Өчигдрийн Улсын Их Хурлын намрын чуулганаар төрийн өндөр албан тушаалтан, шүүгч, прокуророос бусад төрийн албан хаагчдад нэг удаагийн 300 мянган төгрөгийг олгохоор шийдвэрлэсэн. Энэхүү асуудлаар өнөөдөр Боловсрол Соёл Шинжлэх Ухаан Спортын сайд Ц. Цогзолмаа мэдээлэл хийлээ.
Тэрбээр”Боловсрол Соёл Шинжлэх Ухаан Спортын сайдаар томилогдож ирсний хувиар боловсролын системийн ачааллыг нуруундаа үүрч яваа хүмүүс бол багш нар. Өнөөдөр 560 мянган төгрөгийн цалин авдаг багшаас бид нар ажлын өндөр хариуцлага шаардлага нэхэх боломжгүй . Нөгөөтээгүүр төрийн өмчийн сургуулиудад өнөөдөр нэг ангид 30 хүүхэд сурах стандарттай байхад 55-70 хүүхэд сурч дундаж үзүүлэлт байгаа учир багш нарынхаа цалинг нэмэгдүүлэх асуудлаар сайдаар томилогдож ирсэн хүнийхээ хувиар багш нарын цалинг нэмэгдүүлэх асуудалд анхаарна гэж хэлсэн. Гэхдээ Ц. Цогзолмаа хүссэнээрээ улсын төсвийн мөнгийг захиран зарцуулах эрх байхгүй.
Монгол Улсын Засгийн Газраас багш, эмч нарын цалинг дангаар нь нэмэх тухай асуудал ярихаар урлаг соёлын ажилчид цалин нэмэгдүүлэх асуудлаар мэдэгдлээ хийсэн. Тийм учраас урьдчилан сэргийлэх үүднээс Засаг Газар хэлэлцээд төрийн үйлчилгээний албанд ажиллаж байгаа хүмүүстээ энэ ондоо багтаагаад 300 мянган төгрөгийн асуудлыг ажлынх нь үр дүнгээс шалтгаалсан урамшуулал хэлбэрээр олгох шийдвэр гаргасан.
Уг шийдвэрийг гаргах болсон шалтгаан нь ОУВС-ийн хэлэлцээрт цалин нэмэгдүүлэхгүй гэсэн заалт орчихсон. Гэхдээ энэхүү заалтыг мөрдөхөөс өөр арга байхгүй гэдгийг багш нар маань ойлгох ёстой. Цалинг нэмэгдүүлэхгүй гэсэн шаардлагаа биелүүлж ОУВС-гаас ирж байгаа зээл тусламжийг авч байж нийт Монголын ард түмний асуудлыг шийдэх гээд байгаа. Тийм учраас багш нар маань боловсролтой, боловсролын салбарыг түүчээлж байгаа учир энэ асуудлыг ойлгох байх гэж бодож байна” гэлээ.
Г.Нараа