Нийслэлчүүдийн ундаалдаг ундны усны хамгаалалтын бүс Туул голын эрэг дагуу байдгийг хүмүүс мэднэ. Хууль тогтоомжоор энэ бүсэд байшин барилга бариулахгүй, бусад зориулалтаар ч ашиглахыг хориглосон. Гэвч ашиг хонжоо хайгчид ундны усны эх үүсвэрийн бүсээс хэсэг газрыг чөлөөлж байгаад уг газраа авч, цааш цааш нь дамжуулан худалдаж их хэмжээний мөнгө хувьдаа унагасан баримт сэлт цухалзсаар. Тэгсэн хэр нь буруутай хүмүүсийг шалгаж, худал, үнэнийг нягталж, буруутай бол хариуцлага тооцох механизм огт үйлчлэхгүй байсаар байна. Өнөөгийн УИХ-ын эрхэм гишүүн Б.Наранхүү, жил гаруйн өмнө “Мон-Уран”, “Дүнжингарав-ын захирал, хурдан шарга морины эзэн, уяач гэх мэт тодотголтой байсан энэ эр Туул гол дагуух, улаанбаатарчуудын ундны усны эх үүсвэрийн газраас 30 га-г тухайн үед Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч байсан, өдгөө мөн л УИХ-ын гишүүн М.Энхболдын гарын үсэг бүхий захирамжаар эзэмшилдээ авсан баримт байна.
М.Энхболд 2000 онд А/282 тоот захирамж гаргаж Б.Наранхүүд 30 га газар өгчээ. Хууль зөрчиж газар өгснийхөө дараа түүнийгээ хуулийн дагуу юм шиг болгож, гишгэсэн хар мөрөө баллацгаасан байх юм. 2000 онд Б.Наранхүүд өгсөн 30 га газрыг 2003 онд ундны усны хамгаалалтын бүсээс гаргажээ. Яаж гаргачихав гэдэг их сонин. Бидэнд олдож байгаа мэдээллээр 2003 оны гуравдугаар сард Улаанбаатар хотын төвлөрсөн усан хангамжийн бүсэд хамгаалалт тогтоох тухай 95 тоот захирамж хотоос гарчээ. Өмнө нь тогтоочихсон бүсийг дахин өөрчилж, энэхүү 95 тоот захирамжийг гаргах болсон шалтгаан нь байгаль орчныг ундны усны эх үүсвэрийг хамгаалах, бохирдуулахгүй байх гэсэн сайхан зорилготой юм шиг боловч цаанаа Б.Наранхүүд өгсөн 30 га газрыг хамгаалалтын бүсээс гаргах гэсэн арга зам байсан гэдэг. Энэ үйл явдлын талаар мэддэг хүмүүс нь хэлж байгаа юм. Ингэж авсан газраа Б.Наранхүү цааш цааш нь дамжуулан хоёр ч компанид тус тус хоёр га газар заржээ. Бусад дөрвөөс таван компанид мөн төдий хэмжээний газар зарсан тухай яриа бий. Компаниуд худалдаж авсан газар дээрээ тухайн цаг үед юу болж өнгөрсөн бүх ул мөрийг балласан өндөр өндөр орон сууцны хорооллуудыг барьж, эдүгээ ашиглалтад оруулчихсан.
Барилгуудыг барьж эхлэхээс өмнө энэ газар дээр байсан ундны усны хамгаалалтын худгуудыг өөр газар пшлжүүлэх үйл ажиллагааг тухайн үед НИТХ-ын дарга байсан Н.Болормаа зохион байгуулжээ. Ундны усны хамгаалалтын худгийг шилжүүлэх 104 тоот албан бичгийг 2007 оны тавдугаар сард тэрбээр гаргасан байна. Наанаа “Ундны эх үүсвэрийг хамгаалах арга хэмжээ авах тухай″ гэсэн сайхан нэртэй боловч цаанаа ундны усны эх үүсвэрийн хамгаалалтын газраас гаргаж Б.Наранхүүд өгсөн 30 га газраа бүрмөсөн салгаж авах санаархлаа хэрэгжүүлсэн ажил нь юм. Албан бичигт цэвэр усны эх үүсвэрийн 36,37,38,43, 44,45 дугаар худгуудыг нүүлгэн пшлжүүлэхээр заасан бөгөөд тун удалгүй дээрх худгууд байсан газар дээр орон сууцны барилга баригдаж эхэлсэн. “Баян монгол” хорооллын дор лав л хэд хэдэн худаг дарагджээ. Эх сурвалжуудын өгч байгаа мэдээллээр “Дүнжингарав″ зах болон “Баянмонгол” хорооллын дор нийтдээ ундны усны хамгаалалтын арав гаруй худгийн суурь дарагдсан гэдэг.
Энэ бүх нөхцөл байдлаас Н.Болормаа хийгээд М.Энхболдын улс эх орны улаанбаатарчуудын тусын тулд гаргасан юм шиг харагдах захирамж, шийдвэрүүд нь бүгд эрх мэдэл, албан тушаалаа ашиглаж “мөнгө олох” зорилготой болсон нь ойлгомжтой харагдана. Гагцхүү ингэж эрх мэдлээ ашигласны дүнд Б.Наранхүү тэдэнд хэдийг өгөв, тэд хэдийг авав, Б.Наранхүү уг газраа цааш нь хэн хэнд хэдэн төгрөгөөр худалдав гэдэг л хуулийнхны шалгаж, гаргаж ирэх ёстой зүйл билээ. Зөвхөн ундны усны хамгаалалтын бүсийн газраас албан тушаалтнуудтай нийлж 30 га газар тасдан аваад, уг газраа цааш нь наймаалахдаа Б.Наранхүү 40 тэрбумыг өлхөн халаасалсан байж мэдэхээр гаргалгаа байна. Нэг тооцоо хиигээд үзье. Энэ наймааны тухай тун бүрхэг, нууцлагдмал ч нэг га газрыг сая ам.доллараар зарсан тухай мэдээлэл байдаг. Тэгвэл нийт 30 га газрыг хэдэн тэрбумаар зарсан байж таарах вэ. Ам.долларыг төгрөгт шилжүүлсэн ханшаар 40 тэрбум дөхөх вий.
Б.Наранхүүгийн гараар дээрх 30 га-гаас гадна Хүүхдийн парк, “Бөмбөгөр” худалдааны төвийн ойр орчим, РЦНК хавийн газрууд орж, түүний хэтэвчийг түнтийлгэсэн тухай хүн бүр л ярьдаг, мэдэх нэг нь ч мэддэг. Газар, тэр тусмаа А зэрэглэлийн газар эдүгээ хамгийн их үнэд хүрч буй. Тэр хэрээр хаа дэл сул, хумсалж болчихмоор газар юу байна түүнийг энэ бизнест амташсан эрхмүүд сурамгай хийж сурсныг хэн ч үгүйсгэхгүй байх. “Дүнжингарав″ зах барьснаас өөрөөр хийсэн бүтээсэн зүйл, брэнд, баялаг юу байгаа нь мэдэгддэггуй Б.Наранхүү ингэхэд баруун солгойгүй цацаж байдаг тэр их мөнгөө яаж олдог нь сонин. Хөрөнгө, орлогын мэдүүлгээс нь түүнийг ямархан хэмжээний баян болохыг мэдэж болно. Юу хийж, ямар бизнес эрхэлж, яаж ашиг олж ийм их мөнгийг олов гэдгийг эрх биш хүмүүс сонирхож таарна. Хамгийн сүүлийн жишээгээр гэхэд л тэрбээр УИХ-ын гишүүн болсныхоо дараахан “Дүнжингарав″ захынхаа нээлтийг хийж, түүндээ ангийнхныгаа урьж дайлсан, бэлэг өгсөн. Түүндээ сэтгүүлчдийг ч бас урьж, 100 гаруй сэтгүүлчийн зардлыг даан Хайнанд амраасан гэдэг. Түүний энэ мэтээр мөнгөө хэрхэн зарцуулдаг талаарх сонсоход үнэмшимгүй мэдээллүүд хөврөөстэй. Моринд зориулж 400 сая төгрөгөөр хөшөө босгосон. УИХ-ын сонгуульд нэр дэвшихдээ тойрогтоо мөнгө тараасан гэхчлэн. Яс махаа зовоож, оюун ухаанаа шингээж мөнгө олдог хүнд эд хөрөнгөө ингэж үрэх нь ямар ч утга учиргүй зүйл баймаар. Харин авлига, хээл хахуулиар олсон бол түүнийгээ нуун далдлахын тулд энэ байтугай ч цацах л байх. Б.Наранхүүгийн хувьд яах аргагүй хоёр дахьд нь хамаарах гээд байгаа юм. Түүнийг тойрсон бизнесийн өнгө төрх нэг иймэрхүү л бууж байна.
Б.Наранхүү хоёр намын хамгаалалттай. Нэг хэсэг МАХН-ын, одоогийн МАН-ын нэр бүхий томчуудыг дагаж, тэдэнтэй нэлээд сүлбэлдсэн нь түүний хийсэн үйл, гишгэсэн мөрөөс тодхон харагддаг. Тиймээс ч өмнө хийж байсан үйлддүүд нь илэрч, шалгагдвал олон хүн хөлд нь чирэгдэх учраас тэдгээр нь түүнийг ч, өөрсдийгөө ч хамгаалж байдаг гэдэг. Харин одоо тэр АН-ын гишүүн. Өнгөрсөн УИХ-ын сонгуулиар АН-д элсэж, тус намаас нэр дэвшин УИХ-ын гишүүн болоогүй бол эдүгээ өмнөх хийсэн хууль бус бизнесийнхээ балгаар шоронд сууж байх ёстой хүн гэж олон хүн хэлдэг. Гэвч ийм явдал болно гэж гэдгийг тэрбээр мэдэж, АН- ын хамгаалалтад орон тус намын хөнжлийг нөмөрч, энэ удаад амиа хаацайлах шиг боллоо. Өнгөрсөн УИХ-ын сонгуулийн өмнө “Сод Монгол”-ын эзэн Ц.Анандбазарыг Авлигатай тэмцэх газраас баривчилж, тэрбээр УИХ-д нэр дэвших боломжоо алдсаныг хүмүүс санаж байгаа байх. Тэгвэл, Ц.Анандбазарыг баривчлах тэр хугацаанд Б.Наранхүүг баривчлахаар бас хуулийнхан явж байсан тухай барин тавин мэдээлэл бий. Яагаад ч юм баривчлахаар явсан хүмүүс нь замаасаа буцсан л гэдэг болохоос. Энэ мэтээр Б.Наранхүүг тойрсон бохир бизнесийн жагсаалт мундахгүй их. Бид цаашид үргэлжлүүлэн энэ тухай мэдээллийг хүргэнэ.
Ц.Эрдэнэцэцэг