Үнэнд гүйцэгдсэн спикер

60 тэрбумын бичлэгээс болж, УИХ-ын дарга М.Энхболд үнэнд гүйцэгдэж, Үндсэн хуулийн цэцийн хаалга татахдаа тулж байх шиг.  Авлигатай тэмцэх газар тэрхүү бичлэгийг “Эх хувь нь олдоогүй, нотлогдоогүй” гэх шалтгаанаар хав дарж ирсэн ч нээлттэй сонсгол хийх УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнийн саналд бүдэрлээ.

Хэрэв төрийн албыг зарж, 60 тэрбум босгох тухай энэхүү яриа гүтгэлэг байсан нь үнэн юм бол яагаад хаврын ээлжит чуулган завсарлахаас урьтаж, энэ асуудлыг цэгцэлж болоогүй юм бэ. Яагаад Ерөнхийлөгч хоёр ч удаа УИХ-ын ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулах санал гаргаж, тов хүсээд байхад өнөөдрийг хүртэл хариу өгөлгүй, хууль зөрчив.

Монгол Улсын Үндсэн хуулийн 27 зүйлийн 3 дахь хэсэгт “Улсын Их Хурлын гишүүдийн гуравны нэгээс дээшихийн шаардсанаар, эсхүл Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын даргын санаачилгаар ээлжит бус чуулган чуулж болно” гэж заасан.

УИХ-ын ээлжит бус чуулган зарлан хуралдуулахыг Л.Оюун-Эрдэнэ нарын 25 гишүүн дэмжсэн байгаа. Дээр нь Ерөнхийлөгч ээлжит бус чуулган зарлах саналыг хоёр ч удаа гаргалаа. Харин тов тогтоох эрх зөвхөн УИХ-ын даргад байх энэхүү бүрэн эрхээ хувийн зорилгодоо ашиглаж, хууль зөрчих нь хэр зөв юм бэ. Хууль тогтоох дээд байгууллагын дарга нь ийм эрээ цээргүй аашилж болдог юм уу.

Нээлттэй сонсгол хийх асуудал нь хэн нэгний мууг үзэх гэхээс илүүтэй төрийн албыг зарж, мөнгө босгодог тогтолцоо байна уу, үгүй юу гэдгийг л мухарлах эцсийн зорилго бий. Ганц Н.Оюун-Эрдэнэ тэргүүтэй 25 гишүүнд ийм хүсэл байгаа юм биш, Монголын ард түмэн энэ бүхний учрыг олохыг хэдэн жилийн турш хүссэн.

Сая Турк иргэнийг үл таних этгээдүүд хулгайлсан тухай дуулиан дэгдэхэд “Турк захирал яах вэ. Наад 60 тэрбумын луйвар аюулын харанга шүү” гэх байр суурийг зарим иргэн цахим хуудсаараа дамжуулан жиргэсэн. Энэ үнэн. Яагаад гэвэл Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн дарга Э.Идэрцог “60 тэрбумын асуудлыг бид эвлүүлэг гэж үзээгүй. Энэ хэргийн эх материал нь олдохгүй байгаа учраас прокурорт хандаж хэргийг хаасан” гэх тайлбар хийснээс үзсэн ч яах аргагүй цаг алдалгүй мухарлах ёстой асуудал юм. Хэрэв хуулийнханд ярианы эх хувь олдохгүй байгаа юм бол яриаг бичиж аван цацсан гэх Г.Доржзодовыг оролцуулаад яагаад нээлттэй сонсгол хийж болдоггүй юм.

Өнгөрсөн өвөл УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Л.Болд нар Тагнуулын ерөнхий газрын дарга асан Б.Хурцыг оролцуулаад нээлттэй сонсгол хийж л байсан. Тэндээс ард түмэн олон зүйлийг үнэнээр нь мэдэж авсан.

С.Зориг агсны амь насыг бүрэлгэсэн гэх хэргийн эздийг тогтоосон тухай хууль хяналтын байгууллагынхны ажиллагаа хуудуутай болсон юм биш үү гэх ойлголтыг тэрхүү нээлттэй сонсголоос л авсан.

Б.Хурц гэх чекист хэн бэ гэдгийг ч таньж чадсан. Нээлттэй сонсгол бол хэн нэгнийг яллаж, шүүдэггүй, гагцхүү байгаа бодит үнэнээ дэлгээд л ярьдаг шударга хэлэлцүүлэг.

Нээлттэй сонсголын ач холбогдол энэ. Харамсалтай нь, нээлттэй сонсгол хийх санаачлага гарсан үеэс өдийг хүртэл хойшлуулж, эцэстээ хууль зөрчсөнөөр УИХ-ын дарга Үндсэн хуулийн цэцийн хаалга татаж мэдэхээр болсныг зарим хэвлэлүүд бичжээ.

Үнэндээ бол Ерөнхийлөгчийн УИХ-ын ээлжит бус чуулган зарлан хуралдуулах саналыг дэмжиж байсан нэг хуульч Цэцэд хандахад л УИХ-ын дарга “шүүгдэх” болно.

Тэр цагт хууль зөрчсөн үйлдлээ хаацайлах аргагүй болно.

Учир нь Монгол Улсын Үндсэн хуульд УИХ-ын гишүүдийн гуравны нэг нь ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулахыг хүссэн бол Ерөнхийлөгч мөн хүсэлт гаргавал ээлжит бус чуулган зарлах товыг УИХ-ын дарга гаргана гэсэн заалт бий. Цагаан дээр хараар бичсэн энэ хуулиас бултах арга байхгүй.

Хэвлэлүүдээр хууль зөрчсөн үйлдлээсээ болж УИХ-ын даргын суудлаасаа огцрох уу, эсвэл Авлигатай тэмцэх газрын дарга Х.Энхжаргалыг явуулж суудалдаа үлдэх үү гэдэг мэдээлэл гараад эхэлсэн байна билээ. Энэ ч бас том тактик шүү.

Д.Дорж

Эх сурвалж:medeelne.mn

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Шинэ хоршоо” хөтөлбөрийн хүрээнд малчдын сарын орлогыг 5 сая төгрөгт хүргэх боломжийг бүрдүүлнэ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл өглөө. ЗГХЭГ-ын …