М.Энхболд: УИХ Элчин сайдыг зөвшилцсөн асуудлыг хэлэлцсэн, түүнээс биш томилоогүй


Улсын Их Хурлын дарга М.Энхболд өнгөрсөн долоо хоногт Улсын Их Хурлаар хэлэлцэж шийдвэрлэсэн зарим асуудалтай холбогдуулан тайлбар өглөө.

Тэрбээр “УИХ-ын чуулганы Баасан гарагийн хуралдаанаар Элчин сайдыг зөвшилцөх тухай асуудлыг хэлэлцсэн. УИХ арваннэгдүгээр сарын 8-ны өдөр энэ асуудлыг хүлээж авсан. Өөрөөр хэлбэл, таван долоо хоногийн дараа үүнийг хэлэлцсэн. Гишүүдээс гаргасан саналын дагуу энэ таван долоо хоногийн хугацаанд Нийтийн сонсгол явуулах тухай асуудлаар Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооноос ажлын хэсэг байгуулж ажиллав. Байнгын хорооны ажлын хэсэг “Нийтийн сонсгол явуулах хууль эрх зүйн боломжгүй” гэдгийг хэлсэн.

УИХ-ын хоёр гишүүний хийсэн нээлттэй хэлэлцүүлэгтэй зэрэгцэж УИХ-ын чуулган хуралдсан зүйл байхгүй. Чуулган хуваарийнхаа дагуу Даргын зөвлөлийн хурлаар хэлэлцсэн асуудлуудаа хэлэлцээд явсан.

Бодитой байдлаар нь мэдээлэл өгөхгүй бол УИХ-ын нэгдсэн чуулган зориуд гишүүдийн хийж байгаа ажилтай давхцуулсан мэтээр тайлбарлах нь зохимжгүй гэж бодож байна.

Угаасаа энэ асуудлыг Засгийн газар Ерөнхийлөгчид өргөн барихдаа энэ ямар асуудал вэ гэдгийг нухацтай авч үзэх ёстой байсан. Өөрсдөө өргөн барьсан, үүнийг хэлэлцсэн УИХ буруутан болж байгаа юм шиг байдлаар зарим Засгийн газрын гишүүд ярьж байгааг би буруу гэж үзэж байгаа. Засгийн газар өргөн барьсан бол татаж авч болно. Татаж авахыг хэн ч үгүйсгээгүй.

Таван долоо хоногийн турш Засгийн газар ямар нэгэн асуудал хөндөж тавиагүй. Их хурал зөвшилцсөний дараа Засгийн газрын хоёр гишүүн олон түмэнд УИХ дангаараа мэдээд шийдчихсэн юм шиг ярьж байгаа. Засгийн газар шийдсэн асуудал дээрээ нэг байр суурьтай байх. Кабенитын зарчмыг барьж байх талд Ерөнхий сайд цаашид анхаарч үзэх нь зүйтэй болов уу гэж бодож байна.

УИХ бол Элчин сайдыг томилохыг зөвшилцсөн асуудлыг хэлэлцсэн. Түүнээс биш томилоогүй. Томилох нь Ерөнхийлөгчийн эрх мэдлийн асуудал. УИХ нууж хаагаад буруу зөрүү зүйл хэлэлцсэн юм шиг олон түмэнд буруу ойлголт өгөхийг би зөв гэж үзэхгүй байна. Цаашид анхаарах ёстой гэж бодож байна” гэв.

 


Санал болгох мэдээ

Г.Занданшатар: Мал аж ахуйд тулгамдаж буй асуудлыг хоршиж, нэгдэх арга замаар л шийдвэрлэж чадна

“Шинэ хоршоо” хөдөлгөөн арга хэмжээнд хот, хөдөөгийн 3100 гаруй малчид, хоршоологчид хөдөө аж ахуйн салбарт …