УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар зөрчлийн тухай хуулийн төслийн талаар УИХ-ын гишүүн Ц.Нямдорж байр сууриа илэрхийллээ.
Тэрбээр”Эрүүгийн хууль, Зөрчлийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах ажлын хэсгийг байгуулж өнөөдөр өглөө яам руу санал авахаар явууллаа. Намайг Хуульзүйн яаманд очоод С.Зориг агсны хэрэг, Эрдэнэтийн 49 хувийг ярихаас өөр ажилгүй мэт зарим хүн ярьсан байна лээ. Зөндөө ажил надад байна. Эрүүгийн хууль, Зөрчлийн хууль хоёр хэрэгжээд нэг жил ч бараг хүрээгүй байна. Нэг жилийн хугацааны хэрэглээний явцад ийм дайны том хуулийн согог ерөөсөө гарч ирдэггүй. 2-3 жилийн дараа согог нь бүрэн гарч ирж шинэчлэгддэг ийм л эд. Тиймээс хуулийн хэрэгжилтийг тодорхой хэмжээнд ажиглах хэрэгтэй.
Хоёрдугаарт, Засгийн газраас өргөн мэдүүлсэн Захиргааны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах заалтын талаар хатуу хөтүү үг ярьж байна. Та нарын ингэж ярих нь зөв. Би шүүмжлэлийг нь хүлээн авч байна. Гэхдээ нөгөө талаас яагаад үүнийг оруулж ирэв гэдгийг бодоорой.
Өнөөдөр Засгийн газрын шийдвэрийг зүгээр нэг шүүгч хянаад танил талын захиалгаар шийдвэр гаргадаг болсон байна. Үндсэн хуульд Засгийн газрын шийдвэрийг Засгийн газар өөрөө эсвэл УИХ хүчингүй болгоно гээд заачихсан байдаг юм. Захиргааны шүүхэд Засгийн газрын шийдвэрийг харьяалуулаагүй юм. 2005 онд гомдол гарсны дагуу Үндсэн хуулийн цэц хуралдаж, Засгийн газрын шийдвэрийг Захиргааны шүүх хянахгүй гэдэг шийдвэрийг гаргасан. Энэ нь хүчинтэй байгаа шийдвэр. Маргаан үүсгээд ажил боомилж хулгайч нарын талд захиалгаар ажиллаж байна.
Үүнийг таслан зогсоох гэж би тус хуулийн төслийг оруулж ирсэн. Үүнд би хатуу зогсох болно. Хэн ямар хатуу үг хэлэх нь надад сонин биш. Харин надад Монголын хувь заяа сонин байна. Дуртай нохой болгоноо над руу тавь. Би тэвчинэ. Эх орон чинь хайран байна шүү.
Шүүхийн ялзралыг ярих цаг нь болсон. Зарим хүн хайч хөдөлж эхлэхгүй байна гэж ярьсан байсан. Хайч чадан ядан хөдөлж байгаа. Хажуугаас нь бахь хавчаад маш төвөгтэй байна. Дахиад л захиалгаар, мөнгөөр. Энэ үнэнийг ард түмэн мэдэх ёстой. Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийг хүртэл тоодоггүй шүүхтэй болсон шүү. Анх Захиргааны шүүхийг байгуулах саналыг гаргаж батлуулж байсан миний бие болохгүй бол Захиргааны шүүхийг татан буулгана шүү” гэв.