Л.Энхболд:Таван толгойтонгууд мэдээлийн техник технологио мэдэхгүй хулгай хийсэн тэд тэнэг байна

-“Эрдэнэс Таван толгой” ХК-иас 268 мянган тонн нүүрс алга болсон асуудал нийгэмд дуулиан дэгдээгээд байна. Таны хувьд ч энэ асуудалд нэлээд анхаарал хандуулж байгаа?

-Энэ мэдээлэл анх хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарсан. Миний хувьд энэ талаар холбогдох хяналтын байгууллагаас мэдээлэл авсан. Энэ асуудал болсон уу, үгүй юу гэдэг үүднээс хандсан. Холбогдох хяналтын байгууллагууд надад бодит мэдээллийг өгсөн. 268 мянган тонн нүүрс “Эрдэнэс Таван толгой” ХК-ийн лицензтэй талбайгаас орон нутгийн өмчит “Таван толгой” ХК олборлосон гэдэг баримт бичиг ирсэн. Гол асуудал нь үүнийг хэн гэдэг нөхөр хэзээ авсан, мөнгө нь хаашаа орсон гэдгийг тогтоохоор хууль хяналтын байгууллага буюу АТГ-т хандсан. “Эрдэнэс Таван толгой” ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Д.Ариунболд, орон нутгийн өмчит “Таван толгой” ХК-ийн Гүйцэтгэх захирал Р.Сэддоржийг шалгуулахаар хандсан байгаа.

-Д.Ариунболд, Р.Сэддорж нарыг 268 мянган тонн нүүрсний асуудлаар шалгуулахаар өгсөн биз дээ. Тэд хоорондоо хохирлыг барагдуулах гэрээ хийсэн гэж ярьсан байсан. Энэ нь ямар учиртай юм бэ?

-Яагаад шалгуулж байгаа юм бэ гэхээр 268 мянган тонн нүүрс гэдэг бол жижиг асуудал биш. Цэвэр коксжсон нүүрсний ханшаар бодвол 20 орчим сая ам.доллар шүү дээ. Уурхайн удирдлага болон зарим хүмүүсийн хэлж буйгаар 20 орчим тэрбум төгрөгийн асуудал ярьж байгаа. Тиймээс “Эрдэнэс Таван толгой” ХК-ийн хувьцааг Монгол Улсын гурван сая иргэн эзэмшиж байна. Тиймээс ард түмний өмчөөс 20 тэрбум төгрөг алдагджээ гэж ойлгож болно. Нөгөөтэйгүүр, хэн хэзээ авсан нь мэдэгдэхгүй, яаж баталсан нь тодорхойгүй, баримт нотолгоогүй зүйлд ард түмний өмчөөр хэн нэгэн эрх мэдэлтэн буюу захирал нь шийдвэр гаргаад төлнө гэсэн баримтад гарын үсэг зурж болохгүй. Энэ нь хоёр компанийн захирлын хамтын ажиллагааны гэрээ нэртэй халхавчилсан бичиг баримт бий. Би худлаа яриад байна уу эсвэл тэр гэрээ худлаа яриад байна уу гээд харвал сонин зүйл ажиглагдана. Хоёр компанийн захирал гарын үсэг зураад 268 мянган тонн нүүрсний төлбөрийг барагдуулах гэрээ хийсэн байгаа. Тэгэхээр би худлаа яриагүй, 268 мянган тонн нүүрс алга болсон нь үнэн байгаа биз дээ. Тухайлбал, өөрт чинь хэлэлгүй юмыг нь авчихсан. Хэдэн жилийн дараа та миний юмыг авсан гээд хэлэхээр чинь би сандрахдаа хулгай биш шүү гээд гэрээ хийнэ. Та алдахдаа хулгайд алдчихсан гээд бодчихсон. Ингээд харахад энэ нь өөрөө хулгай байхгүй юу. Нэг үгээр хэлбэл таны юмыг авчихаад баригдаад ирэхээрээ хулгай биш үү зүгээр л авсан юм одоо өгнө гэж хэлж болдог юм уу.  Иргэдийн 1072 ширхэг хувьцаагаар дамжуулан эзэмшиж буй “Эрдэнэс таван толгой”ХК бол Монголын ард түмний өмч. Түүнээс Монголын Ард түмний өмчөөс нэг ч төгрөгний  хулгай хийж болохгүй.

-Хийсэн гэрээ нь эрх зүйн чадамжтай юм уу. Төрийн өмчөөс хулгай хийж, гэрээ байгуулаад төлбөрийг барагдуулж болдог юм уу. Энэ асуудалд та тайлбар өгөөч?

-Орон нутгийн өмчит компани төлбөр төлөх шийдвэр гаргах эрх зүйн үндэслэл байхгүй. Захирал нь эрх зүйн чадамжтай хүн биш. Учир нь ТУЗ-ийн гэрээний эрх үүргийн хүрээнд 50 сая төгрөгийг захиран зарцуулах эрхтэй хүн. 20 тэрбум төгрөг төлнө гэж гэрээ хийх эрх зүйн чадамжгүй гэдгийг дахин, дахин хэлье. Учир нь 50 саяас дээш дүнтэй  гэрээг “Таван толгой”ХК-ийн ТУЗ-ийн хурлаар оруулж, ТУЗ-өөс шийдвэр гарч байж энэхүү гэрээ нь хүчин төгөлдөр буюу эрх зүйн чадамжтай болно гэсэн үг юм.

-Гэрээгээр 268 мянган тонн нүүрсийг дарах, халхавч хийх байдлаар хийсэн юм болов уу. Та үүнийг юу гэж бодож байна вэ?

-Санаатайгаар халхавчилсан гэрээ хийж, луйвардсан гэж харж байгаа. Энэ нь асуудал дагуулсан уу гэвэл дагуулсан. Түүнчлэн сенсацитай гэхээсээ илүүтэй улс оронд хохиролтой шүү дээ.

-“Эрдэнэс Таван толгой” ХК-иас асуудлыг хохиролгүйгээр шийдсэн, шийдвэрлэсэн гэдэг мэдэгдэл гаргасан байсан. Та бараг харсан байх?

-Тэгвэл энэ хоёр компани хамтарч хулгай хийжээ гээд шууд хэлчихье. Хулгайг нь мэдэж байсан юм байна. Яагаад ийм мэдээлэл тарж, нийгэмд дуулиан дэгдээх хүртэл мэдэгдээгүй явсан юм бэ. Ингэж ярьж, хэлж байгаа хүн ч өөрөө эрх зүйн чадамжгүй. 20 тэрбум төгрөгийг дураараа шийдвэрлэх эрхгүй. ТУЗ, Төрийн өмчийн агентлаг гэж байгаа. Түүнчлэн ЗГХЭГ гэж бий. Хэрвээ асуудлыг шийдвэрлэх гэж байгаа бол шат шатандаа шийдвэрлээд явах ёстой. Нэгэнт 100 хувь төрийн оролцоотой, Монголын ард түмний өмч учраас баталсан, нотолсон төрийн хяналт шалгалтын акт байх ёстой. Тухайлбал, хичнээн төгрөгийн хохирол гарсан бэ гэдгийг Төрийн аудитын газар эсвэл Мэргэжлийн хяналтын газраас дүгнэлт гарсан тохиолдолд төлөх ёстой гэдэг гэрээг хоорондоо хийж болно. Мөн шүүхэд хандаж, хэдий хэмжээний хохирол гараад байна вэ гэдгийг баталгаажуулж болно. Ингэсэн тохиолдолд хоёр компани ямар нэгэн гэрээ байгуулж, гарсан төлбөрийг бодитоор шийдвэрлэнэ гэж гэрээ байгуулж болно. Гэтэл хичнээн төгрөгийн хохирол учруулсан нь тодорхойгүй эрх зүйн чадамжгүй сандарч хийсэн гэрээ гэж би хараад байгаа.

-Одоогоор хууль хяналтын байгууллагаас танд ямар нэгэн мэдээлэл ирсэн үү?

-Хариу нь тийм хурдан гарахгүй. Хууль хяналтын байгууллагаас тогтоогоод өгөх байх. Учир нь эрх зүйн чадамжгүй гэрээнд тэр хоёр гарын үсэг зурсан болохоор Д.Ариунболд, Р.Сэддорж хоёр албан тушаалаа урвуулан ашигласан байна.

-“Эрдэнэс Таван толгой” ХК-ийн Гүйцэтгэх захирлаас Д.Ариунболдыг чөлөөлсөн. Энэ нь 268 мянган тонн нүүрстэй холбоотой юм болов уу?

-Ажлаасаа чөлөөлөгдөх үндэслэлийг мэдэхгүй.

-Хууль хяналтын байгууллага асуудлыг сунжруулах, хэрэгсэхгүй болгодог. Энэ тохиолдолд яах вэ?

-Ийм үндэслэл байхгүй. 268 мянган тонн нүүрс алга болсон гэдгийг монголчууд мэдээд байна. Тэгэхээр олон нийтийн мэдэж байгаа зүйлийг хууль хяналтын байгууллага буруу шийдвэрлэх эрх байхгүй, ард түмэн ч хэрхэн яаж шийдвэрлэхийг анхааралтай ажиглаж байгаа гэж ойлгож болно. Ингэж байж шударга нийгмийг тогтооно.

-Цаг хугацааны хувьд зөрүүтэй зүйл яриад байгаа гэсэн. Энэ талаар мэдээлэл өгөхгүй юу?

-Орон нутгийн удирдлагуудаас 2004, 2005 оны асуудал гэж яриад байгаа. Ингэж ярьж байгаа “Таван толгой” ХК-ийн удирдлага шууд ажлаа өгөх ёстой. “Эрдэнэс Таван толгой” ХК 2010 онд байгуулагдсан. Тиймээс 2010 оноос өмнө орон нутгийн “Таван толгой” ХК, “Эрдэнэс таван толгой” ХК-ийн хооронд ямар ч эрх зүйн харилцаа байх боломжгүй. Тэгэхээр орон нутгийн “Таван толгой” ХК-ийн 20 тэрбум төгрөгийг төлөх ёстой гээд өнөөдөр сууж байгаа нь ямар учиртай юм яагаад заавал Өмнөговьчуудыг өрөнд оруулах гээд байгаа юм, хэрэв “Эрдэнэс таван толгой”ХК байгуулагдахаас өмнө 268,000 тонн нүүрсийг авсан бол энэ асуудал “Эрдэнэс таван толгой”ХК-д ямар хамаатай юм, тухайн үед байгуулагдаагүй компанидаа яагаад хоосон өр үүсгэж байгаа юм гээд маш олон асуудал үүсч байна. Ийм л учраас Р.Сэддорж хариуцлага хүлээгээд Өмнөговь аймгийн “Таван толгой” ХК-иас зайлах ёстой, явдаг газар руугаа явах ёстой. Өмнөговь аймгийн иргэдийг өрөнд оруулчихлаа. Түүнчлэн сансрын зургаар 268 мянган тонн нүүрс хэзээ алга болсныг тогтоох боломжтой.  Цаг хугацааны хувьд таван толгойтонгуудын хэлж байгаагаар “Эрдэнэс таван толгой”ХК байгуулагдахаас өмнө буюу 2010 оноос өмнө энэ асуудал болсон гэдэг нь худлаа зүйл гэдэг нь нотлогдсон. Яагаад гэвэл таван толгойн бүлэг орд газрын сансрын зургийг 1984-2016 он хүртэлх зураглалыг манай ажлын албаныхан олсон.

Энэ сансрын зургийг л харахад тэдний ярьж байгаа 2010 оноос өмнө олборлосон гэж худлаа ярьж байгаа нь маш тодорхой харагдаж байгаа юм. Энэ сансрын зураг дээрээс 2004-2010 оны хооронд “Таван толгой”ХК нь юун хил давж олборлолт явуулах байтугай өөрсдийн талбайн хөрс хуулалтаа хийгээгүй байгаа юм. Тэгэхээр ард түмнийг мэдээлэлгүй мэтээр ойлгож болохгүй. Энэ нь гүүглээс хайхад харагдана. Харин мэдээллийн техник технологио мэдэхгүй хулгай хийсэн тэд тэнэг байна. Нэг ардын зүйр үг байдаг даа булавч бултайна, даравч дардайна гэдэг л болсон байна.

 

 

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Шинэ хоршоо” хөтөлбөрийн хүрээнд малчдын сарын орлогыг 5 сая төгрөгт хүргэх боломжийг бүрдүүлнэ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл өглөө. ЗГХЭГ-ын …