МАН-ын Бага хурал удахгүй болно. Энэ хурлаар нийслэлийн МАН-ын даргыг сонгох тухай яригдаж байна. Мөн намын даргыг сонгох асуудалтай холбоотой таамаг мэдээллүүд гарч байгаа учраас намын нэр бүхий гишүүд өөрийн байр суурийг илэрхийлж байна. Тухайлбал, НИТХ-ын дарга С.Амарсайхан “намын даргад өрсөлдөхгүй” гэдгээ илэрхийлсэн. Тэгвэл МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан уг асуудалтай холбоотой байр сууриа өөрийн цахим хуудаснаа бичжээ.
Тэрээр “Сайн байцгаана уу? Сүүлийн үед Нийслэлийн МАН-ын Бага хурал болох гэж байгаатай холбоотой над руу хэд хэдэн сэтгүүлч холбогдож “Нийслэлийн намын даргад өрсөлдөх гэж байгаа юм уу, сошиалаар ийм мэдээлэл яваад байх юм” гэж асуулаа.
МАН-ын 28-р их хурлаас байгуулагдсан Бага хурлын гишүүд надад итгэл хүлээлгэж намын Ерөнхий нарийн бичгийн даргаар хоёр дахь удаагаа сонгосон. Энэ бол миний хувьд нэр төрийн хэрэг бөгөөд энэ итгэлийг зүтгэлээр хариулахаар зорин ажиллаж байна. 2016 оны сонгуульд амласан мөрийн хөтөлбөрөө биелүүлж, улс орноо эдийн засгийн хямралаас гаргаж, нийгэмд тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхийн тулд МАН-аас явуулж буй үйл ажиллагаанд хяналт, шаардлага тавьж ажиллах нь Намын ерөнхий нарийн бичгийн даргын хийх гол ажил. Тодруулбал миний үндсэн үүрэг.
Мөн энэ цаг үед МАН-д бодлого, шинэчлэлийн ажил ид өрнөж байна. МАН-ын 28 дугаар их хурлаас сонгогдсон намын шинэ удирдлага “Шинэчлэл, хөгжлийн хөтөлбөр” боловсруулахаар ажиллаж байгаа. Бид намынхаа бодлого боловсруулах чадварыг сайжруулах, гишүүдийнхээ улс төрийн мэдлэг боловсролыг дээшлүүлэх талаар олон ажил эхлүүлээд ид явж байна. Энэ бүх үйл ажиллагааг удирдан чиглүүлэх нь Ерөнхий нарийн бичгийн дарга миний гол үүрэг юм. Энэ үүрэг, хариуцлагаас зугтах бодол надад алга.Иймд намайг Нийслэлийн намын дарга болно, улмаар засаг дарга болно хэмээн эмээж буй нөхдөд хэвлэлээр явуулж буй элдэв гүтгэлгээ зогсоохыг зөвлөж байна” гэж бичжээ.