Солонгосын К-РОР урсгалын гол төлөөлөгч, Big bang хамтлагийн ахлагч G Dragon өнөөдөр цэрэгт явлаа. Өмнөд Солонгост эрчүүд заавал цэргийн алба хаах ёстой байдаг. Дуучин, жүжигчин, улс төрч, баян айлын хүүхэд байсан ч хамаагүй цэргийн алба хаах үүрэгтэй юм. Мөн цэргийн алба хааснаар төрийн албанд ажиллах, албан тушаал ахиж дэвших боломж ч нээгддэг байна.
Тиймээс улс төрийн карьер хөөж байгаа хүнд цэргийн алба хаах нь ашигтай гэж хэлж болно. Гэвч урлагийн алдар хүндтэй хүмүүс цэрэгт явах тийм ч дуртай биш байдаг. Энэ ч утгаараа цэрэгт явж байгаа урлагийн хүн олон нийтийн анхаарлыг маш ихээр татдаг байна.
G-Dragon хар багаасаа Солонгосын урлагийн салбарт од болон гялалзсан залуу юм. 1988 оны 8 дугаар сарын 18 -нд төрсөн. 2006 оноос хойш Солонгосын ЮүЖи интертайментад хамаарч, дан Солонгос гэлтгүй дэлхийн нийтэд өөрийн дуу хоолойгоо хүргэж чадсан алдартай хамтлагийн дуучин юм. Мэдээж Big bang хамтлагийн болоод G Dragon-ий сонсогчдын ихэнх нь охидууд. Тиймээс л фенүүд нь түүнийг бүтэн жил хүлээх хэцүү гэдгээ илэрхийлж өнөөдөр сүр дуулианыг үзүүлэв.
Гэхдээ хууль л бол хууль. Хэн ч байсан цэрэгт явах л ёстой. Тиймээс л G Dragon 30 насандаа ийнхүү цэргийн алба хаахаар мордож байна. Түүнийг “Цагаан гавал” нэртэй явган цэргийн гуравдугаар дивизионд хуваарилсан байна.