Нийслэлийн удирдлагууд Засгийн газрын гишүүдтэй “Нийслэлийн өмнө тулгамдаж буй асуудлууд, шийдвэрлэх арга зам” уулзалт ярилцлагыг зохион байгууллаа. Уулзалтад Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Засгийн газрын гишүүд, НИТХ-ын дарга С.Амарсайхан, ажлын алба, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд, Засаг даргын орлогчид, нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлагийн удирдлагууд оролцов.
Уулзалтын эхэнд Хотын дарга нийслэлийн эдийн засаг, нийгмийн өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудал болон нийслэлд хэрэгжүүлэхээр төлөвлөсөн гэр хорооллын дэд бүтэц тухай, хог хаягдлын менежментийн асуудал, нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудыг хотын шинэ төв болох Яармаг руу нүүлгэх гэсэн гурван томоохон төслийн талаар Засгийн газрын гишүүдэд танилцуулав.
Мөн Хот төлөвлөлт, хот байгуулалт, хотын шинэ төв, Авто зам, нийтийн тээвэр салбар, нийгмийн салбар, агаарын бохирдлыг бууруулах чиглэлийн ажлууд, хог хаягдлын менежмент, нийслэлийн төсвийн өнөөдгийн байдал, хууль эрх зүйн орчны талаар гээд бүхий л салбарт хийж буй болон хийхээр төлөвлөсөн ажлуудаа танилцуулаад, хөрөнгө мөнгөнөөс эхлээд Засгийн газрын дэмжлэг хэрэгтэй байгааг Ерөнхий сайдад дуулгалаа.
Түүний дараа нийслэлийн Засаг даргын Дэд бүтэц, гэр хорооллын хөгжлийн асуудал хариуцсан орлогч П.Баярхүү “Гэр хорооллын дэд бүтцийн төвийн тухай”, Улаанбаатар хотын Ерөнхий менежер Т.Гантөмөр “Хог хаягдлын менежментийн төслийн тухай” төслүүдээ танилцууллаа.
Уулзалтын төгсгөлд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнөөдрийн уулзалтад оролцсон хотын удирдлагын багийнхан болон Засгийн газрын гишүүдэд хандан цаашдаа Засгийн газар, яамд, агентлагууд, Улаанбаатар хотын бүх дүүрэг, харьяа газрууд, НИТХ-тай хамтран ажлын уялдаа холбоогоо нягт болгож, санаа нийлж, байнгын хамтран ажиллах хэрэгтэй гэдгийг сануулаад, зарим үүрэг даалгаварыг өглөө. “Улаанбаатар хотын ажил амьдрал ямар байгаагаас МУ-ын ахуй шууд шалтгаалдаг. Хот бодлого төлөвлөгөөтэй ажлаа явуулж, хөгжиж, дэвжих ёстой. МУ-ын Засгийн газар бүх талаар тусалж, дэмжих ёстой. Бидний алдаж байгаа бөгөөд алдсаар ирсэн зүйл бол ажлын уялдаа холбоогүй байдгаас болж байна. Хэн, хаана, юу хийх гэж байгаагаа хоорондоо ярьж, нэг төлөвлөгөө, зохион байгуулалтад ордоггүй, мэдээллээ солилцдоггүй, ажлаа уялдуулдаггүйгээс болж улсын ажил урагштай явдаггүй. Тийм учраас бүх газрыг ажлын уялдаа холбоогоо сайжруулж хамтран ажиллах ёстой гэдгийг үүрэг болгож байна” хэмээсэн юм.
Түүнчлэн “Нийслэлийн хэмжээнд хийгдэхээр төлөвлөгдсөн дэд бүтцийн төв байгуулах, хотын шинэ төв, хог хаягдлын менежмент гэх зэрэг төсөл бүгдээрээ бүтэх боломтжой ажил. Энд ганцхан ажил хийх сэтгэл, зохион байгуулалт хэрэгтэй. Хөрөнгө, мөнгийг босгох олон боломжтой нөхцөл бий. Улаанбаатар хотод хамгийн түрүүнд шийдвэрлэх ёстой асуудал бол утааны ажил байна. БНХАУ-ын Бээжин хот утаагаа 23 хувиар бууруулсан байна. Бид 50 хувиар бууруулах боломж байна. Ингэхийн тулд 2019 оны дөрөвдүгээр сараас эхлээд түүхий нүүрсийг ахуйн зориулалтаар Улаанбаатах хотод оруулахыг хориглоно. Оронд нь боловсруулсан түлшээр иргэдээ хангана. Бэлтгэл ажлыг бүх талд хангах хэрэгтэй. Нэн ялангуяа хотын удирдлагууд. Хотын удирдлагууд хогныхоо үйлдвэрийг барь. Төлөвлөсөн гүүр, гарцаа хий. Хурдан шийд. Цаасан дээр байгаа зүйлсээ амьдрал дээр хэрэгжүүлье.
Энэ бүгдийг хэрэгжүүлэхэд Хотын удирдлагууд Засгийн газартай нягт уялдаатай ажиллах нь хамгийн чухал. Үүний тулд бид өнөөдөр нэг ширээний ард ярилцаад сууж байна. Шаардлагатай асуудлуудаа Засгийн газарт оруул. Бид шийдэхэд бэлэн байна” хэмээн онцоллоо гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.