нэмэгдэх хэрээр баян хоосны ялгаа, ялзрал, завхрал давамгайлах учраас хэрхэвч зөвшөөрч болохгүй. Тэгэхээр эрхэм журмын нөхөд минь бидэнд улс орноо аврах, өөрчлөлт хийх хэрэгцээ шаардлага “Цагаан морин жил”-ийнх шиг гарч ирлээ. Бидэнд төлөвлөгөө бий, хүрэх замын зураглал тодорхой байна. Тийм учраас дахин нэг шинэчлэл хийе. Хуулийн хүрээнд, чиг үүрэг нь тодорхой, хариуцлагаа хүлээх чадвар бүхий Ерөнхийлөгчийн засаглалтай, ардчиллаа төгөлдөржүүлэх шаардлага тулгарлаа. Би эрс шинэчлэлийн төлөө нэгдэн хамтран ажиллахыг уриалж байна.
АН-ын гишүүн Д. Дорлигжав