Монгол Ардын намын IX бага хурлын үеэр МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан хурлын талаар мэдээлэл хийлээ.
Тэрбээр”МАН-ын IX Бага хурлаар МАН-ын 28-р их хурлыг 11 дүгээр сарын 20, 21-ний өдрүүдэд хийхээр болсон. УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин, Н.Энхболд, Шадар сайд У.Хүрэлсүх нарын нэрийг Удирдах зөвлөлөөс Ерөнхий сайдад нэр дэвшүүлэхээр санал болгоод байна.
МАН-ын Удирдах зөвлөлөөс Ерөнхий сайдад нэр дэвшүүлсэн гурван нэр дэвшигчийг хэлэлцэж эцсийн шийдвэрийг гаргана. Өнгөрсөн хоёр сарын хугацаанд МАН дотор тэмцэл өрнөснийг та бүхэн мэдэж байгаа.
Дараагийн Ерөнхий сайдыг сонгохдоо намын Бага хурлын гишүүдэд илүү боломж олгох үүднээс гурван хүнийг нэр дэвшүүлсэн. МАН-ын бага хурлаас олонхын санал авч ялалт байгуулсан нэг нэр дэвшигчийн нэр УИХ-д өргөн баригдана. Ингээд Ерөнхий сайдаар томилогдох нөхцөл бүрдэх юм.
Удирдах зөвлөлийн хурлаар Ерөнхий сайд болох хүн нийт гишүүдийнхээ санал бодлыг тусгасан Засгийн газрыг бүрдүүлж, эв нэгдлээ хангаж ажиллах талаар хэлэлцсэн.
Түүнчлэн цаашлаад Монгол Улсын эдийн засаг, нийгмийн өмнө тулгамдсан олон бэрхшээлүүдийг богино хугацаанд шийдвэрлэх ёстой гэсэн байр суурийг Удирдах зөвлөлийн гишүүд илэрхийлээд байгаа.
Одоогийн байдлаар заалнаас нэр дэвшинэ гэдгээ илэрхийлсэн хүн алга.
МАН ерөнхийлөгчийн сонгуульд яагаад ялагдсан талаар хэд хэдэн судалгаа хийсэн. Засгийн газар, намын мөрийн хөтөлбөр, сонгуулийн амлалт, Удирдах зөвлөлтэй холбоотой асуудлууд МАН-ыг ерөнхийлөгчийн сонгуульд ялагдах гол шалтгаан болсон”гэлээ.