Хэнтий аймагт явагдах Улсын Их Хурлын 42 дугаар тойрогт нөхөн сонгууль товлон зарлах, санал авах өдрийг тогтоох тухай” УИХ-ын 62 дугаар тогтоол Үндсэн хууль зөрчсөн эсэх асуудлаар нэр бүхий хуульчид Монгол Улсын Үндсэн хуулийн цэцэд гомдол гаргасан юм.Энэ дагуу Үндсэн хуулийн цэц маргаан үүсгэн шалгаж, дунд суудлын хуралдаанаар хэлэлцүүлэхээр болжээ.
Уг хуралдаан болохын өмнө Сонгуулийн ерөнхий хорооноос тайлбар авах шаардлагатай байгаа тул Үндсэн хуулийн цэцийн гишүүн Дамдинсүрэнгийн Солонго тус хороонд хандаж албан бичиг илгээсэн байна. Албан бичгийн хариуг наймдугаар сарын 20-ны дотор ирүүлэхийг хүсчээ.