Түмээ ах нас бараад дөрвөн жил болжээ. Сен мөрний тухай Аполлинерын гоё шүлгийг л уншиж байснаас биш, тэр алдарт голд бас хүн амиа алдаж болно гэж төсөөлж ч явсангүй.
Тигр, Евфрат мөрөн гэж бий,
Тийм сайхан нэртэй газар ч гэж юу билээ?
гэсэн шүлэг мань хүнд байдаг сан. “Гоё гоё газрууд л үзэж амьдрах хэрэгтэй” гэж анх танилцсан өдрөө надад сургамжилж байсныг нь тодоос тод сананам. Парис шиг гоё хотод, тийм гоё мөрөнд… Нэг л итгэдэггүй юм даа. “Түмээ амиа хорлох хүн биш ээ” гэж Догмид ах ярьсан байна билээ. Би ч тэгж боддог.
Намайг Утга зохиолын дээд сургуульд очсон тэр намар Түмээ ах Эрхүүгээс ирж, бид танилцсан юм. Дараа хавар нь Белорусын Театр урлагийн дээд сургуульд сурч байсан, одоо СУИС-ийн багш, УГЗ Ганхуяг нэгэн яруу найргийн цэнгүүн зохиож, Түмээ ах түүнд оролцохоор Улаан-Үүдийн Соёлын дээдэд сурч байсан яруу найрагч Цоозолын хамт давхиж ирэв. Минск явахаас өмнө бас хэд хоногийн нөөцтэй. Түмээ ах надад сэм хэлж байна:
-За, би цаад Цоозолд чинь “Москвад олон удаа ирсэн. Бүр Их сургуульд байхаасаа л Мелёхиныг дагаж гэрт нь зочлоод, Оросын нийслэлийг нэвт шувт нүхэлчихсэн хүн” гээд ангайтал нь ярьчихсан шүү. Чи намайг баригдуулав аа! Маргаашнаас бид хоёрыг дагуулаад хот үзүүлэхдээ, надад урьдчилан дохио өгч сануулаад явдаг юм шүү! гэж захиж байна.
Ингээд Цоозол бид гурав гудамж метрлэж гарав аа. “Энэ нөгөө сүм чинь шүү дээ, Түмээ ах аа? Яагаав, Пушкин гэрлэсэн… Орох уу, яах вэ?”, “Түмээ ах аа, таны орох дуртай нөгөө пийвний газар очих уу, яах вэ?” гэхчлэн би байнга л мань эрээс заавар зөвлөгөө аваастай. Түмээ ах ч “За, яахав, аугаа их Пушкин Наталья Гончарова гээч, эзэн хаан хүртэл нүд унагаж явсан үзэсгэлэнт бүсгүйтэй гэрлэсэн сүм юм чинь, энэ Цоозолыг оруулж нэг хийморийг нь сэргээе дээ. Би ч орос сүмээс залхсан хүн дээ” гэхчлэн хэнэггүйхэн ийш тийш харж, хөөрхий Цоозолыг бишрүүлнэ. Уушны газар ороод “Аюур аа, миний уудгийг л авчих даа. Энэ Цоозолд таалагдахгүй бол яахав, өөр зүйл захиалцгаая” гэж догирхоно. Цоозол “Түмээ ах та Москвад хэд ирсэн юм бэ? Энэ том хотод төөрчихгүй царайтай юм аа” гэж гайхаад л. “Өө, төөрнө гэж ярихгүй. Мелёхиныд байхдаа би ганцаараа гараад л шөнө орой болтол тэнэчихдэг байсан. Метроны буудлуудын зарим нэрийг харин будилах гээд байдаг болчихож” хэмээн Түмээ ах томорно.
Биднийг Минскт очсон өглөө одоогийн УИХ-ын гишүүн Энх-Амгалан, G галерейн захирал Батсайхан, МҮОНТ-д олон жил ажилласан сэтгүүлч Оюунчимэг гурвыг Болд-Эрдэнэ дагуулчихсан, “Ленинградын яруу найрагчдын баг” Театрын сургуулийн оюутны байранд мөн буулаа. Манай сургуулийн Чинзориг, Баттөмөр хоёр үг хэл цэцэн цэлмэг, архи шордохдоо гаргуун, тэр дорхиноо л Ганхуяг, Найдандорж (одоогийн УГЗ, театрын нэрт найруулагч),Энхбаяр (одоо СУИС-ийн багш), Батбаяр нараар ширээ засуулаад тухалчихав. Тойроод шүлэг уншицгаах зуур Түмээ ах “Гаръя” гээд нударч байна.
-Ямар архи ууж үзээгүй биш. Шинэ газар ирчихээд оюутны байранд суугаад байна гэж юу байсан юм бэ? Эднийг өдөржин ууж хөөрч байх хооронд хоёулаа баатар хот Минскийг нүхэлчихье гэлээ.
Бид өглөөний цэнгэг салхинд гарч сэлүүн цэвэрхэн гудамжаар баахан алхаад, хотын төв талбай, нүдэнд өртсөн том том хөшөөд рүү оччихоод, бас нэг цэцэрлэгт хүрээлэнгийн буланд гоожуурын пиво зардаг мухлаг байгааг мэдчихээд буцаж ирэхэд манайхан цөм унтацгааж байв.
Орой нь яруу найргийн баяр болох гээд өөр хотуудаас ирсэн шүлэгч залуус цуглахад, Түмээ ах шинээр авахуулсан зургаа бүгдэд нь харуулж,
-Та нарыг ногоорч байхад Аюур бид хоёр Минскийг нэвт шувт үзчихээд, хамгийн том гэрэл зургийн студид нь зургаа авахуулаад, зураг гарах хооронд хэдэн хөшөө үзчихээд ирлээ. Минскт та нар надаар газарчлуулсан ч болно хэмээн сайрхсан сан.
Маргааш нь бид хоёр бас л бусдаасаа салж, Хатынь руу явсан. Тэнд их эвгүй юм, хонх дуугараад л, хачин шуургатай өдөр таарсныг ч хэлэх үү, Түмээ ах ханан дахь хүүхдүүдийн зураг хараад:
-Хүнд хэцүү дайны жилүүдэд
Хүүхдүүд ердөө урваагүй гэж… хэмээн өөрийнхөө дууг дуулах гэж оролдсоноо уйлчихаж билээ.
Тийм л хүүхэд шиг ариухан сэтгэлтэй ахтайгаа хамт алхаж, хүүхдийнх шиг цайлган ярианд нь баясаж явсан өдрүүдээс цөөвтөр зураг л үлдэж. Энэ бол нөгөө л Минскийн “хамгийн том гэрэл зургийн студийнх нь” зураг. Би 19-тэй, Түмээ ах 36-тай байж шүү дээ.
Түмээ ах Москвагаас галт тэргээр нэг шөнө л явах зайтай Орёл хотод ТМС-ийн монгол сурагчид хариуцсан багшаар ирснээр, бид улам ч ойр ойрхон уулзалдах болов. Голдуу өглөө ирнэ. “Аа, хичээлдээ явахаас чинь өмнө амжлаа шүү. За, танай сургууль руу хамт явна аа” гэх. Нэг бус удаа Герцений хөшөөний дэргэд намайг хүлээнгээ шүлэг бичиж суудаг байсан. Заримдаа “Зөвлөлтийн түүх мэтийн чамд ямар ч ашиггүй хичээл байгаа бол тасал тасал. Хоёулаа гудамжаар тэнэе” гэнэ. “Зүгээр л тэнэж юугаа хийх юм бэ?” гэвэл учиргүй гайхаж:
-Юу гэнэ ээ? Москвагаар тэнэхээс илүү сайхан зүйл гэж юу байдаг юм бэ? Ганган ганган хүн хараад л, ихэмсэг эмгэд, баян өвгөчүүлтэй таараад л, гоё шүү дээ. За, алив, хичээлийн хуваарийг чинь харъя. Өө, энэ муу Найруулга зүй чинь ёстой хэрэггүй эд. Би чинь Хэвлэлийн нэгдсэн редакцид редактор хийж явлаа. Гаадамба гуай анх “Хэтэрхий мэргэн жараахай”-г орчуулаад, би тэрийнх нь найруулгыг энд тэнд зүгээр л донжийг нь олоод гар хүрчихгүй юу. Тэгсэн чинь намайг хүмүүст ярьсан байна лээ, “Тэр хэвлэлийн нэгдсэн редакци одоо л нэг овоо аятайхан хүүтэй болж дээ. Миний юмыг хэрийн хүн засч чадахгүй. Тэгтэл Түмэнжаргал гээч тэр жаал их зөв зассан байна лээ” гээд л ярьсан байгаа юм даа. Энхбаяр анх Толстойн номыг “Хүүхэд ахуй нас” гэж орчуулсныг би “Хүүхэд ахуй махуй гэж одоо юу гэж байгаа юм бэ? Бага нас гэхэд л болно шүү дээ” гээд засаад гаргаж байлаа. Найруулга зүйг бол би чамд багшилчихна. Наад хичээлээ пялчих, тэгэх үү? гээд намайгаа хөөрхөн зальдчих санаатай, бас. Надаар хэл хийж, газарчуулж, хань татах л гэж тэр. Түмээ ахын яриаг сонсох би маш их дуртай байсан сан. Монголын уран зохиолын амьдралыг нүдэнд харагдтал ярина.
үргэлжлэлийг энд дарж уншина уу