НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүний төр, засгийн тэргүүн нарыг угтах ёслолын арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж болон Монголын талын албаны хүмүүс оролцов. Дараа нь Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий Ассамблейн 68 дугаар чуулганы Ерөнхий шүүмжлэлийн нээлтийн ажиллагаа эхэлсэн юм.
АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 68 дугаар чуулганд оролцож буй төр, засгийн тэргүүн нарт зориулсан дайллагад Монгол Улсын Ерөнхийлөгч оролцож Ерөнхийлөгч Барак Обама болон Тэргүүн хатагтай Мишел Обама нартай уулзав.
Харин өчигдөр буюу есдүгээр сарын 24-ний өдөр НҮБ-ын чуулганд оролцож буй төр,засгийн тэргүүдийг хүндэтгэн НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүний барьсан зоогийн үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж Ерөнхий Ассамблейн 68 дугаар чуулганы Ерөнхийлөгч Жон Вилиам Ашэ, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн болон дэлхийн бусад улс орны тэргүүнүүдтэй уулзаж НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 68 дугаар чуулганыг тойрсон онцлох сэдвүүдээр санал солилцов.
Дараа нь Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 68 дугаар чуулганд оролцож буй улс орнуудын төр, засгийн тэргүүн нарын хамтаар “Тогтвортой хөгжлийн асуудлаархи өндөр түвшний улс төрийн чуулга уулзалт” сэдэвт хуралдаанд оролцлоо.
Тус хуралдааны үеэр НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн хэлсэн үгэндээ “Бидний хамтын зорилго маш тодорхой. Тогтвортой хөгжлийн асуудлаарх улс төрийн манлайлал, удирдлага, зааварчилгаагаар хангах, тогтвортой хөгжлийн асуудлаарх амлалтын хэрэгжилтийг хангах, хянах, тогтвортой хөгжлийн гурван тулгуур зарчмын нэгдлийг сайжруулах, тогтвортой хөгжлийн асуудлаарх шинэ сорилуудад анхаарч, идэвхтэй үйл ажиллагаанд чиглэсэн хөтөлбөрийг гаргах зэрэг Засгийн газар хоорондын нийтлэг үйл ажиллагааг хангах нь бидний зорилго юм” гэлээ.
Энэхүү хуралдаанд 30 гаруй орны Төрийн тэргүүн оролцож үг хэлсэн бөгөөд 84 улсын Ерөнхийлөгч, 41 улсын Засгийн газрын тэргүүн, 11 улсын дэд Ерөнхийлөгч болон 65 орны Гадаад харилцааны сайд нар оролцлоо.
Харин Монгол Улсын Ерөнхийлөгч хэлсэн үгэндээ “Тогтвортой хөгжлийн зорилтууд нь тодорхой ажиллагаанд чиглэсэн , оновчтой, ойлгоход хялбар, цөөн, зориг тэмүүлэл дүүрэн бүх улс оронд тохирохуйц, улс орнуудын бодит нөхцөл байдал, хүчин чадал, хөгжлийн түвшин, үндэсний бодлого, тэргүүлэх зорилтуудыг хүндэтгэн харгалзсан байх учиртай. Мөн бид үүнийг ойлгож хуваалцаж байна. Ерөнхийн ассамблейн тогтвортой хөгжлийн зорилтуудын асуудлаарх нээлттэй ажлын хэсэг тодорхой үр дүнд хүрнэ гэдэгт найдаж байна. Нөгөөтэйгүүр, тогтвортой хөгжил бол бүх нийтийг хамарсан ямар боловч үнэ өртгөөр түр зуурын амжилт олоход бус хангалттай цалин хөлс бүхий ажлын байруудыг шинээр бий болгох замаар эдийн засгийг тогтвортой, урт удаан хугацаанд өсгөхөд оршино” гэв.
Тогтвортой хөгжлийн асуудлаарх Рио+20 бага хурлаас гарсан “Бидний хүсч буй ирээдүй” төгсгөлийн баримт бичгийн 84 болон 86 дугаар заалтын дагуу “Тогтвортой хөгжлийн асуудлаарх өндөр түвшний улс төрийн форум”-ыг байгуулж, анхны хуралдааныг Ерөнхий ассамблейн 68 дугаар чуулганы эхэнд хийхээр шийдвэрлэсэн билээ. Энэ шийдвэрийн дагуу Ерөнхий ассамблейн 67 дугаар чуулганаар форумын бүтэц, зохион байгуулалтын хэлбэрийг тодорхойлох нээлттэй, ил тод, бүгдийг хамарсан хэлэлцүүлгийг явуулж, форумыг байгуулах тогтоолын төслийг боловсруулах тухай 67/203 тоот тогтоолыг баталж, НҮБ-ын гишүүн орнууд, НҮБ-ын системийн байгууллагуудын дэмжлэгтэйгээр хэлэлцүүлгийг энэ оны нэгдүгээр сараас эхлүүлж, зургадугаар сард дуусган, форум байгуулах тогтоолыг долдугаар сарын 9-ний өдөр Ерөнхий ассамблейн чуулганаар баталсан юм.