Ажил олгогч иргэн, аж ахуйн нэгжүүд харьяа аймаг, дүүргийнхээ хөдөлмөрийн хэлтэстэй хамтран ажилласнаар төрөөс санхүүгийн дэмжлэг авч болдог аж. Энэ талаар Баянгол дүүргийн Хөдөлмөрийн хэлтсийн ахлах мэргэжилтэн Р.Нямжаваас тодрууллаа.
-Ажил олгогчийг дэмжих хөтөлбөрийн хүрээнд санхүүгийн дэмжлэг үзүүлдэг болсон. Аж ахуйн нэгжүүд ямар нөхцөл хангасан тохиолдолд урамшуулалд хамрагдах боломжтой вэ?
-Шинэчлэлийн Засгийн газрын “Ажилтай орлоготой монгол хүн” хөтөлбөрийн хүрээнд тодорхой шаардлага хангасан аж ахуйн нэгж, ажил олгогчдод мөнгөн урамшуулал олгож байгаа.
Тодруулбал шаардлага хангасан ажил олгогчид хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 12 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний урамшууллыг нэг удаа авна гэсэн үг.
Өөрөөр хэлбэл өнөөдрийнхөөр бол 92000 төгрөгийг 12 дахин нэмэгдүүлэхээр хоёр сая 304 мянган төгрөг авна.
-Ямар шаардлага хангасан ажил олгогчдод энэ урамшуулал олгогдох бол?
-Нэгдүгээрт, Хөдөлмөрийн тухай хуулийн 111 дүгээр зүйлийн нэг дэх заалтад зааснаас бага ажилчидтай буюу 25-аас доош ажилтантай ажил олгогч хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг ажилд авч, 12 сараас доошгүй хугацаагаар ажлын байраар хангасан тохиолдолд энэ урамшууллыг авна.
Мөн дээрх хуулийн заалтаар тогтоосон хувиас давсан хэмжээнд хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг ажилд авч, 12 сараас доошгүй хугацаагаар ажлын байраар хангасан бол олгогдоно.
Хоёрдугаарт, хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад бүртгүүлэн, ажил идэвхтэй хайж байгаа боловч зургаан сараас дээш хугацаагаар ажилгүй байгаа иргэнийг ажилд авч, 12 сараас доошгүй хугацаагаар ажлын байраар хангасан бол энэ урамшууллыг хүртэнэ.
Гуравдугаарт, хөтөлбөрт хамрагдсан иргэнийг 12 сараас доошгүй хугацаагаар ажлын байраар хангасан байвал авах ёстой.
-Ажил олгогчдод сургалтын зардлыг нөхөж өгөх тухай ч яригдаад байгаа. Энэ талаар тодорхой мэдээлэл өгөөч?
-Хөдөлмөрийн насанд хүрээд асрамжийн газраас гарсан болон хорих ангиас суллагдсан иргэнийг үйлдвэрлэл дээрээ дадлагажуулан үндсэн ажилтнаар нэг жилээс доошгүй хугацаагаар үргэлжлүүлэн ажиллуулж байгаа ажил олгогчид гурван cap хүртэлх хугацааны дадлагын зардлыг олгоно. Ингэхдээ хөдөлмөр эрхлэлтийн төрийн захиргааны байгууллагаас баталсан сургалтын хөтөлбөр, дадлагажих хугацааны тэмдэглэл, дадлагажигчийн тушаал, цалингийн баримтыг үндэслэн нөхөн олгоно.
-Цалингийн дэмжлэгийг хэрхэн үзүүлэх вэ?
-Хөдөлмөрийн насанд хүрээд асрамжийн газраас гарсан болон хорих ангиас суллагдсан иргэнийг үйлдвэрлэл дээрээ дадлагажуулан үндсэн ажилтнаар 12 сараас доошгүй хугацаагаар үргэлжлүүлэн ажиллуулж байгаа ажил олгогчид нэг жилийн цалин хөлстэй тэнцэх хэмжээний санхүүгийн дэмжлэгийг ажилтан, ажил олгогч тус бүрт нэг удаа олгоно.