Одоогоос сарын өмнө УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд Концессын тухай хуулийн хэрэгжилт болон концессын гэрээтэй танилцаж шалгах бүлгээс байгуулсан Ажлын хэсгийн санал дүгнэлтийн мэдээллийг сонссон. Улмаар концессын гэрээнд аудитын шалгалт хийхээр болсон билээ. Харин үүнийг өчигдөр Сангийн сайд Б.Чойжилсүрэн дахин санууллаа. Тэрбээр УИХ-ын Төсвийн байнгын хорооны ээлжит хуралдааны үеэр “Концессын үр ашгийн тооцоо хийхээр аудит оруулна. Ажил нь эхлээгүй концессын гэрээний ажлыг зогсоосон байгаа. Гэхдээ бидэнд мөрийн хөтөлбөрөө санхүүжүүлэх бололцоо бий” гэх тайлбарыг өглөө. Өмнө нь УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа “Концесстой холбоотой улстөржүүлсэн мэдээлэл багагүй гарч байна. Шинэ Засгийн газар концессын нэг гэрээг шинээр байгуулж, бусад нь өмнөх Засгийн газрын үед яригдаж байсан нөхцөлүүд байна.
Тухайлбал, Завхан аймгийн Сонгино сумаас Увс аймгийн Хяргас нуурын зүүн хаяа чиглэлийн 135.5 км автозам, Өмнөговь аймагт Шар тээгийн уулзвараас Цогтцэций сумын төв хүртэлх 59.6 км хатуу хучилттай авто зам, Дашинчилэн Орхоны гүүр чиглэлээс Мөрөн-Тариалан чиглэлийн төгсгөлийг холбох 120 км авто зам, Дархан-Эрдэнэтээс Сант-Орхон чиглэлийн 22.2 км авто замын төсөл, Тосонцэнгэлийн дөрвөн замын уулзвар, Нөмрөг, Сонгино чиглэлийн 107 км авто замын таван төсөл байна. Эдгээр таван гэрээний дагуу төлбөр төлөх хугацаа нь 2017 онд байсныг хойшлуулж 2020 онд болгон төлөх нөхцөлийг нь сайжруулсан. Концессын гэрээтэй холбоотой асуудлыг бүлэг хэлэлцээд нэн яаралтай Концессын тухай хуулийг шинэчлэн найруулж оруулж ирэх, барих, шилжүүлэх, концессыг үндсэндээ хориглоно гэдгийг Засгийн газарт анхааруулсан.
Мөн ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдах гэж буйтай холбогдуулан өмнө хийгдсэн 11.1 их наяд орчим төгрөгийн концессийн гэрээнд ОУВС-гаас өгсөн үүргийн дагуу аудит хийж, хэдэн оноос яаж санхүүжүүлэх боломжтойг тогтоохоор санал нэгдлээ” хэмээн ярьж байсан билээ. Харин УИХ-ын Төсвийн байнгын хорооны ээлжит хуралдаан өчигдөр боллоо. Энэ удаагийн хуралдаанаар “Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай” болон 2018 оны улсын төсвийн хүрээний мэдэгдлийг хэлэлцэв. Төсөлд тусгаснаар 2018 оны улсын төсвийг 7.3 их наяд төгрөг, 9.5 хувийн алдагдалтай байхаар боловсруулжээ. Энэ нь ОУВС-гийн шаардлагад нийцэж байгаа гэж Сангийн сайд Б.Чойжилсүрэн хэлж байгаа юм. Тэрбээр байнгын хорооны гишүүдийн асуултад хэрхэн хариулсныг тоймлон хүргэж байна.
О.Батнасан: Үндсэн чиглэлийн баримт бичгийг нэлээн сайн үндэслэл дээр батлах нь ёстой. Баруун аймгуудын хувьд Эрдэнэбүрэнгийн УЦС-ыг барих асуудал анхаарал татдаг. УЦС бол өөрийнхөө өртгийг нөхдөг үйлдвэрлэл. Өнөөдөр бид урд хөршөөс 280 төгрөгөөр нэг киловатт цахилгааныг авч байна. Тус төслийн ТЭЦҮ-г харахад 37 төгрөгөөр нэг киловатт цахилгаан авах юм байна. Иймд төсөлд түлхүү анхаарал тавих хэрэгтэй. Мөн боомтуудын үйл ажиллагааг сайжруулахад хэдий хэмжээний санхүүжилт оруулах гэж байна вэ.
Б.Чойжилсүрэн: БНХАУ-ын Засгийн газар буцалтгүй тусламж болгож 350 сая юанийг олгоно. Иймд эхний ээлжид БНХАУ-тай хиллэж байгаа бүх боомтуудын хүчин чадлыг нэмэх, тохижилтыг сайжруулахаас гадна дэд бүтцийг өсгөхөд уг мөнгийг зарцуулна. Энэ оны гурав эсвэл дөрөвдүгээр улиралд тендер зарлана. Ингэснээр урд хөрштэй хиллэж байгаа боомтуудын асуудлыг шийднэ.
Байнгын хороо ирэх оны Үндсэн чиглэлийг хэлэлцээд санал, дүгнэлтээ Эдийн засгийн байнгын хороонд хүргүүлэхээр тогтлоо. Дараагаар нь 2018 оны төсвийн хүрээний мэдэгдлийг хэлэлцсэн юм. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд концессын гэрээг үргэлжлүүлэх эсэх, 2016 оны УИХ-ын сонгуулиар амласан амлалтаа хэзээнээс хэрэгжүүлэх зэрэг асуултыг тавьж байлаа. Дараах байдлаар хариулсан юм.
Б.Чойжилсүрэн: Концессын үр ашгийн тооцоо хийхээр аудит оруулна. Ажил нь эхлээгүй концессын гэрээний ажлыг зогсоосон байгаа. Гэхдээ бидэнд мөрийн хөтөлбөрөө санхүүжүүлэх бололцоо бий. Ард түмэнд амласан амлалтаа биелүүлэхэд БНХАУ-ын нэг тэрбум ам.долларын төслийг нэг удаад өөрчлөх тохиролцоо хийсэн. Засгийн газар хэлэлцээд, гишүүдийн саналыг авна.
Ч.Хүрэлбаатар: Үүсээд байгаа эдийн засгийн эерэг байдал баталгаатай биш эмзэг байгаа. Сангийн яам цаашдаа үргэлжлүүлж ажиллах ёстой. Гадна, дотнын байгууллагуудтай тохирсон зүйл дээрээ хатуу байх ёстой. ОУВС-гийн хөтөлбөрийн хүрээнд төсвийн санхүүжилттэй холбоотой зээлийг зохих журмын дагуу хэрэгжүүлэхэд Засгийн газар анхаараарай.
Эх сурвалж: Өглөөний сонин