УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг хүн хутгалсан гэх мэдээлэл цацагдаад байгаа билээ. Тэгвэл эл мэдээллийн үнэн эсэх талаар ЦЕГ-ын Хэвлэл, мэдээллийн төвийн ахлах байцаагч Ё.Лхагвасүрэн мэдээлэл өглөө.
Тодруулбал, 9-р сарын 25-ны өдрийн ЦЕГ-т ирсэн хоногийн мэдээлэлд тус өдрийн шөнө 36 настай, иргэн Б гэгч цагдаагийн байгууллагад “Бусдад хутгалуулж, гэмтсэн” гэх гомдол ирүүлсэн болох нь бүртгэгдсэн ажээ. Мэдээллийн дагуу хэргийг шалгаад, УИХ-ын гишүүн Н.Номтойбаярт Эрүүгийн хуулийн 181.3-т зааснаар “Зэвсгийн чанартай зүйл хэрэглэж, танхайрсан” хэмээн үзэж эрүүгийн хэрэг үүсгээд байгаа ажээ. Мөн энэ тухайгаа Н.Номтойбаярт хууль ёсны дагуу мэдэгдээд байгаа бөгөөд одоогоор байцаалт аваагүй байгаа юм байна.
Харин хохирогч болох Б-ын хувьд хөнгөн гэмтэл авсан гэсэн дүгнэлт гарсан бөгөөд эмнэлэгт бус гадуур байгаа ажээ. Мөн хохирогч нь СБД-ийн нэгдүгээр хорооны оршин суугч аж.
ЦЕГ-аас дээрхи мэдээллийг өгөхөөс өмнө Н.Номтойбаяр гишүүн “Хүн хутгалаагүй, харин над руу хутгатай хүн дайрсан.” гэх мэдээллийг телевизээр өгөөд байсан билээ.
Дашрамд сонирхуулахад, Н.Номтойбаяр гишүүний үйлдсэн танхайн хэрэг нь СБД-ын VI хороонд байрлах “Le Triskell” хэмээх франц ресторанд болсон юм байна.
Л.Бадрах