Х.Эрдэнэбаатар: “MoneyPolo”-гийн мөнгөн гуйвуулгын шимтгэл бусад байгууллагатай харьцуулахад 3-5 дахин бага байдаг

“MoneyPolo” Банк бус санхүүгийн байгууллагын Гүйцэтгэх захирал Х.Эрдэнэбаатартай ярилцлаа

-Гадаадад амьдарч байгаа монголчууд танай компанийн үйл ажиллагаанд сэтгэл хангалуун байдаг гэж сонссон юм байна, эндээс хоёулаа яриагаа эхлэх үү?

-Манайх төлбөр, тооцоо, мөнгөн гуйвуулга гэсэн үндсэн үйлчилгээ үзүүлэхийн зэрэгцээ зээл, валют арилжааны үйл ажиллагаа явуулдаг. Дэлхийн 136 оронд төлбөр тооцоо хийдэг бөгөөд Монгол Улсдаа доллар, евро, рубль, фунт гэсэн дөрвөн валютаар гүйлгээ хийдэг. Гадаадад оршин сууж амьдарч байгаа монголчууд, ажил амьдралаа залгуулж байгаа элэг нэгтнүүдийнхээ гэр бүл, ар тал руугаа мөнгө явуулахад нь тусалдаг үйлчилгээг манайх хийж байгаа. Энэ утгаараа манай үйлчилгээ хүмүүст их хүрдэг болов уу.

-Танай ББСБ хэзээ байгуулагдсан юм бэ. Та өөрийнхөө талаар танилцуулбал?

-2012 онд байгуулагдсан. Төлбөр тооцоо, мөнгөн гуйвуулгын үйлчилгээг дөрөв дэх жилдээ хийж байна. Би  МУИС-ийг Санхүүгийн менежментийн чиглэлээр төгссөн л дөө. Манай толгой компани Их Британид бүртгэлтэй ч Чех улсад төвлөрч ажилладаг. Миний хувьд Чех улсад ажиллаж амьдарч байсан болохоор монголчуудад хэрэгтэй энэ ажлыг хийх юмсан гэж бодож байгаад хамтрагчтайгаа ярилцаад энэ компаниа байгуулсан.

-Дэлхийн санхүүгийн салбарын чиг хандлагаар ямар байна вэ. Манайхан хямралтай л байна гэхээс өөр зүйл ярихаа байсан?

-Сүүлийн үед маш ихээр ярих болсон fintech буюу технологид суурилсан санхүүгийн бүтээгдэхүүний чиглэл рүү дэлхийн санхүүгийн зах зээл хөгжөөд байна. Манайд уламжлалт аргаар банкинд биеэр ирж мөнгө тушаах нь их түгээмэл. Харин дэлхийн санхүүгийн зах зээлд энэ байдал ерөнхийдөө шахагдаж байгаа. Хүмүүс онлайнаар шилжүүлгээ хийчихдэг бол манайд тэр харилцаа хараахан хөгжөөгүй байгаа учраас бид кассын үүрэг гүйцэтгэж байна. Үүнийг бид дэлхийн жишиг рүү ойртуулахын тулд ажилладаг. Шинэ бүтээгдэхүүнүүдийг хэрэгжүүлэх гээд бэлэн болгочихсон байгаа.

Монголын нөхцөлд банкны картаа захиалсан бол тухайн салбараасаа очиж авна. Амралтын өдөр таарвал картаа авах бүр ч боломжгүй. Fin tech хөгжөөд тэргүүлж яваа улсуудад банк санхүүгийн үйлчилгээ маш хялбар болчихсон. Утсаар яриад мэдээллээ өгөөд л боллоо. Мэдээллийн нэгдсэн сан гэж том зүйл ажилладаг. Бүхий л талын мэдээллийг тэндээс нь татаад авчихдаг. Утсаар мэдээллээ өглөө, тулгалаа, карт нь хэвлэгдлээ, шуудангаар картыг нь явуулчихдаг. Ерөөсөө банкинд очих ч шаардлагагүй болчихсон. Нэг ч удаа очих шаардлагагүй болчихсон шүү.

-“MoneyPolo” банк бус санхүүгийн байгууллагын онцлог, давуу тал гэвэл та юуг  онцлох вэ. Харилцагчдадаа ямар шинэ үйлчилгээ санал болгож байна вэ?

-Энэ жилийн тайлан мэдээгээр Монгол Улсад 537 ББСБ үйл ажиллагаа явуулж байгаагаас 11 нь цахим төлбөр тооцоо, мөнгөн гуйвуулгын үйл ажиллагаа явуулж байна. Үүнээс 7-8 нь идэвхитэй үйл ажиллагаа явуулж байна. Тэдгээр идэвхитэй үйл ажиллагаа явуулж байгаа ББСБ-уудын нэг  манайх бөгөөд гадаад харилцаа нь арай өргөн хөгжсөн буюу 136 оронд төлбөр тооцоо хийж байна. Энэ бол манай том давуу тал. Бусад цахим төлбөр тооцоо, мөнгөн гуйвуулгын ББСБ-ууд нь ихэвчлэн урд хөрш рүү юанын гуйвуулга хийдэг.

-Олон улсын мөнгөн гуйвуулгын чиглэлд ямар ахиц, дэвшил гарч байна. Дэлхийтэй хөл зэрэгцсэн үйлчилгээг танай компаниас мэдрэх боломж бүрдсэн үү?

-Ахиц дэвшил бол алхам тутамд, цаг хором бүрт гарсаар байна. Их Британи улсад л гэхэд манайд байдаг ТҮЦ машинууд шиг тернималууд метроны буудлуудад бий. Тэр машинд картаа уншуулаад гүйлгээний нууц үгээ оруулаад тэрүүгээрээ Монголд манай платформоос шалгуулаад л мөнгө хүлээж авч байх жишээний. Энэ бол арай ахисан шатны үйлчилгээ. Үүнээс бүр ахисан шат гэвэл манай “MoneyPolo” платформ дээр цахим данс үүсгээд цэнэглэдэг. Үүнийг цахим түрийвч гэж ярьцгаадаг шүү дээ. Цахим түрийвчээ цэнэглэчихсэн нөхцөлд хэзээ ч, хаана ч байсан хамаагүй шилжүүлэг хийх боломжтой. Бидний харьцдаг 136 улсад нэвтэрчихээд байгаа энэ үйлчилгээг Монголд нэвтрүүлье гэвэл манай ББСБ-д бэлэн байж л байна. Нэвтрүүлэхэд технологи нь бэлэн байгаа.

-Мөнгөн гуйвуулгын үйлчилгээг “MoneyPolo”-гоос авах зайлшгүй шалтгаан гэвэл та юуг онцлох вэ?

-Дэлхий дээр “Western union”, “Moneygram” гэсэн хоёр алдартай мөнгөн гуйвуулгын систем байна л даа. Энэ нь манайх шиг бие дааж биш. Банкуудад нэвтэрчихсэн систем, олон жилийн түүхтэй. Эд нартай харьцуулбал манайх мөнгөн гуйвуулгын шимтгэлийн хураамж 3-5 дахин бага л даа.

-100 ам.доллар шилжүүлэхэд шимтгэл нь хэд вэ?

-“Western union”, “Moneygram”-аар 100 доллар шилжүүлэхэд 10 долларын шимтгэлтэй байхад манай шимтгэл 1.8 доллар байх жишээний.

-Зээлийн үйлчилгээнүүдээ танилцуулаач. Харилцагчдадаа ямар боломжуудыг санал болгож байна вэ?

-Одоогоор манайх зээлийн дөрвөн төрлийн үйлчилгээг санал болгож байна. барьцаанд тулгуурласан буюу орон сууц, автомашин, хашаа байшин, цалингийн зээл олгож байгаа. Манайх удахгүй кредит картны үйлчилгээ нэвтрүүлэх гээд төлөвлөөд ажиллаад явж байна. Монголын нөхцөлд тохирсон лимитийг тодорхой хэмжээнд барьсан зээлийн карт байх юм.

-Гадаадад байгаа монголчуудын хувьд танай санхүүгийн үйлчилгээг бүрэн дүүрэн авах бололцоо нээгдсэн үү?

-Нээгдсэн. Монголчууд ихээр суурьшчихсан Чех, Швед, Герман Бельги зэрэг оронд салбарууддаа монгол хүнийг авч ажиллуулж байна. Дөнгөж очсон хүн байвал гадныхантай харилцахад хэл ярианы бэрхшээл тулгардаг. Тэгвэл манай тэдгээр салбарт монгол хүн монгол хүндээ нь үйлчлээд явж байна.

-Ярилцлага өгсөн танд баярлалаа

– Баярлалаа, та бүхний ажилд амжилт хүсье.

***

Уншигч та MoneyPolo” ББСБ-аар үйлчлүүлэхийг хүсвэл доорх хаягаар  хандаарай.

Хаяг: Чингэлтэй дүүрэг, II хороо, Төмөрчний гудамж 8, “Мөнгөт шарга” төвийн хоёрдугаар давхар 204 тоот. “MoneyPolo” ББСБ,

Цахим сайт:  www.moneypolo.com

Холбоо барих утас: 70070080, 99088145


Санал болгох мэдээ

Г.Билгүүн: Байгалийн боржин чулуу ашиглан халтирдаггүй явган хүний зам хийж байна

32-ын тойргоос Хүнсний 4-р дэлгүүр хүртэлх 1.2 км явган хүний замыг байгалийн боржин чулуугаар шинэчилж …