НИТХ-ын нэгдсэн чуулган өнөөдөр 10:00 цагт эхэлсэн. Хуралдаанаар “Нийслэлийн эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн хэрэгжилт, эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай”, “Агаар, орчны бохирдлыг бууруулах чиглэлээр 5-9 дүгээр сард хэрэгжүүлсэн үйл ажиллагааны тусгай төлөвлөгөөний биелэлт”, “НИТХ-ын дотоод зохион байгуулалтын тухай” гэсэн үндсэн гурван асуудлыг хэлэлцэхээр төлөвлөөд байгаа юм. Өнөөдрийн НИТХ-ын нэгдсэн чуулганд 39 төлөөлөгч ирсэн байна. Улмаар хуралдааны эхэнд НИТХ дахь АН-ын бүлгээс нэг цагийн завсарлага авах хүсэлт гарснаар хурлыг түр завсарлуулсан аж. Хуралдаан 12 цагт эхлэх тов гарсан ч АН-ын бүлэг үдээс өмнөх хуралдаанаар нэг цагийн завсарлага авсан юм. Завсарлага дууссаны дараа АН-ын бүлгээс дахин албан бичиг ирүүлснийг НИТХ-ын дарга С.Амарсайхан танилцууллаа.
Тэрбээр “Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн 12-р хуралдаанд Ардчилсан намын бүлэг НИТХ-ын дэгийн тухай хуулийн 4.5-т заасны дагуу ээлжит хуралдааныг 2017 оны 11-р сарын 13-ны өдрийг хүртэл хэлэлцэж буй бүх асуудлаар завсарлага авахыг хүсч бичгээр уламжилжээ. “НИТХ-ын дэгийн 4.6-т заасны дагуу нам эвслийн үүрэг завсарлах үүрэгтэй учир завсарлага өгнө үү” гэсэн АН-ын бүлгийн дарга Ц.Баатархүүгийн гарын үсэгтэй албан бичиг ирсэн тул саналыг хүлээн авч 13-р хуралдааныг энэ сарын 13-ны өдрийн өглөөний 09.00 цаг хүртэл хойшиллоо ” гэж мэдэгдлээ. Ийнхүү АН-ийн бүлгийн завсарлах хүсэлтээс хамааран НИТХ-ын ээлжит хуралдаан дахин хойшиллоо.