Хамгийн хүчтэй засаг байгуулахыг санаархагч У.Хүрэлсүхийн ЛООЗОН ба ЛУУЖИН

Ард түмний итгэл улстөрчдийн луужин болдог. Хэрвээ улстөрч буруу зүгийг чиглэж эхэлмэгц нөгөө луужин урвуу хамаарлаар эсрэг зүгт гажиж эхэлдэг. Харин луужингийн чигийг дагасан улстөрч хэзээ ч алддаггүй жамтай.

Тэгвэл Монголын улс төрийн луужин зөв зааж эхэллээ гэх итгэл ард иргэдэд төрж байна. Энэ нь шинэхэн тодорсон хуучин лидер болох У.Хүрэлсүхтэй холбоотой. Тэр өмнө нь нам, төрийн өндөр албан тушаал бишгүй хашч,  улстөрчдийн тэргүүн фронтод дайтаж явсан нэгэн.  Цэргийн хурандаа цолтой түүнийг улс төрийн “офицер” гэж хочилдог юм билээ. Өнгөрсөн хугацаанд чамгүй шарх, нэр хүндийн багагүй хохирол амссан ч өнөөдөр түүний лидер болон тодрох цаг ирээд байна.

У.Хүрэлсүх уг нь тун хуучны кадр. П.Жасрайгийн үеэс улс төрд идэвхтэй оролцож, намынхаа төлөө өлсгөлөн зарлаж явсан ч хараахан албан ёсоор лидерийн орон зайг эзэлж амжаагүй өдий хүрсэн юм. МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга, Засгийн газрын гишүүн, УИХ-ын гишүүн зэрэг удирдах алба түүнийг үргэлж нэгдүгээр эгнээнд байгааг илэрхийлдэг байснаас биш бүх эгнээний эхэнд ганцаараа тодрох боломжийг олгоогүй. Одоо харин цаг нь болжээ.

Энд хүрэх түүний зам дардан, шулуун байсангүй. Лидерийн орон зайг тэр өрөөлтэй бус, өөрийн талынхантайгаа тэмцэж байж олж авлаа. У.Хүрэлсүхийн өөрийн орон зайгаа эзэлж авсан энэхүү үйл явцыг бараг хувьсгал байлаа гээд хэлчихэд хилсдүүлсэн, эсвэл хэтийдүүлсэн болохгүй. Учир нь тэр системийн эсрэг тэмцэж, системийн гаднаас нь биш дотроос нь нурааж чадлаа. Эрх мэдлийг үнэмлэхүйгээр гартаа оруулаад байсан М.Энхболд тэргүүтэй намын хүчтэй бүлэглэлийн эсрэг тэмцэх нь У.Хүрэлсүхд л зориулж хадгалсан “бурхны төлөвлөгөө” байсан байх гэмээр санагддаг. У.Хүрэлсүхээс өөр хэн нэгэн ийм том зүрх гаргаж чадах байсан эсэх нь эргэлзээтэй.

“Алдах юмгүй хүн хождог” гэж үг бий. Гэтэл У.Хүрэлсүхд алдах юм хэт их байсан. Тэр Ж.Эрдэнэбатын Засгийн газрын Шадар сайдын албан тушаалтай байлаа. Хэрвээ тэмцэл нь бүтэлгүйтвэл У.Хүрэлсүх намаасаа ч хөөгдөх аюултай байлаа. Түүгээр ч зогсохгүй, өөрийгөө тагнасан чагнасан гэдэг зүйлчлэлээр ял шийтгүүлж, төрийн алба руу тодорхойгүй хугацаагаар шагайхгүй болтлоо цөлөгдөх байлаа. Ийм эрсдлийн өөдөөс нэг бол их тэнэг хүн, нөгөө бол их зоригтой хүн л сөрж чадах байв. Тэгвэл тэр нь У.Хүрэлсүх байж таарсанд олон хүн гайхаагүй юм. Яагаад гэвэл, түүний туулсан замналыг харахад яг л ийм тэмцэлд зориулж У.Хүрэлсүх гэгч бага даргыг улс төрд оруулж ирээд, төдийгөөс өдий хүртэл бэлтгэсэн мэт сэтгэгдэл төрдөг. Тэмцэгчийн дүр бол У.Хүрэлсүхд хамгийн гоё зохидог. Л.Гүндалай, Ж.Батзандан, О.Магнай, С.Ганбаатар нарт зохидгоос ч илүү.

Н.Энхбаяр Монголын эзэн хаан шиг авирлаж байх үед У.Хүрэлсүх л сөргөлдөж зүрхэлсэн. Үүгээрээ тэр намын барлаг, цүнх баригч биш гэдгээ тодорхой тунхагласан билээ. “Энэ төрийн ажлыг та мэддэг юм уу, танай эхнэр мэддэг юм уу” гэдэг үг нь өнөөдөр ч бараг трэнд хэвээрээ байна.

Тэгвэл 2016 оны сонгуулийн үр дүнгийн дараа М.Энхболдын өөдөөс чанга дуугарах нь байтугай, муухай харах ч зүрх зоригтон ховордож ирэв. Эрх мэдэл, хүч чадлаараа хэнийг ч өмнөө сөгдүүлж буйг бид Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр цацагдсан “Аархал” гэх бичлэгээс тодорхой харсан. Тэгтэл өнөөх У.Хүрэлсүх л түүний өөдөөс өндийгөөд босоод ирэх нь тэр. Түүнээс өмнө энэ намд чимээгүй эвлэрэл, хүлцэнгүй нам жим ноёрхож байсан нь гашуун үнэн. МАН-ын дотоодод үүссэн нүргээн яг үнэндээ түүнээс эхтэй. Бүх эрх мэдлийг гартаа зангидаж, ЦЕГ, ТЕГ, АТГ, прокурорын байгууллагыг бүрэн эрхшээсэн хүчний эсрэг У.Хүрэлсүх зоригтой хөдөлсөн.

Тэр хэдийгээр ялалт байгуулаад буй ч түүний дарсан дайсан хэн байсан бэ гэдгийг тодотгох учиртай. Үе үеийн дарга нартай тэрсэж, тэрсэхдээ намын төлөө, ард олны төлөө тэрсэж явсан У.Хүрэлсүх өмнөхөөсөө илүү хүчтэй дайсантай нүүр тулгарсан. Тэр нь үзэгдэх дүр нь М.Энхболд гэж харагдаж буй ч мөн чанартаа бол өнгөрсөн 12 жилийн турш бүрэлдэн бий болсон МАНАН бүлэглэл юм. Энэ бүлэглэлд М.Энхболдоос гадна намынх нь хамгийн хүчтэй лидер С.Баяр, мөнгөний машин, мафи маягийн хор найруулж суудаг Т.Бадамжунай, Монгол Улсын экс Ерөнхийлөгч, зальжин хорчин Ц.Элбэгдорж нар багтдаг. Тэдний шунал Монголын улс төр, эрх мэдлийг хязгааргүйгээр уламжлан захирч, Монголын газрын доорх баялгийг цөлмөж дуусах хорт төлөвлөгөөг хэрэгжүүлж байсан юм. Энэ нь Ж.Эрдэнэбатын Засгийн газрын олон шийдвэрээр нотлогдож, бас нотлогдохоор зэхэж байлаа. Оюутолгойг нохойн замаар оруулсан энэ бүлэглэл дараачийн зоогоороо түүнээс ч дутахгүй том орд болох Хармагтайн ордыг онилоод байсан нь илэрсэн. Монголын улс төрд салхи савир оруулахгүй л бол эрх мэдэлтнүүдийн шуналын тулам дүүрэхгүй нь ийнхүү тодорхой болсон байлаа. Эрх мэдлээ хадгалж үлдэхийн тулд бүх хүчээрээ У.Хүрэлсүхийн эсрэг хөдөлсөн учир энэ юм.

Гэвч харамсалтай нь тэд ялагдал хүлээлээ. МАН-ын дарга М.Энхболд лидерийн тугийг дуртай ч, дургүй ч У.Хүрэлсүхд алдлаа. Тэгвэл түүхийн тавцан дээр 30 дахь Ерөнхий сайд болон тодорсон У.Хүрэлсүхийн дараагийн тэмцэл, дараагийн ялалт юу байх вэ?

Тэрээр “Би төрийн ордны хананд зургаа өлгүүлсэн Ерөнхий сайд баймааргүй байна. Монгол төрийн түүхэнд тодорхой ажил, томоохон өөрчлөлт хийсэн Ерөнхий сайд байхыг хүсч байгаа. Надад ямар нэгэн айдас алга” гэж мэдэгдсэн нь ард түмэнд найдварын гэрэл авчраад байна. Одоо У.Хүрэлсүхийн гарт ард түмний итгэл найдвар бүхий луужин байгаа нь түүний хамгийн том давуу тал юм. Өөрөөр хэлбэл, түүний зоригтой, шийдэмгий хийсэн ямарваа ажлыг ард түмэн зөв гэж хүлээж авахад бэлэн байгаа гэсэн үг. Үүнийг улс төрийн газрын зураг дээрх давуу байрлал гэж нэрлэж болно.

Ийм давуу байрлал улстөрчдөд тэр бүр олдоод байдаггүй ховор живэр эд. Тиймээс У.Хүрэлсүхийг цаашид улс төрийн газрын зураг дээр ямар нүүдэл хийхийг ард түмэн анзааргатай ажиглаж сууна.

Төрийн толгойд гарсан овилгогүй, увайгүй улстөрчидтэй хийх тэмцлээ тэр үргэлжлүүлж чадах уу. Намаа 60 тэрбумын бүлэглэл гэж нэрлэгдсэн улстөрчдөөс бүрэн цэвэрлэж дөнгөх үү. Эдгээрийн хариултыг мэдэхийн тулд магадгүй нэлээд цаг хугацаа шаардагдах биз ээ. Харин ойрын үед, тун удахгүй хариултыг нь мэдэж болох олон асуулт, хүлээлт ард түмний дунд бий болжээ.

Ямартай ч У.Хүрэлсүх “Засгийн газрын бүтцэд өөрчлөлт оруулахгүй” гэдгээ мэдэгдсэн. Үүнийгээ тайлбарлахдаа өвлийн хүндрэл, өр төлбөрийн бэрхшээл хаяанд тулсан энэ үед яам, агентлагуудын нэрийг өөрчилж, хольж солих хэрэггүй гэж шийджээ. Тиймээс яамдын тоо цөөрөхгүй, мөн нэмэгдэхгүй гэсэн үг. Түүний Засгийн газар 100 хувь давхар дээлтэй сайдуудаас бүрдэхээр болж байна.

Яг одоогоор ард түмний итгэлийн луужинг эзэмшиж буй У.Хүрэлсүх хүчтэй, тогтвортой засаг байгуулахыг санаархаж буй нь ийнхүү тодорхой боллоо.

У.Хүрэлсүх “Бид усан далайд гарцгүй ч хүн далайд гарцтай” гэх үг шинэ, сэргэг сонсогдож буй. Хүнсний эх орон болох түүний төлөвлөгөө С.Баярын “Таван төгөлдөршил”, Ч.Сайханбилэгийн “Эдийн засаг, эдийн засаг, эдийн засаг” гэх мэт лоозонгоос илүү амьдралтай, итгэл үнэмшилтэй ажээ.

Эцэст нь дүгнэж хэлэхэд, шинэ Ерөнхий сайдын луужин зөв зааж, хүн далайг зорих хөлгийнх нь тоног бүрджээ. Амжилттай гараа хийх бүх л нөхцөл боломж нь У.Хүрэлсүхд оногдоод байна. Үүнийг түүхийн толь бичигт тохироо бүрдэх хэмээмүй.

zindaa.mn

Д.Дамдинжав

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Шинэ хоршоо” хөтөлбөрийн хүрээнд малчдын сарын орлогыг 5 сая төгрөгт хүргэх боломжийг бүрдүүлнэ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл өглөө. ЗГХЭГ-ын …