Уянгын халилтай, улстөржсөн хоригийн эргэн тойронд

Ерөнхийлөгч Засгийн газрын гишүүдийн томилгоонд хэсэгчлэн хориг тавиад байгаа билээ. Тодруулбал, Сангийн сайд Ч.Хүрэлбаатарын томилгоог эсэргүүцсэн хориг улстөрийн хүрээнд багагүй мэтгэлцээнийг өрнүүлээд байна. Зарим ажиглагчдын үзэж буйгаар Ерөнхийлөгчийн хориг Үндсэн хуулийн асуудал болсон гэж байгаа бол нөгөө хэсэг нь ерөнхийлөгчийн эрх мэдлийг  нэг хэсэг хүн өөрийн улстөрийн ашиг сонирхлын үүднээс хуваан эзэлж явуургүй улстөр хийж байна гэж үзэж байна.

Үүсээд буй нөхцөл байдлыг улстөрчид, хуульчид хэрхэн дүгнэснийг тоймлон хүргэе.

Хууль зүйн байнгын хорооны дарга, УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд: “Гучин гэр бүлийн нэрсийг нь хэлж өгөөч. Энэ дотор хэн, хэн нэг, хоёр, гурав гээд багтаж байна. Ч.Хүрэлбаатар сайд энэ 30-ийн яг хэдэд байна вэ. Үүнийг нэгдүгээрт мэдмээр байна. Хоёр дахь зүйл гэвэл “Батлагдаагүй асуудал дээр хориг тавина” гэсэн Ерөнхийлөгчийн заналхийлсэн байр суурь юм уу, хориг тавьж байгаа албан бичиг дээр орж ирсэн байна билээ. Хориг өөрөө нэгдүгээрт үндэслэлтэй явдаг. Өөрөө дагуулаад эрх зүйн үр дагавар үүсгэж байгаа. Тэгээд энэ гаргасан үндэслэл, энэ бичгээс нь харж байхад их зовлонтой харагдаж байгаа. Гучин гэр бүлийн нэг гэдэг нь тогтоогдоод байх шиг байгаа юм. Тэгээд энэ үндэслэл гэдэг юмыг чинь авах ч хэцүү, байх ч хэцүү. Анх удаа ийм хориг орж ирж байгааг харж байна. Хориг тавьж байгаа асуудал чинь үндэсний эв нэгдлийг хамгаална, Үндсэн хуульд нийцүүлнэ гэсэн тангарагт нь нийцэж явах ёстой. Гэтэл далд санаатай, давхар бодолтой хориг байж болохгүй гэж би УИХ-ын гишүүний хувьд бодож байна.

МУИС-ийн Хууль зүйн сургуулийн дэд профессор, доктор О.Мөнхсайхан: Үндсэн хуулийн 33-р зүйлийн 1.1-д Ерөнхийлөгч УИХ-ын баталсан хууль, бусад шийдвэрт бүхэлд нь буюу заримд нь хориг тавих бүрэн эрхтэй гэсэн заалт дээр тулгуурлаж зарим хүн сайдын томилсон УИХ-ын тогтоолд Ерөнхийлөгч хориг тавих бүрэн эрхтэй гэж байна. Ерөнхийлөгч ч ингэж уншиж байгаа бололтой. Ерөнхий сайдын болон сайдын томилгоо дээр Ерөнхийлөгч хориг тавих бүрэн эрхгүй. Хэрэв Ерөнхийлөгч хориг тавьдаг болчихвол 1994-2000 оны хооронд үүсэж байсан шиг хямрал үүснэ. Тэр үед УИХ-д 50 суудал авчихсан эвсэл Ерөнхийлөгчийн зөвшөөрөлгүйгээр Ерөнхий сайдаа ч, Засгийн газрын гишүүдээ ч томилуулж чаддаггүй байсан. Үүнийг засаж 2000 онд нэмэлт өөрчлөлт оруулсан. Хэрэв Ерөнхий сайдын эсвэл сайдын томилгоо дээр Ерөнхийлөгч хориг тавихыг зөвшөөрчихвөл 2000 оны өмнөх үерүү буцаж орно. Яагаад гэхээр Үндсэн хуулийн 33.1-д зааснаар Ерөнхийлөгчийн хоригийг УИХ-аар хэлэлцэж, чуулганд оролцсон нийт гишүүдийн гуравны хоёр нь хүлээж аваагүй бол хууль, шийдвэр хүчин төгөлдөр хэвээр үлдэнэ гэж байгаа юм. Энэ бол маш өндөр босго. Ерөнхийлөгчийн хоригийг уншихаар гурван янзын үндэслэл байгаа юм. Нэлээд улстөрийн шинжтэй үндэслэлүүд. Үндсэн хуулийн 16-р зүйлд “Гэм буруутай нь хуулийн дагуу шүүхээр нотлогдох хүртэл хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож үл болно. Гэм буруутны ял зэмлэлийг түүний гэр бүлийн гишүүд, төрөл саданд нь халдаан  хэрэглэхийг хориглоно” гэж заасан байдаг. Социализмын үеийн хядлага, хэлмэгдүүлэлтийг давтахгүйн тулд 1992 онд Үндсэн хууль тогтоогчид ийм заалт оруулсан гэдгийг үндэсний эв нэгдлийг эрэлхийлэгч Ерөнхийлөгч маань бодоосой.

Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжин:  Монгол улсын Үндсэн хуулинд УИХ-аар тогтоосон хууль болон бусад шийдвэрт Ерөнхийлөгч хориг тавих бүрэн эрхтэй гэж бичсэн. Өмнөх Ерөнхийлөгчид нэг ч удаа хэрэгжүүлж байгаагүй, 1992 оны Үндсэн хуулиас бодит амьдралд тохиолдож байгаагүй тохиолдол боллоо. Энэ эрх ямар зорилготой Ерөнхийлөгчийн институцид олгогдсон бэ гэдэг философийг харах ёстой. Ерөнхийлөгчийн хориг хязгааргүй гэвэл энэ нь өөрөө Үндсэн хуулийн хямрал. Ерөнхийлөгчид хориг тавих эрх байх нь байна. Гэхдээ хязгаартай. Хоригийн агуулгыг харахад 1992 оноос хойш ардчиллын үйл явц дотор хошин шогийн байдлаар яавдаа гэж хэлэхээр жишиг болохуйц албан бичиг. Агуулга, үндэслэл гээд олон зүйлээр шалгуур хийгээд тавьбал уянгийн халилтай, хийсвэрлэл иххтэй, хардалт таамаг дээр үндэслэсэн, шүлэг бичиг байгаа юм шиг толгой холбосон байна. Албан бичгийг ингэж бичиж болохгүй. Хариуцлагатай ардчилал гэдэг систем баримтанд тулгуурласан, сэтгэл хөдлөлд автахгүй тодорхой факт, хууль зүйн үндэслэл, дүгнэлтэнд суурилах ёстой. Монгол Улсын Үндсэн хуульд Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг хэн нэгэн хуваалцах ёсгүй. Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга дотоод зохион байгуулалттын асуудал болохоос гадагшаа, олон нийт рүү чиглэсэн чиг үүрэг биш. Энэ мэтчилэн үл ойлгогдох энэ байдлаа цэгцэлж явахгүй бол сүүлдээ ерөнхийлөгчийн үг юм уу өөр ххэн нэгний үг юм уу мэдэх юм үгүй болох гээд байна.

УИХ-ын гишүүн Л.Элдэв-Очир: Төрийн гурван институц дор бүрдээ хийх ажлаа л хийх ёстой. Төрийн механизмыг гацаадаг тийм бодлого явуулж болохгүй. Ялангуяа ерөнхийлөгчийн хувьд ард түмний эв нэгдлийг юун түрүүнд баримтлах ёстой. Тийм зарчимтай байх ёстой. Иймд өөрсдийнхөө ажлыг хийх хэрэгтэй. Бие биенийхээ ажлыг гацаадаг, саад болдог явдал хэрээс хэтрэх шинжтэй болж байна. Цаашид ийм байж болохгүй юм.

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар: Нэг талаасаа улс төр. Нөгөө талаас бодит байдлаар 30 гэр бүл тэр, энэ гэж би хэлж чадахгүй. Ерөнхийлөгчийн зүгээс оруулж ирж байгаа 30 гэр бүл ямар учиртайг би мэдэхгүй. Миний зүгээс Ашигт малтмал, газрын тосны газарт шалгалтын ажлын хэсэг байгуулж, өнөөдрөөс ажлыг нь эхлүүлж байгаа. Ер нь хэдэн хүн ашиглалт, хайгуулын лиценз олгож байгаа эсэх нь тодорхой гараад ирэх байх. Хармагтай” орд нь зэс, алтны ордыг анх 1993 онд 100 хувь Канадын хөрөнгө оруулалттай компани хайгуул хийж эхэлсэн. 2002 онд “Айванхоу Майнз” компани өөрийн охин компани болох ‘Оюут Улаан’ ХХК-д шилжүүлсэн байдаг. 2013 оны есдүгээр сарын 27-ны өдөр тухайн талбайн нөөц нь тогтоогдож А буюу ашиглалтын лицензтэй болсон. Ордын нөөцийг Эрдэс, баялгийн мэргэжлийн зөвлөлөөр хэлэлцүүлж батлуулснаар бол баттай, бодитой, боломжтой буюу ABC зэрэглэлээр 86 сая тонн хүдэр, үүнээс алтны нөөц нь 38,4 тонн, зэсийн нөөц нь 348 мянган тонн гэж бүртгэгдсэн байна.

Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд  Б.Энхбаяр: Үндсэн хуулийг сонирхож судалдаг хуульчийнхаа хувьд энэ асуудалд байр сууриа илэрхийлмээр байна. Шинэ Үндсэн хууль батлагдсанаас 25 жилийн хугацаанд Монгол Улсын Засгийн газрыг бүрдүүлэхтэй холбогдсон УИХ-ын шийдвэрт тавьсан хамгийн анхны хориг.

Ерөнхийлөгч би бүх асуудлаар Үндсэн хуульд заасан учир хориг тавих эрхтэй гэж байна. Гэвч парламентын томилох, Засгийн газрыг байгуулах тэр бүрэн эрх яах вэ гэдэг асуудал байна. Мөн томилж байгаа шийдвэрт хориг тавьж болж байгаа юм чинь чөлөөлж буй шийдвэрт хориг тавьж болох нь ээ гэдэг асуудал хүртэл бий болж байна. Жишээ нь, нэг сайдыг УИХ олонхоороо хариуцлага тооцон чөлөөлсөн асуудалд Ерөнхийлөгч хориг тавихад гуравны нэг нь хүлээж авбал УИХ-ын дөч тавин гишүүний саналаар огцорсон сайд нөгөө хорин гишүүний саналаар буцаад сайдаа хийх үү? Өөрөөр хэлбэл энэ нь цаашид парламентэд олонх ба цөөнхийн зарчим гэдэг зүйлийг үгүй хийнэ. Тийм учраас үүнд маш их онолын үндэслэлтэй, судалгаатай, хариуцлагатай хандах ёстой болж байна. Миний хувьд энэ асуудлыг Х.Баттулга, З.Энхболд, Ч.Хүрэлбаатар гэдэг гурван хувь хүнээс нь салгаж яриасай гэж хүсэж байна. Хэрэв энэ гурван хүний нэрийг оролцуулаад яриад байвал бидний яриад байгаа Үндсэн хуулийн эрх мэдэл хуваарилах асуудал биш хувь хүмүүсийн тохиролцоо, улстөр шингэсэн өөр асуудал болж хувирах гээд байна. Цаад утгаараа Монголын парламент дахь төлөөллийн ардчилал өөрөө ойлгомжгүй,үр дүнгүй байдалд орох ийм эрсдэлтэй.

Л.Бадар

 

 

 

Санал болгох мэдээ

Г.Занданшатар: Мал аж ахуйд тулгамдаж буй асуудлыг хоршиж, нэгдэх арга замаар л шийдвэрлэж чадна

“Шинэ хоршоо” хөдөлгөөн арга хэмжээнд хот, хөдөөгийн 3100 гаруй малчид, хоршоологчид хөдөө аж ахуйн салбарт …