Ерөнхийлөгчийн хоригийг дэмжсэнгүй

Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн (2017.11.07) хуралдаан 10 цаг 07 минутад 55.6 хувийн ирцтэйгээр эхэлж, гурван асуудал хэлэлцэн шийдвэрлэв. Эхлээд 2017 оны аравдугаар сарын 27-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүлсэн  Монгол Улсын 2018 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2018 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2018 оны төсвийн тухай хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ.

Төслийн талаар Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж танилцуулав. Хууль зүй, дотоод хэргийн сайдын багцад ирэх онд 273 тэрбум төгрөг төлөвлөсөн байгааг тэрбээр дурдаад төсвийн задаргааг дэлгэрэнгүй танилцуулсан. Төслийн танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Л.Мөнхбаатар, С.Бямбацогт, Л.Энхболд, Ж.Ганбаатар, Б.Пүрэвдорж, Ш.Раднаасэд нар асуулт асууж, тодруулав. Өнгөрсөн хаврын чуулганаар эрүүгийн салбарын эрх зүйн томоохон өөрчлөлт хийгдэж, багц хуулиуд батлагдан хэрэгжиж буйг гишүүд тэмдэглэн, үүнтэй холбоотойгоор хууль зүйн салбарт ачаалал хэр нэмэгдэж буйг, төсөвтэй холбоотой ямар асуудлууд байгааг тодруулсан. Төсвийн боломж хүнд байгаа хэдий ч асуудлуудыг үе шаттайгаар шийдвэрлэхээр тусгаад ажиллаж байгааг Сангийн яамны холбогдох албан тушаалтан тайлбарлав. Төсөлд Шүүхийн ерөнхий зөвлөлийн зардлыг 1.8 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлсний 1.3 тэрбум төгрөг нь шинэ хуулиудын хэрэгжилттэй холбоотой зардал гэлээ.

Монгол Улсын Засгийн газар Олон Улсын Валютын Сантай хамтран “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр” хэрэгжүүлж буйтай холбоотойгоор аль нэг байгууллагын орон тоо нэмэх асуудлыг 2019 оны нэгдүгээр сарын 01-ний өдөр хүртэл шийдвэрлэх боломжгүй тул хууль зүйн салбараас ирүүлсэн энэ төрлийн асуудлуудыг төсвийн төсөлд тусгаагүй гэлээ. Шинэ хуулиуд хэрэгжээд 3-4 сарын хугацаа өнгөрч байгаа учраас үүнтэй холбоотойгоор төсөв, орон тооны асуудал ярих нь нэлээд түвэгтэй хэмээн салбарын сайд тайлбарлав. Хууль зүй, дотоод хэргийн яаманд шинээр хэрэгжиж буй багц хуулийн хэрэгжилтийг судалж, санал боловсруулах ажлын хэсгийг байгуулахаар төлөвлөж байгаа бөгөөд үүний үндсэн дээр бодит мэдээ, баримтыг Улсын Их Хуралд хүргүүлэхээр ажиллаж байгаа юм байна. Хууль тогтоомжийн тухай хуулийн холбогдох заалтын дагуу Эрүү болон Зөрчлийн тухай, холбогдох бусад хуулиудыг Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхэд төсөв, зардлын тооцоолол дээр 30 цагдаа, 45 прокурор нэмэгдэх шаардлагатай гэсэн байсныг Байнгын хорооны дарга сануулав. 2017 оны долдугаар сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Зөрчлийн тухай хууль, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулиудын хэрэгжилттэй холбоотой мэдээ, тоо баримт 2018 оны нэгдүгээр сард гарна. Үүнд үндэслэн цаашид ажилтнуудын ачааллыг хэрхэн хуваарилах, байгууллагын бүтэц, орон тоотой холбоотой ямар асуудал үүсч байгаа асуудлуудыг тодорхойлох, холбогдох өөрчлөлтүүдийг хэрхэн хийх талаар ерөнхий дүр зураг гарах тул холбогдох бүх байгууллага уулзалт хийж, энэ талаар хэлэлцэх нь зүйтэй хэмээн Байнгын хорооны дарга хэллээ. Ийнхүү гишүүдээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томъёолол нэг бүрээр санал хураалт явуулан шийдвэрлээд, энэ талаарх санал дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд хүргүүлэхээр тогтов.

Дараа нь Монгол Улсын 2018 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2018 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2018 оны төсвийн тухай хуулийн төслүүдтэй хамт өргөн мэдүүлсэн Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Төслийн талаар Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт, О.Батнасан, Ж.Батзандан нар асуулт асууж, Сангийн сайд болон ажлын хэсгээс хариулт авсан юм. Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлэгтэй холбогдуулан санал хэлэх гишүүн гараагүй бөгөөд төсөлтэй холбогдуулан зарчмын зөрүүтэй саналын томъёолол ирүүлсэнгүй. Ийнхүү төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн талаарх санал, дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд хүргүүлэхээр шийдвэрлэлээ.

Хуралдаанаар үргэлжлүүлэн Монгол Улсын2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулиудад тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэв. Энэ талаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд танилцууллаа. Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулиар Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуулийн 5 дугаар зүйлд заасан Монгол Улсын төсвөөс 2017 оны төсвийн жилд төсвийн ерөнхийлөн захирагчдын зарцуулах төсвийн хэмжээг нэмэгдүүлсэн бол Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулиар Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай хуулийн 4 дүгээр зүйлд заасан Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн жилд төсвийн ерөнхийлөн захирагчийн зарцуулах төсвийн хэмжээг мөн нэмэгдүүлсэн гэлээ. Төсвийн ерөнхийлөн захирагчдын зарцуулах төсвийн хэмжээг нэмэгдүүлэх зарим зайлшгүй шалтгаан нөхцөл байхыг үгүйсгэхгүй боловч төрийн өндөр албан тушаалтан, шүүгч, прокуророос бусад төрийн албан хаагчдад гурван зуун мянган төгрөгийн нэг удаагийн буцалтгүй тусламж олгохоор тооцож, төсвийн ерөнхийлөн захирагчдын зарцуулах төсвийн багцад суулгасан нь Улсын Их Хурлын чуулганы явц, байнгын хороодын хуралдааны тэмдэглэл болон бусад нээлттэй эх сурвалжаас тодорхой байгааг тэрбээр танилцуулгадаа дурдсан.

Төсвийг төлөвлөх, батлах, хэрэгжүүлэх, тайлагнах үйл ажиллагаанд “Төсвийн тогтвортой байдлыг хангах, иж бүрэн, үнэн зөв байдлыг хангах, санхүү төсвийн зохистой удирдлагыг хэрэгжүүлэх, ил тод байдлыг хангах, хариуцлагатай байх” зэрэг Төсвийн тухай хуульд заасан зарчмуудыг баримтлах ёстойг тэмдэглэсэн юм. Иймд Үндсэн хуулийн болон Төсвийн тухай хуулийн холбогдох зүйл заалтыг зөрчсөн асуудлыг харгалзан Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг тус тус үндэслэн Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль болон Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль тус бүрт бүхэлд нь хориг тавьжээ.

Танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэ, С.Бямбацогт, Л.Энхболд нар асуулт асууж,  Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболдоос хариулт авлаа. Харин Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдорж, С.Эрдэнэ нар хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан байр сууриа илэрхийллээ.

Төсгөлд нь Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль болон Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль тус бүрт бүхэлд нь тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах нь зүйтэй гэсэн томъёоллоор санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 75 хувь нь дэмжсэнгүй. Иймд энэ талаарх Байнгын хорооны санал дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар боллоо гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв. 

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Шинэ хоршоо” хөтөлбөрийн хүрээнд малчдын сарын орлогыг 5 сая төгрөгт хүргэх боломжийг бүрдүүлнэ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл өглөө. ЗГХЭГ-ын …