Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хороо өчигдөр (2017.05.02) үдээс хойш үргэлжлүүлэн хуралдаж, 2017 онд хувьчлагдах объектуудын хувьчлалын бэлтгэл ажлын явц, Эдийн засгийн байнгын хорооны 2016 оны арванхоёрдугаар сарын 14-ний өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийн биелэлтийн талаарх Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын даргын мэдээллийг сонсов.
Дээрх тогтоолын хүрээнд төрийн өмчийг 2016 онд хувьчлах, өөрчлөн байгуулах үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолыг хэрэгжүүлэх ажил хангалтгүй байгаад дүгнэлт хийж, 2017 онд хувьчлагдахаар төсвийн тооцоонд орсон объектуудын хувьчлалын бэлтгэл ажлын талаар тус Байнгын хороонд 2017 оны эхний улиралд багтаан танилцуулах үүрэг чиглэл өгсөн болохыг Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын дарга Ц.Ням-Осор мэдээллийнхээ эхэнд танилцууллаа. “Төрийн өмчийг 2015-2016 онд хувьчлах, өөрчлөн байгуулах үндсэн чиглэл”-д нийт 20 хуулийн этгээдийг өөрчлөн зохион байгуулах, хувьчлах, нэмэлт хувьцаа гарган Хөрөнгийн биржээр арилжих, төрийн эзэмшлийн хувьцааг бусад хувьцаа эзэмшигчдэд санал болгон худалдахаар тусгажээ.
Төрийн өмчийн хороо (хуучин нэрээр) 14 хуулийн хуулийн этгээдийн хувьчлал өөрчлөн байгуулалтыг, Сангийн яам 2 хуулийн этгээдийн хувьчлалыг, “Эрдэнэс МГЛ” ХХК нь 2 хуулийн этгээдийн хувьчлалыг тус тус хариуцан ажилласан байна. Энэ талаарх мэдээллийг Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын дарга дэлгэрэнгүй танилцуулаад, үндсэн чиглэлд тусгагдсан зарим хуулийн этгээдийн хувьчлал, өөрчлөн байгуулалт үр дүнд хүрээгүй шалтгааны талаар Байнгын хорооны гишүүдэд мэдээлэл өгөв.
Түүнчлэн төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийг шинэчлэх, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын бүтэц, зохион байгуулалт, чиг үүрэг, эрх хэмжээ болон салбарын яамд, агентлагуудын уялдаа холбоог хангах чиглэлээр эрх зүйн орчинг боловсронгуй болгох талаар санал боловсруулж, Байнгын хороонд танилцуулах чиглэлийн биелэлтийн талаар танилцуулсан юм. Мөн ирэх дөрвөн жилд төрийн өмчийг хувьчлах, өөрчлөн байгуулах үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг боловсруулж, батлуулах ажлыг шуурхай зохион байгуулах, орон нутгийн өмчит компаниудад шалгалт хийж, дүнг танилцуулах, төрийн өмчит компаниуддын өр, зээлийн байдалд нэгдсэн судалгаа, дүгнэлт хийх чиглэлийн хэрэгжилтийн талаар Байнгын хороонд мэдээлэл хийв.
Танилцуулгатай холбогдуулан хуралдаанд оролцсон гишүүд асуулт асууж, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын даргаас хариулт авч, тодорхой асуудлуудаар байр сууриа илэрхийлэв. Онцгой обьектуудаас бусад үр ашиггүй ажилладаг, төсөвт ачаалал үүсгэдэг төрийн өмчит компаниудыг цэгцлэх саналыг гишүүд гаргаж байсан. Засгийн газар эдийн засгийн нөхцөл хүнд байгаатай холбоотойгоор хувьчлалыг хойшлуулах байр суурьтай байгаа ч цаг хугацаа алдаж, хойшлуулах хэрээр тухайн өмчийн үнэ цэнэ алдагдах эрсдэлтэй гэдэг саналыг гаргаж байв. Мөн эдгээр компаниудын үйл ажиллагаатай холбоотойгоор хууль бус шийдвэр гаргасан, төсвийн мөнгийг үр ашиггүй зарцуулсан үндэслэлээр хууль хяналтын байгууллагад шалгагдаж байгаа тохиолдол бий эсэхийг тодруулсан Д.Дамба-Очир гишүүний асуултад хариулахдаа тодорхой тооны тохиолдол байгаа бөгөөд Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газраас холбогдох мэдээ, мэдээллийг гаргаж өгч байгаа гэв. Төрийн өмчит компаниудын ТУЗ-ийн гишүүдийн цалингийн талаарх асуултад хариулахдаа “Манай газрын удирдлагаас шууд менежмент хийж байгаа 80 гаруй компанийн ТУЗ-ийн гишүүд холбогдох тогтоолын хүрээнд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёр дахин нэмэгдүүлснээс илүүгүй цалин авч байгаа” гэлээ. Харин ЗГХЭГ-ын шууд харьяалалд байдаг төрийн өмчит компаниудын ТУЗ-ийн цалин хөлсний талаар мэдээлэл өгөх боломжгүй гэдгээ хэллээ.
Ийнхүү хуралдааны явцад гишүүдээс гаргасан саналуудыг тусган УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны тогтоол гаргахаар шийдвэрлэв.