Сайхан амьдралд хүрэхийн тулд бид юу хийх хэрэгтэй вэ? Мэдээж хэрэг сайхан амьдарна гэж амаа хөдөлгөөд амжилт биднийг тосохгүй шүү дээ. Харин ч улам холдох биз. Амьдралаа илүү өөдрөгөөр харж, бүтээлчээр хандваас болохгүй бүтэхгүй зүйл үгүй билээ. Ингээд та бүхэндээ амжилт од нь гийж яваа хүмүүс чухам юу хийдэг тухайн хөнгөхөн хэрнээ үнэн мэдээллийг дуулгая.
1. Мөрөөдлөө бодит болго
Амжилт гэдэг мөрөөдөөд суухын нэр биш юм. Харин түүнийгээ илүү бодитоор харж, мөрөөдлийнхөө төлөө зүтгэж байж, өөрийн хүссэн амьдралыг бүтээж чадна шүү дээ. Тиймээс юун түрүүнд та өөртөө итгэх нь хамгаас чухал. Өөрийн бүтээж чадах тэр ертөнцийг нүдэндээ төсөөлөөд түүнийхээ төлөө юу хийж чадах, яг одоо боломжийнхоо хэрээр, бодитоор юу хийх хэрэгтэйг тунгаан бодоорой.
2. Үргэлж инээмсэглэ
Инээмсэглэл бол таны өөртөө болон бусдад өгч буй хамгийн сайхан үнэгүй бэлэг юм. Тиймээс ч цаг мөч бүхэнд чин сэтгэлээсээ хандаж, эргэн тойрныхоо хүмүүст халуун дулаан инээмсэглэлийг бэлэглэж байгаарай. Тэгсэн цагт та амьдралдаа илүү сэтгэл ханаж, сайхан хүмүүстэй танилцан, амьдралыг илүү өөрөөр харах болно. Инээмсэглээд алхахад сэтгэл санаа хүртэл даган сэргэж, та өөрийгөө зорьсондоо хүрч чадна гэдгийг мэдэрдэг юм. Итгэхгүй бол яг одоо хэрэгжүүлээд үз!
3. Явган алх
Эрүүл оршихын үндэс нь хөдөлгөөн идэвхитэй амьдрал болохыг хэн хүнгүй мэдэх билээ. Гэсэн ч бид хуваарьт ажлаасаа болоод тэр бүр явган алхаж, дасгал хөдөлгөөн хийгээд байдаггүй шүү дээ. Тэгвэл та өдөр ажилдаа явах, ирэхдээ цахилгаан шатаар бус явган явж, аль болох идэвхитэй хөдөлгөөнтэй амьдрахыг хичээгээрэй. Тэгсэн цагт үр шим нь тэр дороо биш ч тун удахгүй гарч эхэлнэ. Харин тэрхүү бодит үр дүнг та нүдээрээ хараад, өөрөөрөө хичнээн их бахархана гэдгээ мэдэж байна уу?…
4. Чин сэтгэлийн угаас бусдыг хайрлах
Амьдралыг хамгийн чухал сайхан зүйлүүдийн нэг бол хэн нэгнийг хайрлах, ялангуяа тэр хүнд сэтгэл гаргаж байгаа гэдгээ мэдрэх явдал юм. Хайр хүний сэтгэлийн шархыг эмчилж, юутай ч зүйрлэшгүй баяр баясалд автуулдаг. Мөн цаашид урам зоригтой ажиллаж, амьдрах эрч хүчийг ч хайрлана. Тиймээс та өөрийн хайртай хүндээ яг одоо сэтгэлээ илчлэн амьдралыг илүү аз жаргалтай, амттай болгоорой. Юуг нь хүлээсэн юм бэ? Амьдрал, хүлээлт хоёр зохицдоггүй юм.
5. Дэгжин хувцасла
Сайхан хувцасласан хүнтэй, хүмүүс ч гэсэн үнэхээр найрсаг харьцдаг. Үнэтэй, чамин гэхээсээ илүү өөртөө таарсан, биед эвтэйхэн хувцсыг цэвэрхэн өмсөх хэрэгтэй. Тэгсэн цагт л та илүү өөртөө итгэлтэй болж, олон гайхалтай шинэ боломжууд нээгдэх болно. Та хэнээс үлгэр дууриал авдаг, хэн шиг болохыг хүсдэг, яг түүн шигээ л хувцаслаарай.
6. Өөрийгөө хөгжүүл
Хувь хүн талаасаа өөрийгөө илүү бүтээлчээр хөгжүүлэх хэрэгтэй. Гадаад хэл сурах, ном унших, танин мэдэхүйн зүйлс унших, эсвэл фитнесст явах гэх мэтээр өөрийн хүсэл сонирхлын дагуу бие, ухаанаа хөгжүүлээрэй. Тэр нь эргээд таныг амжилт өөд түлхэх болно.
7. Сайн дурын ажилд идэвхтэй оролц
Та анзаарсан бол олны танил алдартай эрхмүүд, удирдах албаны өндөр тушаалтнууд сайн дурын үйл ажиллагаа, буяны үйлсэд харамгүй мөнгө хандивлаж, сайн дурын үйл ажиллагаанд идэвхтэй оролцдог. Өнгөрсөн цагийн сүүдэр, ирээдүйд тусдаг гэх үг байдаг шүү дээ. Тиймээс ч сайн дурын үйл ажиллагаа, буяны үйлсэд харамгүй сэтгэл гаргавал эргээд түүний үр шим нь заавал ирэх болно.
8. Эрүүл мэнддээ анхаар
Сайхан амьдарч, аж төрөхийн нууц нь эрүүл мэнд билээ. Мэдээж хүн эрүүл саруул байж л сайхан амьдарч, мөрөөдлөө биелүүлнэ шүү дээ. Маш олон хүмүүс бага дээр нь биеэ хайхрахгүй явсаар, хожим амаа барьсан тохиолдлууд цөөнгүй байдаг. Тиймээс эрүүл мэнддээ эртнээс анхаарсан нь чухал аж.
9. Ирээдүйнхээ талаар гэгээтэй зүйл бод
Гэрэл гэгээтэй зүйлийг хүсэж мөрөөдөж, түүн рүүгээ хүрэхийн төлөө тэмүүлэлтэй байх нь туулах замынхаа талыг давсантай тэнцүү юм. Эхлэл ямагт хэцүү байдаг. Гэвч эхлүүлсний дараа та өөрөө л хичээх юм бол бүх зүйл сайхан болох болно. Хамгийн гол нь мөрөөдөлдөө итгэж, түүнийхээ төлөө зүтгэх юм шүү дээ.
10. Ямар хүн болохыг хүсэж байна, яг түүн шигээ бай
Хэрвээ та удирдагч байхыг хүсвэл түүн шигээ л бай. Зохион байгуулалт сайтай, овсгоо самбаатай яг л удирдагч хүн шиг хичээж хөдөлмөрлө. Хэрвээ тариачин хүн болохыг хүсвэл үрээ авахаас илүүтэй, юу тарих, хэрхэн арчлах талаараа суралцах хэрэгтэй. Тэгсэн цагт та өөрийн зорилгодоо хүрч, хүсэл тэмүүлэлтэй амьдрах болно.