МАН-ын дотоод тэмцэл хурцдаж эхэллээ

МАН-ын дотоод асуудал чимх чимхээр ил гарч эхэллээ. Тухайлбал, МАН-ын нөлөө бүхий лидерүүдийн сонгуульд яаж мөнгө босгож оролцох, дараа нь албан тушаалыг хэрхэн наймаалцах талаар хоорондоо ярьсан авлигын баримт болох 60 тэрбум төгрөг ил болсон.

Мөн сошиал орчинд н.Энхмэнд, н.Золбаяр нарын хүмүүс “Би Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын даалгавраар У.Хүрэлсүхийг өдөж зодоон үүсгэхийн тулд хэд хоног дагасан” гэсэн мэдэгдэл бүхий бичлэг цацагдсан.

Харин энэ асуудлаар Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Цагдаагийн байгууллагад албан ёсоор гомдол гаргаад байна. Тэрээр гомдолдоо “Өчигдөр буюу 2017 наймдугаар сарын 02-ны өдрөөс олон нийтийн мэдээллийн хэрэгсэл, сошиал орчиныг ашиглан миний биеийг зохион байгуулж Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүхийг танхайн гэмт хэрэг үйлдсэн мэтээр харагдуулах зорилготой ажиллагааг бусдад мөнгө өгч гүйцэтгүүлсэн мэт дуу, дүрс бүхий бичлэгийг тараасан. Уг бичлэг, дуу оруулалт, монтаж, найруулга нь зохиолын дагуу нарийн зохион байгуулалттай байгаа нь харагдаж байна.

Тиймээс уг мэдээлэлд нэр дурдагдсан Золбаяр, Энхмэнд гэх хүмүүсийн оролцоотойгоор онцлоод буй үйл явдал үнэхээр болсон эсэх, хэрвээ худлаа бол дуу дүрс бүхий мэдээллийг миний нэр хүндийг гутаан доромжлох сэдлийн дор хийж, нийтэд цацсан эсэхийг тогтоож өгөхийг хүсч байна” гэжээ.

Энэ бүхнээс харахад Ерөнхийлөгчийн сонгуульд ялагдаж, улмаар орон зай бий болж байгаа албан тушаалуудын төлөө МАН-ын дотоод тэмцэл улам  хурцдах төлөвтэй байна.

МАН-ынхан цахимаар  цацагдсан бичлэг болгоныг эвлүүлэг хэн нэгэн  мөнгө өгч тараалгаж байна гэдэг тайлбарыг өгдөг. У.Хүрэлсүхийг дагасан гэх бичлэгийг бас дуу оруулж монтаж, найруулга зохиолын дагуу хийсэн  гэж тайлбарлаж байна. Харин үүнийг хэр бодит мэдээлэл вэ гэдгийг хуулийн хяналтынхан шалгаж тогтоох байлгүй дээ.

Н.Алт

Санал болгох мэдээ

Г.Занданшатар: Мал аж ахуйд тулгамдаж буй асуудлыг хоршиж, нэгдэх арга замаар л шийдвэрлэж чадна

“Шинэ хоршоо” хөдөлгөөн арга хэмжээнд хот, хөдөөгийн 3100 гаруй малчид, хоршоологчид хөдөө аж ахуйн салбарт …