Монгол Улсын анхны Ерөнхийлөгөөр сонгогдсон Пунсалмаагийн Очирбат чамгүй өндөр боловсролтой нэгэн байжээ. Тэрбээр 1942 онд Завхан аймагт төрсөн бөгөөд 1951-1960 онд дунд сургууль, 1960-1965 онд ЗХУ-ын Ленинград хотын Уул уурхайн дээд сургуулийг уул уурхайн ашиглалтын инженер мэргэжлээр дүүргэсэн. Техникийн ухааны дэд эрдэмтэн, Эдийн засгийн шинжлэх ухааны доктор, профессор нэгэн юм.
Удаах Ерөнхийлөгч Нацагийн Багабанди Ленинград, Украин, Москва зэрэг ОХУ-ын хотуудын шилдэг их дээд сургуулиудад хүнсний технологийн инженер мэргэжлээр төгсчээ. Титэм үг тэрлэж суудаг эл эрхмийн намтрыг тодруулбал, 1958-1968 Завхан аймгийн Улиастай хотын 10 жилийн дунд сургууль, 1969-1972 ЗХУ-ын Ленинград (одоогийн Санкт-Петербург) хотын Хөргөлтийн дунд сургууль, 1975-1980 Украйны Одесс хотын Хүнсний технологийн дээд сургууль, 1984-1987 Москва хотод Нийгмийн ухааны академийг тус тус төгссөн хүнсний инженер технологич мэргэжилтэй.
Гуравдах Төрийн тэргүүн Намбарын Энхбаяр ч мөн адил хойд хөршид боловсрол эзэмшиж, Их британид боловсролоо дээшлүүлжээ. Тэрбээр 1965-1975 онд 23 дугаар сургуульд сурч төгсөөд 1975-1980 онд Москва хотноо М.Горькийн нэрэмжит Утга-зохиолын дээд сургуулийг Утга-зохиолын ажилтан, орчуулагч мэргэжлээр дүүргэсэн. 1985-1986 онд Их Британийн Лийдсийн их сургуульд англи хэл, утга зохиолын чиглэлээр суралцаж, МУИС-ийн англи хэлний курс төгссөн. Утга-зохиолын ажилтан, уран зохиолын орчуулагч мэргэжилтэй. Дунд сургуульд байхдаа түвд хэл бичиг судалсан гээд тоочвол чамгүй урт жагсаалт хөвөрнө.
Харин өнөөгийн Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж Харвардын их сургуульд магистрын зэрэг хамгаалсан, алдарт Льевовын цэрэг улс төрийн их сургуулийг сэтгүүлч мэргэжлээр төгссөн. Сонгогдсон Төрийн тэргүүнүүд гэлтгүй эл албан тушаалд өрсөлдөж байсан эрхмүүдийн боловсролын түүх ч бидний бахархалыг төрүүлэхээр байсныг энд дурдах нь зүйтэй болов уу. Тухайлбал, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, ардын уран зохиолч доктор профессор Л.Түдэв, Новосибирскийн их сургуулийн шинжлэх ухааны доктор профессор Р.Гончигдорж, Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн, алдарт монгол судлаач Л.Дашням гэх мэтээр өрсөлдөгчдийн боловсрол мэдлэгийн түвшинг дурьдаж болно. Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдсөн анхны эмэгтэй улстөрч Н.Удвал 1972 онд Архангай аймгийн Тариат сумын 10 жилийг дүүргэж, 1978 онд Анагаах ухааны дээд сургуулийг Хүүхдийн эмч мэргэжлээр төгссөн нэгэн. Улмаар Хүүхдийн эрүүлийг хамгаалахын удирдлага зохион байгуулалт сэдвээр боловсролын докторын зэрэг хамгаалж, Эрүүл мэндийн удирдлагын асуудлаар Тайландын Махидолын их сургуульд мэргэжил дээшлүүлсэн. Мөн Английн Манчестерийн их сургуульд Эрүүл мэндийн удирдахуйн мастер, Олон улсын эрүүл мэндийн тогтолцооны харьцуулсан судалгаагаар анагаахын шинжлэх ухааны докторын зэргийг тус тус хамгаалсан намтартай авхай.
Энэ бол Монгол Төрийн тэргүүнүүдийн мөн эл албан тушаалд нэр дэвшигчдийн боловсролын түвшин хэр байсныг илтгэнэ. АНУ-ын удирдагчидтай ч эн тэнцүүлэн жишиж болохуйц боловсролыг Монголын үе үеийн Төрийн тэргүүн төдийгүй эл албан тушаалд нэр дэвшигчид эзэмшсэн нь энэ. Монгол эртний баялаг түүхтэй орон. МЭӨ 209 онд Хүннү улсад Модун Шаньюй хаан төрийн жолоонд суусан үеэс Монголд төр үүссэн гэж үздэг. Чингис хааны үеэс Алтан ургийнхан Монголыг төрийн жолоог барих болсон. Монголын хаад Чингис хааны төр барих уламжлал гэрээсийг ямагт болгоож, төрөө удирдан залж байжээ. Төрийн тэргүүн хүнд улс иргэн, хүн ардаа гэх сэтгэл, ноён нуруу ардыг ачлах, төр засах эрдэмд суралцсан байхыг гол шалгуур болгон тавьж ирсэн гэдэг.
Монгол ноёд угсаа залгамжлах хүүгээ 5, 6 настайгаас нь эхлэн гэрийн “элит” сургуулиар бэлтгэдэг байсан тухай түүх сударт бий. Бичиг үсэг сурган, түүх шаштир, буддын гүн ухааны номд шамдуулж, түшмэл ёсонд сургасны дараа сая угсаа залгамжлах эрхтэй болгодог байж. Ийм л зарчмаар удирдан залах нэгнээ сурч боловсрох, аливааг олон талаас нь харж чадах авьяас билэгтэй болгоход анхаарч ирсэн байна.
Ардын хувьсгалын дараа Төрийн тэргүүний албан тушаал бий болсон түүхтэй. 1990 онд ардчилсан хөдөлгөөн ялснаар Ерөнхийлөгчийн албан тушаал бий болгожээ. Өдгөө бид тав дахь Ерөнхийлөгчөө сонгох гэж байна. Хачирхалтай нь, боловсролыг нэг төрлийн шалгуур болгож ирсэн нэр дэвшигчдийн үнэ цэнэ шалдаа буув. Өдгөө Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчид дунд боловсролтойгоо энгийн үзэгдэл мэт тайлбарлаж, сургууль сольж хольж туйлбаргүй загнаснаа нуусан ард түмнээ хууран мэхлэгчид өрсөлдөж байна. XXI зуун оюун ухаан, техник технологийн хөгжлийн зуун болно. Энэ зуун бидэнд ухаалаг, боловсролыг дээдэлдэг Төрийн тэргүүнтэй байх нь эхний алхам бус уу. Иймээс Ерөнхийлөгчөөр 45 нас хүрсэн, сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан, Монгол Улсын уугуул иргэнийг дөрвөн жилийн хугацаагаар сонгоно гэх заалт дээр нэмэж Төрийн хүн боловсролтой байхыг тусгах шаардлага үүслээ.
Д.Дорж