Эмнэлгийн барилгыг хууль бусаар нурааж, цагдаагийн алба хаагчдын орон сууцыг барих гэнэ

 Хан-Уул дүүргийн гу­рав­дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаагаа явуулж буй Эрүүл мэндийн нэгдлийн А корпусын хоёр давхар барилгыг өнгөрсөн дөрөвдүгээр сард хууль бу­саар нураажээ.

Жилээс жилд хүн амын нягтрал ихэсч, түүнээс үүдэж эмнэлгийн үйлчилгээ хүрэлцэхгүй шахам байхад ийнхүү барилгыг нь нурааж, оронд нь дүүргийн Замын цагдаагийн хэлтсийн ал­ба хаагчдын орон сууц, үйл­чилгээний зориулалттай 15 давхар барилга барих гэж байгаад тус эмнэлгийн эмч, ажилчид эсэргүүцэж ажил хаях дээрээ тулаад байна.

Учир нь одоогоос 24 жи­лийн өмнө ашиглалтад орсон уг эмнэлэг дүүргийн хэмжээнд давхардсан тоо­гоор 160-180 мянга гаруй иргэнд эрүүл мэндийн үйл­чилгээ үзүүлдэг.

Гэтэл энэ оны дөрөвдүгээр сард тус эмнэлгийн А корпусыг ну­рааж зориулалтын бус барилга барих гэж бай­гаа нь холбогдох хууль тог­тоомжийг зөрчжээ.

Тодруулбал дүүргийн Эрүүл мэндийн нэгдлийн эмч, ажилчдын ярьж буйгаар нийслэлийн нутаг дэвсгэрт орон сууц, олон нийтийн барилга байгууламж орчмын нийтийн эзэмшлийн зам, талбай, авто машины зог­соол, явган хүний зам тө­дийгүй сургууль, цэцэр­лэг, эмнэлгийн эдэлбэр газар барилгын норм, дү­рэм зөрчиж олгосон газар эзэм­шүүлэх, ашиглуулах эрх олгосон, шилжүүлсэн барилга байгууламж барих зөвшөөрөл олгосон нийслэл, дүүргийн Засаг даргын захирамж зэрэг олон хууль тогтоомжийг ноцтойгоор зөрчсөн.

Маргаантай байгаа эмнэлгийн А корпусын ту­хайд өмнө нь усан эмчил­гээний зориулалтаар дотроо бассейн, саун, чийрэгжүүлэх болон физик эмчилгээ хий­дэг амбулатори байжээ. Харамсалтай нь тухайн үеийн эмнэлгийн дарга нарынх нь бодлогогүй шийдвэр, буруутай үйл ажил­лагаанаас болж 1990-ээд оны сүүлчээр “Усны төлбөрөө дийлэхгүй байна” гэх үндэслэлээр тус корпусыг татан буулгаж, төрийн өмчийн хороо өөрийн мэдэлдээ авсан байна.

Улмаар 2000 он гарснаар баар, цэнгээний газрын үйлчилгээний зориулалтаар ашиглагдаж байгаад 2005-2012 оны арванхоёрдугаар сар хүртэл дүүргийн Замын цагдаагийн хэлтэс түр хугацаанд эзэмшиж байж.

Гэтэл Хан-Уул дүүргийн Замын цагдаагийн хэлтэс тухайн газрын урд талд “Арш” гэх гадны хөрөнгө оруулалттай хувийн компаниар оффессийн ба­рилга бариулаад хариуд нь Эрүүл мэндийн нэгдлийн төвийн “А корпус”-ын газар дээр дур мэдэн ийнхүү орон сууцны барилга бариулахаар гэрээ хийсэн байна.

Ингэхдээ тухайн газрыг дуудлага худалдаанд оруу­лаагүйгээр үл барам төрийн өмчийг үнэгүйдүүлсэн үйл ажиллагаа явуулсан аж. Хэргийг сөхөж үзвээс тус эмнэлгийг ашиглалтад орсноосоо хойш удирдлагын арга барил муугаас болж хүчин чадлыг нь бүрэн ашиглаагүй, усны алдагдал ихтэй зэрэг шалтгаанаар үйл ажиллагааг нь зогсоо­сон байдаг.

Улмаар 2004 оны есдүгээр сарын 5-нд Нийслэлийн өмчийн харил­цааны газар хүлээлцсэн акт үйлдсэн байна.

Гэтэл 2005 онд барилга шилжүүлэх тухай тухайн үеийн нийслэлийн Засаг даргын 315 тоот захирамж гарсаар байтал 2010 оны арванхоёрдугаар сарын 1-нд НИТХ-ын тэргүүлэгчдийн хөрөнгө бүртгэлээс хасах тухай тогтоол гарч, уг эмнэлгийн А корпусын ба­рилгыг нийслэлийн өмчийн бүртгэлээс хассан байна.

Хамгийн хачирхалтай нь дээрх тогтоолыг үндэслэн гэсэн атлаа хэдийн 2010 оны зургаадугаар сарын 7-нд нийслэлийн Засаг даргын захирамж гарчихсан төдийгүй газрын зориулалтыг өөрчилж, барилга барих зөвшөөрөл олгосон байж. Өөрөөр хэлбэл уг эмнэлгийн барилгын зориулалтыг өөрчилж барилга барих зөвшөөрөл олгочихоод дараа нь бүртгэлээс хассан гэсэн үг юм.

Уг захирамжид Хан-Уул дүүргийн Замын цагдаагийн тасаг “Арш” компанид кон­тор, ажилчдын орон сууцны зориулалтаар ба­рилга барих зөвшөөрөл олго­сон байна. Түүнчлэн тус дүүр­гийн нэгд­сэн эмнэлгийн урд 0.284 га газарт таван жилийн хугацаанд барилга барихыг зөвшөөрсөн тухайгаа захи­рам­жиндаа тодотгосон аж.

Ингээд эмнэлгийн хуучин барилга болох А корпусыг нь нэг л шөнийн дотор нурааж орхижээ. Үүнээс болж зал­гаа байсан Б корпуст нь цууралт өгч, улмаар халаалт доголдох, халуун ус тасрах, эмнэлгийн хананд доргилт өгөхөд нурах зэрэг аюулыг араасаа дагуулаад байгаа юм байна.

Эмнэлгийн барилга бай­гууламж муу, хэвтэн эмчлүүлэх болон эмийн бус эмчилгээ ус агаар шиг хэрэгтэй байхад нь эмнэлгээ эргүүлэн авч дахин босгох зайлшгүй шаардлагатай атал энэ мэт хууль бус аргаар газрыг нь булааж, өөр барилга барих гэж байгааг эмч, ажилчид нь эсэргүүцэж буйгаа хэлж байна.

Тэд хууль зөрчсөн энэхүү үйлдлээ даруй зогсоохгүй бол ажил хаялт зарлах, жагсаал хийхээс эхлээд шаардлагатай бүхий л арга хэмжээг авахаа мэдэгдэв.

ugluunii_sonin

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Ачит Ихт” компанийн 34 хувийг Эрдэнэт үйлдвэрт эзэмшүүлэх шийдвэр гаргалаа

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2024.04.24/ боллоо. Хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл …