Ерөнхийлөгчийн сонгуулийн ажиглалтаар гурван удаагийн тайлан гаргана

Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий Хорооны дарга Ч.Содномцэрэн Элчин сайд Герт-Хинрич Арэнс тэргүүтэй  Европын Аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын Ардчилсан институц, хүний эрхийн газрын Сонгууль ажиглах Хорооны төлөөлөгчдийг  өчигдөр хүлээн авч уулзав.

БНХАУ, Вьетнам зэрэг улсад Элчин сайдаар  ажиллаж байсан ноён Герт-Хинрич Арэнс  ярианыхаа эхэнд, дэлхийн түүхтэй Монгол Улсад анх удаа ирж сонгууль ажиглах болсондоо баяртай байгаагаа илэрхийллээ.

Тэрбээр цааш нь,  Монгол Улсад ирсэн ажлынхаа зорилго, чиглэлийг танилцуулахдаа, Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийг урт болон богино хугацаанд ажигласнаар гурван удаагийн тайлан гаргана. Сонгуулийн үеийн улс төрийн нөхцөл байдал, хууль эрх зүйн орчин, сонгуультай холбоотой өргөдөл, гомдол, хэвлэл, мэдээллийн байгууллагын үйл ажиллагааны эрх зүйн зохицуулалт зэрэг асуудлыг ажиглах бөгөөд энэ чиглэлийн шинжээчид төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд орсон байгаа  гэлээ. Сонгуулийн явцыг ажиглах урт хугацааны 24 ажиглагч ирнэ гэж тэрээр тэмдэглэв.

Уулзалтын үеэр СЕХ-ны дарга Ч.Содномцэрэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны сонгуулийн онцлог, бэлтгэл ажлын талаар тэдэнд танилцуулаад, олон улсын ажиглалтын үр дүнгээр өмнө нь гаргасан зөвлөмжийг хэлэлцэж, саналаа холбогдох байгууллагад хүргүүлдэг тухай ярив.

Мөн Европын Аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын Ардчилсан институц, хүний эрхийн газрын Сонгууль ажиглах Хорооны ажиглагчдын өмнөх сонгуулиудаар гаргасан зөвлөмж нь хэрэгжиж улмаар сонгууль зохион байгуулах, түүнийг улам боловсронгуй болгоход хувь нэмрээ оруулж байгааг Сонгуулийн Ерөнхий Хорооны дарга Ч.Содномцэрэн онцлон тэмдэглэв.

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Шинэ хоршоо” хөтөлбөрийн хүрээнд малчдын сарын орлогыг 5 сая төгрөгт хүргэх боломжийг бүрдүүлнэ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл өглөө. ЗГХЭГ-ын …